Д.ОЮУНЧИМЭГ
Монгол Улсын эдийн засгийн “Т21” загварыг өчигдөр танилцууллаа. Энэхүү загвар нь 67 салбарыг хамарч байгаа бөгөөд салбар хоорондын хамтын ажиллагаа сайжирч, тогтвортой хөгжилд нааштай нөлөөлөхөд дэмжлэг болох гэнэ.
“Т21” ЗАГВАР ЦОГЦООР НЬ ХАРУУЛЖ ЧАДНА
Эдийн засгийн хөгжлийн яамны газрын даргын орлогч Г.Батхүрэл
-“Т21" загварчлалыг хэзээ оруулж ирсэн бэ. Яагаад энэ загварыг сонгов?
-Эдийн засгийн хөгжлийн яам, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн техникийн туслалцаатайгаар “Т21” загварын Монголд нутагшуулж байна. Энэ ажлыг нэг жилийн хугацаанд хийсэн. Ер нь маш олон загварууд байдаг. Гэвч энэ загвар нь бусад загвараас байгаль орчин, эдийн засаг, нийгмийн үзүүлэлтүүдийг цогц байдлаар харуулж чаддаг. Төрийн болон Засгийн газрын бодлого хэрэгжихэд “Т21” цогц байдлаар харуулж чаддагаараа давуу талтай. Макро эдийн засгийн “Т21” загварыг зөвхөн төлөвлөлтийн байгууллагууд ашиглаад зогсохгүй хувийн хэвшлийнхэн ч хэрэгжүүлэх боломжтой. Тухайлбал, АНУ-ын “Женерал моторс” компани бизнесийн төлөвлөгөөгөө гаргахдаа ашигладаг юм билээ.
-Манай улсын эдийн засгийг энэ загвараар гаргаж үзсэн үү?
-Энэ загварын анхны хувилбараа гаргаад яамдуудад танилцуулж байна. Нэг жилийн хугацаанд энэ загвар дээр ажилласан. Үүнийг гаргахад 2000 тэгшитгэл ордог. Нийт 67 дэд салбар багтдаг. Нэг тэгшитгэлд өөрчлөлт ороход эдгээр салбаруудын уялдаа холбоогоор нийт эдийн засаг, байгаль орчин, нийгэмд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг харуулна. Тухайлбал, бодлогын нөлөөллийг гаргаж үздэг. Хүүхдийн мөнгө тараахад нийгэмд ямар нөлөө үзүүлэх, мөн уурхай ашиглахад эдийн засаг болоод байгаль орчинд хэрхэн нөлөөлж байгааг “Т21” загвар цогцоор харуулж чадна.
-Оюутолгойн бүтээгдэхүүн гаргах үе эхэлж байна. Энэ үед манай улсын эдийн засагт ямар нөлөө үзүүлэхийг “Т21” загвараар тооцож үзсэн үү?
-“Оюутолгой” бүтээгдэхүүнээ гаргах үеийг манай улсын эдийн засагт нөлөөлөх нөлөөллийг энэ загвараар гаргаж үзсэн. Манай ДНБ-ийг найман хувиар өсөхөөр харагдаж байгаа. Харин байгаль орчны нөлөөллүүдийг тодорхой хэмжээгээр гаргасан. Гэвч одоогийн судалгаа нь эцсийн байдлаар гараагүй. Ирэх оны гуравдугаар сард бүрэн тодорхойлох боломжтой. Тиймээс үүнээс гарах үр дүнг харж байгаад тоглох боломж гарна.
-“Т21" загварыг бусад яамдууд хүлээн зөвшөөрч байгаа юу?
-Дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, 40 гаруй улсад ашигладаг. Тиймээс сайн, муу гэж маргах зүйлгүй. Хөгжлийн бодлого нь ганц загвараар тодорхойлогдохгүй. Алдаа, оноо, дутуу үнэлэх явдал болон практикт алдаа гарч болно. Энэ загвараар гаргаж чадахгүй байгаа хөгжлийн бодлогыг өөр загвараар нөхөх боломжтой. Загварын үзүүлэлт нь манай улсын эдийн засаг, нийгэм, байгаль орчинд яаж нөлөөлөх вэ гэдгийг гаргана. Харин үүнийг үндэслэн бодлого боловсруулж болно.
