Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулсан Засгийн газрын ажлын хэсэг Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар шалгарсан түншлэлийн гишүүн болох MCS корпорацийн “Энержи Ресурс” ХХК, Хятадын “Шинхуа ” компани, Японы “Сумитомо” корпорацитай өнгөрсөн оны сүүлчээр хэд хэдэн хэлэлцээг хийж амжсан.
Эх сурвалжийн мэдээллээр уг гэрээг 2016 ондоо багтаан байгуулахаар төвөвлөөд байсан аж. Гэсэн ч тэдний нууцлаад байсан янз бүрийн тохироо ил болсноор уг асуудлыг УИХ, Засгийн газрын төвшинд хэлэлцэхийг түр хойшлуулсан юм. Өөрөөр хэлбэл, Хятадын “Шинхуа” компани Чалкогийн өрийн үлдэгдлийг тэглээд, дээрээс нь 400 сая ам.доллар өгч, Тавантолгойн 49 хувийг, удахгүй барих төмөр замын 49 хувьтай эзмшихээр “ярьж” байгаа. Улмаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдод TTJV компаниас ирүүлсэн захидал, “Энержи ресурс корпораци” ХХК-ийн 34 хувийг давуу эрхийн хувьцаагаар үнэ төлбөргүйгээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эзэмшүүлэх ерөнхий нөхцөл зэрэг мэдээллүүд ил болсон.
Тэгвэл 2016 оны арванхоёрдугаар сарын 26-нд болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар Тавантолгойн гэрээг хэрхэх вэ гэдгийг нэлээд ширүүн хэлэлцсэн байдаг. Ширүүн гэдэг нь гэрээг явуулаад дуусгах хэрэгтэй гэсэн байр суурьтай хэсэг, нөгөө талд үүнийг эсэргүүцсэн гишүүд байсан аж. Хурлын эцэст тус бүлгийн зарим гишүүн хүчтэй эсэргүүцэж чадсанаар түр хойшлуулахаар болсон юм. Энэ үеэр УИХ-ын гишүүдээс Б.Жавхлан, Л.Энхболд, Л.Оюун-Эрдэнэ нар ашиггүй гэрээг эсэргүүцнэ гэж байсан бол Засгийн газрын гишүүдээс Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар дээрх гишүүдтэй санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Өөрөөр хэлбэл, 2016 он гарахаас өмнө олон нийт тодорхой бус мэдээлэлтэйгээр, үнэгүйдүүлэн гэрээлэх гэж байсныг түр хойшлуулахад ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын оролцоо өндөр байсныг эх сурвалж хэлж байна. Ер нь ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын хувьд иймэрхүү томоохон асуудалд олон нийтийн санаа бодлыг сонсч, тэдний талд зогсдог. Ингэхээр Тавантолгойг зөв “хөдөлгөх” найдлага нь Ж.Мөнхбат болоод байгаа бололтой.
Нөгөө талаар түр хойшилсон Тавантолгойн гэрээг тун удахгүй үргэлжлүүлнэ. Тавантолгойг “хөдөлгөх” зайлшгүй шаардлагатай, гэхдээ зөв гэрээлж, зөв ашиглуулах ёстой гэдгийг олон нийт шаардаж байгаа юм.