Уул уурхайн томоохон компаниудын нэг “Монголын алт” Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас 250 сая ам.долларын зээл авах болсон тухайгаа мэдээллээ. Энэ зээлээр Цагаансуваргын зэсийн төслийн санхүүжилтийг хийх юм. Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ) зээл олгож буй байгууллагуудын төслийн ажлын олон улсын стандартыг хангаж буй эсэх, байгаль орчин, нийгмийн нөлөөлөл зэргийг нь харгалзан үздэг байна. Эдгээр шаардлагыг “МАК”-ийн Цагаансуваргын зэсийн төсөл хангаж буйг тус банк онцолжээ. Дорноговь аймагт орших Цагаансуваргын орд нь одоогийн байдлаар 1.3 сая тонн нөөцтэй нь тогтоогдсон байна. Нэмэлт судалгаагаар нөөц нь өсөх боломжтой ажээ. Мөн уг хэсэгт Молибденийн үлэмж их баялаг агуулагдаж буй нь тогтоогджээ.