Б.СОЛОНГО
Үндэсний статистикийн хорооноос сар бүр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг тоон тайлангаар гаргадаг билээ. Тус тайлангаас хэр үнэтэй хүнс хэрэглэж, ямар өртөгтэй үйлчилгээ авч, халааснаасаа хэдэн төгрөгийг яг юунд зарцуулж байгааг бид олж мэддэг. Энэ оны эхний есөн сарын байдлаар хэрэглээний үнийн улсын индекс буюу бидний хэлдгээр инфляц өмнөх сараас нэг хувиар нэмэгдчихэж. Энэ нь жилийн өмнөхөөс 14.8 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гэлээ. Өөрөөр хэлбэл, бидний эдэлж, хэрэглэж байгаа хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ ерөнхий дүнгээрээ өссөөр л байна. Инфляц нөлөөлөхөд шалтгаан байдаг. Энэ сарын хувьд тэр шалтгаан нь архи, тамхины үнэ гэнэ. Тодруулбал, өнгөрсөн сард онцгой албан татварыг нь хоёр дахин нэмэх шийдвэр гаргасан УИХ-ын тогтоол өнөөдөр бидний халаасыг эргээд тэмтэрч байгаа нь энэ. Архи, тамхины үнэ 39.9 хувиар өссөн нь инфляцид нөлөөлсөн гэсэн үг. Тамхины үнэ нэмэгдэхэд л улсын инфляц бүтэн нэг хувиар нэмэгддэг жижигхэн эдийн засагтай юм бид. Өнгөрсөн сард инфляц өмнөх сараасаа мөн л 0.7 хувиар нэмэгдсэн. Үүнд нь сургалтын төлбөрийн хэмжээ нөлөөлсөн гэж байсан. Өмнөх сард нь хүнсний ногоо, түүний өмнөх сард нь махны үнэ нөлөөлж байв. Ерөөсөө л тухайн сард зах зээлд ямар үйл явдал болно, түүнийг нь дагаад улсын хэрэглээний үнийн индекс нэмэгдчихдэг. Уг нь энэ хамаарлыг зохицуулдаг бодлого байх ёстой. Манайд харин эсрэгээрээ. Гэтэл биднээс 500 дахин их хүнтэй, түүнийг дагасан асар том зах зээлтэй Хятад улсад инфляцийн хэмжээ дөнгөж 3.2 хувь байна. Энэ тоог дахин бууруулна гэж эрх баригчид нь амалсан. Манайх шиг мах, тамхины үнэ нэмэгдэнгүүт инфляц өсчихдөг жишгийг хэрэв эрүүл эдийн засаг гэж бодвол зах зээлд нь бум бужигнаж, түм түжигнэж байдаг Хятад улсад юу болох байсан бэ. Тэд хэрэглээний үнийн индексийг нэг байтугай бутархай тоогоор хэмжигдэх нэгжээр өсөхөд л зохицуулах бодлого хэрэгжүүлж, байдлыг хэвийн болгож чаддаг. Харин манайд нэмэгдэж л байвал энгийн үзэгдэл мэт ойлгодог болчихсон.
Энэ сарын тайланд анхаарал татсан тоонууд бас байна. Манай улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн хэмжээ эхний есөн сард 3485.8 тэрбум төгрөг байхад нийт өрийн хэмжээ нь 4043.7 тэрбум төгрөг гэнэ. Ийнхүү улсын төсөв 557 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Гадаад худалдааны тэнцэл ч мөн сайнгүй байна. Хоёр тэрбум гаруй ам.долларын алдагдалтай болчихож. Ердөө л сарын өмнө гадаад худалдааны алдагдлын хэмжээг өндөр байна гэж байсан бол энэ сард дахиад 628 сая ам.доллараар нэмэгдчихсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, бид үйлдвэрлэж, экспортлохоос илүү импортын барааг ихээр оруулж байгаа нь гадаад худалдааны тэнцлийг гажуудуулахад хүргээд байна. Энэ нь ч бас шалтгаантай. Экспортын 98.2 хувийг эзэлдэг ашигт малтмалын бүтээгдэхүүний ханш уналттай хэвээр л байгаа юм.