Ч.ҮЛ-ОЛДОХ

 

Сангийн дэд сайд О.Чулуунбаттай улсын төсөв, мөнгөний бодлогын тухай  ярилцлаа.

 -Улсын төсөв, мөнгө­ний бодлого хоорондоо зөрчилдөхгүй гэх баталгаа алга. Энэ талаар та ямар байр суурьтай байна?

-Мөнгөний бодлого, улсын төсөв  хоорондоо зөрчилдөх ёсгүй. 

-Гэхдээ өмнө нь зөрчилдөж ирсэн туршлага бий шүү дээ. Тиймээс ингэж асууж байгаа юм?

-Урд нь зөрчилдөж  байсан тал бий. Энэ жил мөнгөний бодлого, улсын төсөв, хөрөнгө оруулалтын асуудлыг өмнө нь ярьж тохиролцсон. Монгол­банк­­ны шинэ удирд­лагатай ярьж  байж оруул­сан. Мөнгөний бодлого хөгжилд саад болохгүй, энэ талаасаа  дэвшилттэй байгаа.

-Өмнө нь Монголбанк  мөнгөнөөс айдаг байсан биз дээ?

-Монголбанк мөнгө орж ирэхээр айдаг байсан үе бий. Одоо мөнгөнөөс айх хэрэггүй болсон. Бид шинээр мөнгө оруулж бай­­гаа бол төсвийн алдагдлыг нэмэх­гүй гэсэн хатуу чиглэлтэй байгаа. Төсвийн алдагдал ихэс­вэл, инфляц болно. Арил­жааны банкууд болон манай  банкны салбарт муу зээл ихэсвэл алдагдал болдог гэсэн дэлхийд шал­гагдсан хатуу практиктай. Тиймээс бид хэд   хэдэн зарчмыг  хатуу баримтлах  хэрэгтэй.

-Тухайлбал?

-Ялангуяа, төсвийн алдагдал, муу зээл хоёрыг. Мөнгө их орсноос төсвийн алдагдал болдог гэвэл худал номлол. Оюутолгойд өнөөдөр жилдээ  хэдэн   100 сая ам.доллар орж байгаа шүү дээ. Доллар болгоны араас сайн   бараа  ирж байна. Монголын төгрөг болгоны ард сайн бараа,мах, сүү цаашилбал нүүрс, зэс маань байна гэдэг чинь инфляц болох­гүй гэсэн үг.   Энэ утгаар улсын төсөв, мөнгөний бодлого маш сайн зохиц­сон. Тиймээс инфляц бо­лохгүй, хөгж­лийг урагш нь түлхсэн гэж үзэж байгаа.

-Ирэх онд эдийн зас­гийн хямрал  болно гэж улс орнууд ярьж байна. Хямралыг урьдчилж харах боломжгүй ч  түүнээс сэргийлэх тухайд ямар алхам хийж байна?

-Болзошгүй хямралыг тооцсон төлөвлөгөөнүүд  хийгдэж байгаа.  Сангийн яам, Эдийн засгийн яам, Монголбанк харилцан тохиролцож  бодлогын арга хэмжээ авч байгаа.

-Манай зарим улс­төрчийн амнаас “Бид бодлогоо сайн тодорхойлж чадвал хямралд өртөлгүй гарч чадна” гэсэн үг сонсогдож байгаа нь хэр бодитой вэ?

-Бүрэн боломжтой.

-Ямар үндэслэл байна?

-Тухайлбал, Хятадын эдийн засаг хямралгүй байна. Манай дийлэнх худалдан авагчид Хятад руу экспорт хийж байгаа. Хятад улс манай орлогын дийлэхийг өгч байна. Тэдний эрэлт, хэрэгцээ дуусахгүй. Ойрын 30 жил­дээ манайхаас  маш их хэмжээний түүхий эд  авах нөхцөл бий. Түүнд хамгийн өрсөлдөх чадвар­тай, хамгийн их хэмжээ­гээр сайн чанарын түүхий эд нийлүүлэх боломжтой орон нь Монгол Улс. Тий­мээс бид хямралд орох­гүйгээр гарах бүрэн боломж бий.

-Гэхдээ  УИХ 2011 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэхдээ тааруухан дүн тавьсан шүү дээ?

-Төсвийн гүйцэтгэл  муухан  байгаа. Яагаад гэвэл, Хятадын эдийн засгийн өсөлт жаахан буурсантай холбогдоод, нөгөө талаас манай дотоод асуудал, хууль эрхзүйн орчин өөрчлөгдөж байгаа­гаас  гадаадын хөрөнгө оруулагчид, гаднын мөнгө зугтсан.

-Сонгуулиас хойш нөх­цөл байдал өөрчлөгдөж байгаа  болов уу?

 -Мөнгө эргээд орж байгаа нь  ажиглагдаж байна.

-Эцэст нь асуухад, Монголбанк төрийн мөнгөний бодлоготой байр суурь зөрөлддөг, хямрал болон болзошгүй зардлыг бие бие рүүгээ түлхдэг явдал гарахгүй гэж найдаж болох уу?

-Түүнийг ирж байгаа хугацаанд харъя. Улсын төсөв, мөнгөний бодлого зөрчилдөхгүй байх ёстой. Төрийн бодлоготой  Мон­гол­­банк байр суурийн зө­рүү­гүй ажиллах учиртай. Эх орныхоо хөгжлийг дэмж­сэн, олон түмнийг ажилтай, орлоготой болгосон ийм л бодлого байх ёстой.