“Т21” ЗАГВАРЫГ АМЬДРАЛД АШИГЛАЖ ЭХЛЭЭГҮЙ БАЙНА
Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.ЖАВХЛАН
-Хөгжлийн “Т21” загварыг олон улсад туршсан учраас бид маргах зүйлгүй гэж байна. Мөн 67 дэд салбарыг хамарсан гэсэн. Ер нь энэ загвар нь манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол. Монголбанкны бодлоготой хэр нийцэж байна гэж харж байна вэ?
-Эдийн засаг хөгжлийн яамнаас “Т21” загварыг манай улсын хөрсөнд буулгах танилцуулга хийж байна. Энэ маш сонирхолтой загвар юм. Бид өмнө нь хөгжил гэхээр эдийн засгийн талаас нь дунд болон урт хугацааны төлөвлөлтүүдийг ярьдаг байсан. Харин энэ загварын гол онцлог нь зөвхөн эдийн засаг биш бусад бүх салбарыг хамруулж байна. Энэ загварыг бид өнөөдөр сонирхож байгаа юм биш. Анх 10 гаруй жилийн өмнөөс хөгжиж эхэлснийг нь Монголын хөрсөнд буулгах гэж байна. “Т21” загварыг бараг 30-аад улс дэд бүтэц болон цогц хөгжлийн загвартаа ашигласан байдаг.
-2000 гаруй тэгшитгэлээр бодож гаргана гэж байна. Энэ нь бусад салбарт нөлөөлөх нөлөөллийг нарийвчилж байна гэж үзэж болох уу?
-60 гаруй салбар нь нийгэм, эдийн засаг, байгаль орчинд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг тодорхойлохын тулд дэд салбар тус бүрт нь өгөгдлүүд оруулж хөгжлийн загвараа гаргадаг. Эдийн засгийн өөрчлөлтийг бид загварчилж чадна. Байгаль орчин, нийгмийн үзүүлэлтэд энэ загварын томъёололыг оруулснаараа онцлог.
-Ирэх жил инфляцийг найман хувьд барих боломжтой гэж байгаа. Харин энэ загвар үүнд ямар нөлөө үзүүлэх бол?
-Загвар нөлөөлнө гэж юу байхав. Гэхдээ “Т21”-ийг ашиглах хэрэгтэй. Бид энэ загварыг шууд амьдрал дээр ашиглаж эхлээгүй байна. Магадгүй бусад салбарын асуудлыг тооцоолоогүй нөлөөлөл бий. Байгаль орчин, нийгмийн асуудлуудад тусгаж харахад сонирхолтой дүр зураг харагдахыг үгүйсгэхгүй.
БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн:
-“Т21" загварыг ашиглахад танай яамны зүгээс хэрхэн хандаж байна вэ. Энэ загвар манай хөрсөнд буух боломжтой юу?
-Мэдээж манай улсын хөрсөнд зайлшгүй буулгаж таарна. Бид мөнгөтэй болоод түүнийг яаж хуваарилах вэ гэдэг асуудал тулгамдаж байгаа. Ажил явахгүй байгаагийн гол шалтгаан шинжлэх ухааны үндэслэлтэйгээр төлөвлөгөө гаргадаг арга байхгүйтэй холбоотой. Харин одоо “Т21” загварыг авч байгаа нь хийж байгаа ажил бодитоор хэрэгжих үндэс болох юм байна гэж бодож байна.
-Энэ загвар танай салбарт хэрхэн нөлөөлөх бол?
-Манай салбарын хувьд хоорондоо уялдаа холбоогүйгээр асуудалд хандаж байсан учраас үр дүнгүй ажил олон хийсэн байдаг. Тэгэхээр үүнийг л цэгцлэх боломж бүрдэж байна гэж бодож байна. Хамгийн гол нь судалгаанд үндэслэсэн шинэ загвар гаргаж байгаа нь цаг үеэ олжээ.