Б.СОЛОНГО
Засгийн газар таван тэрбум ам.долларын бондыг олон улсад гаргана гэнэ. Тэр мөнгийг халамжид зарцуулахгүй. Зөвхөн дэд бүтэц, төмөр зам, цахилгаан станц зэрэг үр бүтээлтэй төслийг санхүүжүүлнэ гэж Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр тайлбарлаж байна. Манай улс анх удаа олон улсад ихээхэн хэмжээний хөрөнгө босгох бонд гаргах гэж байна. Асуудал бүрэн шийдэгдээгүй ч хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг гишүүд дэмжсэн юм.
Ингэхэд бонд гаргана гэдэг нь юу гэсэн үг вэ. Бонд бол тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа тодорхой хүүгийнх нь хамтаар эргүүлэн төлөхийг амласан үнэт цаас. Засгийн газрын бонд нь улсын төсвийн хөрөнгөөр баталгааждаг тул хамгийн найдвартай, эрсдэлгүй үнэт цаасанд тооцогддог аж.
Өөрөөр хэлбэл манай улсын Засгийн газар төсвөө барьцаанд тавиад гадаадын банкуудаас таван тэрбум ам.долларыг зээлэх гэж байгаа юм. Ингэхдээ жилийн дөрвөн хувийн хүү төлнө. Эхний таван жил ийм хүүг төлөөд, дараачийн арван жилд гурван хувь болгож бууруулна гэлээ. Эдийн засгийн хөгжлийн сайдын хэлж байгаагаар таван тэрбум ам.долларын бондыг ганцхан өдөр гаргачихгүй юм байна. Ийм тохиолдолд манай улс энэ зээлийн хүүнд жилдээ 200 сая ам.доллар төлнө. Тодруулбал, өдөрт ойролцоогоор 739 сая төгрөгийг зөвхөн хүүнд нь төлөх юм. Гэхдээ эхний ээлжинд зөвхөн төмөр зам барихад зориулж 1.5 тэрбум ам.долларын бонд гаргах тухай яригдаж байгаа. Тэгвэл энэ мөнгөний хүүнд хэдийг төлөх вэ. Жилд 60 сая ам.доллар буюу төмөр замаа барьж, ашгийг нь хүртэж гадаадаас зээлсэн мөнгөө буцааж төлөх хүртэл өдөрт ойролцоогоор 220 сая төгрөг манай улсын төсвөөс гарна гэсэн үг. Энэ мөнгийг үр дүнгүй урсгачихгүйн тулд төсөл хөтөлбөрөө бэлэн болгох ёстойг УИХ-ын гишүүд сануулж байлаа.
Энэ талаар эдийн засагчид ч байр сууриа илэрхийлсэн. “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэсэн зүйр үг байдаг. Яг түүнтэй л адил. Мөнгө нь бэлэн болчихдог. Харин төсөл нь байхгүй бол өдөрт 220 сая төгрөгийг зүгээр л урсгаж байгаатай адилхан хэрэг болно. Манайд ийм туршлага бий юу гэвэл байгаа. Ганцхан жилийн өмнө Хөгжлийн банкны 600 сая ам.долларын бондыг жилийн 5.75 хувийн хүүтэйгээр Европын банкуудад худалдсан юм.
Тухайн үед энэ хөрөнгөөр төмөр зам, цахилгаан станц, орон сууц, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор зэргийг санхүүжүүлнэ гэж яг өнөөдөртэй адилхан зүйлийг ярьж байлаа. Харамсалтай нь бүтээгүй. 600 сая ам.доллар ердөө л бэлэн мөнгөний амлалтыг биелүүлээд дууссан гэдгийг бүгд мэдэж байгаа. Энэ бондын хүүг төлж дуусаагүй. Монгол Улсын төсвөөс өдөрт 120 сая төгрөг зүгээр л урсаж байна. Тэгэхээр бонд гаргана гэдэг тоглоом биш. Тэр мөнгийг юунд хэрхэн зарцуулахыг маш нарийн төлөвлөсний дараа асуудлыг шийдэх хэрэгтэй гэж учир мэдэх хүмүүс зөвлөж байна.
Учир нь мөнгө хэзээ ч олдоно. Байгалийн баялгаар дэлхийд гайхуулж байгаа Монгол Улсын Засгийн газрын бондыг гадаадынхан сонирхохгүй байхаас аргагүй. Таван тэрбум долларын бондыг худалдаж авахад бэлэн гэдгээ гадаадын банк, санхүүгийн арав гаруй байгууллага илэрхийлчихсэн гэсэн.
Улсын төсвийн алдагдал хоёр дахин нэмэгдчихсэн энэ үед олон улсад бонд гаргахаар яаравчилж байгаа нь төсвийн цоорхойг нөхөх зорилготой ч байж мэднэ гэж хардах хүн ч бас цөөнгүй байна.