Д.ОЮУНЧИМЭГ

“Монголын эдийн засгийн чуулган-2015” ирэх сарын 2-3-нд болно. Жил бүр сонирхолтой уриатай асуудлаа хэлэлцдэг эдийн засгийн чуулган энэ удаа “Итгэлцэл” уриан дор болох юм.

ИТГЭ, ИТГЭ БАС ДАХИН ИТГЭ

Монголын эдийн засгийн чуулга уулзалтаар улс төр, эдийн засаг, хувийн хэвшил, олон улсын байгууллага, иргэний нийгмийн оролцоог түлхүү оролцуулахыг зорьдог. Зохион байгуулагчдын зүгээс уриагаа сонгохдоо манай улсад бүх шатанд итгэл дутагдаж байгааг онцлохыг хүссэн гэж байлаа. Тодруулбал, гадаадын хөрөнгө оруулагчдын Монголд итгэх итгэл буурсан, бизнес эрхлэгчид, иргэний нийгмийнхэн бүх шатандаа итгэл алдагдсан. Тиймээс бие биедээ итгэдэг байгаасай хэмээн энэ  уриаг сонгожээ. Энэ жилийн эдийн засгийн чуулган нийгэмд тулгамдсан чухал сэдвийг хөндөхөөр зэхэж буй. Хамгийн гол итгэлцэлд хүрэх, түүнийг хөрсөнд гүн суулгахын тулд олон талын оролцоог хангасан дуу хоолойны индэр нь тус чуулган болох юм. Нэг  талаас төрийн оролцогчид бодлогын шийдвэрүүдээ танилцуулж, нөгөө талаас хувийн хэвшлийнхэн татвар, хууль эрх зүй, бизнесийн орчин ямар байгаа, хэрхэн сайжруулах талаар хөндөх  боломжтой. Тиймээс бие бие дээ итгэ, итгэ бас дахин итгэ.

ТООЦООНД ОРООГҮЙ ИТГЭЛ

Гудамжаар хуурамч сэтгэл, итгэл хоёр алхаж байх юм. Хуурамч сэтгэл сэргэлэн цовоо алхална. Тэрээр хүмүүсийн анхаарлын төвөөс гарахгүй байгаагаа мэдэрчихэж. Харин итгэл гундуухан алхаж байлаа. Учир нь хэн ч түүнийг тоохгүй байгаад гомджээ. Цэнгийн туухайгаар жигнэвэл итгэл илүү жин дарна гэдгийг хэн ч тооцоолохгүй байгаад үнэн сэтгэлээ гомдсон байна. Хорвоогийн бүхий л зүйл итгэлцэл дээр тогтдог. Нийгмийг цогцлоох анхны нэгж нь гэр бүл, хосын амьдрал. Хоёр хос бие биедээ итгэж гэмээнэ гэр бүлийн амьдрал бат бөх, баяр баяслаар дүүрэн байна. Итгэл алдраад ирэхийн цагт хүссэн ч эс хүссэн ч бөхөж буй зул мэт алсардаг нь хорвоогийн жам. Түүний нэгэн адил итгэлцэлгүй нөхөрлөл, түншлэлгүй бизнес гэж хаана ч байхгүй. Ялангуяа итгэлцэлгүйгээр бизнесийн түншлэл бий болохгүй. Харин түншлэлгүй бизнес төдийлөн хол явдаггүй нь бичигдээгүй хууль хэмээн хүмүүс хэлдэг.

Хүн бүр эдийн засаг муудсан, халаас хоосорсон, ард түмэн элгээрээ хэвтлээ хэмээн цэцэрхэнэ. Гэвч тэд сайныг бус саарыг нь хэзээ ч мартахааргүй болтол нь шаагицгаадаг билээ. Бид ухаантай царайлан цахим ертөнцөөр бичиж, хэлж болох муу муухай бүхнийг түгээж байгаа. Харамсалтай нь бие биедээ итгэх итгэлээ хөсөр хаяж, гээгдүүлснээ нэг нь ч хэлдэггүй. Худал үгийг 1000 давтвал үнэн болдог гэдэг. Маргах аргагүй үнэн үг. Учир нь хэн нэгэн эрх мэдэлтэн авлига авчихаад мөнгө, хөрөнгөтэй хүмүүст улсаа золиослон үйлчилж байна гээд цахим ертөнцөд биччихье л дээ. Тэгвэл хоромын зуур хэдэн мянган лайк дарж, сэтгэгдэл бичнэ. Муулж, хорсож, үл итгэж, гоочилж бичих үг бүр нь урсах нь дамжиггүй. Гэхдээ энэ бүгдийн цаана ирээдүй хойчдоо зөвхөн “Би” гэдэг бие хүнийг бодохоос өөрийг бүү бод гэдэг суртал ухуулга газар авна гэдгийг тооцоолдоггүй билээ. Бидний бага байхад “Хүний итгэл алдах муухай шүү. Хэн нэгэн чамд итгэхгүй бол чиний бүх зүйл хаалттай болно. Тэгэхээр амласан бол амлалтаа биелүүл. Хүн чамд итгэж байхад чин сэтгэлээ хандаж бай” хэмээн аав, ээж минь сургадаг байлаа. Харин орчин цагт “Итгэж байж мэхлүүлчих вээ” гэдэг болсон нь үнэхээр харамсалтай юм. Хүн хүндээ итгэх цаг хаяанд ирснийг баяртайгаар дуулгамаар санагдлаа.

ГУНДСАН ИТГЭЛ ХЯМРАЛ БЭЛЭГЛЭВ

Монголчуудын үл итгэх зан эдийн засгийн хямралд хүргэх хамгийн том шалтгаан  байсныг үгүйсгэх аргагүй.  Болж л өгвөл хардсан, сэрдсэн араншин гаргадаг туйлбаргүй монголчуудад итгэхэд бэрх шүү дээ. Хурааж хуримтлуулсан хөрөнгөө салхинд хийсгэж, эрх чөлөөгөө хасуулчихна гэх айдас гадныхан төдийгүй дотоодын хөрөнгө оруулагчдад ч бий. Учир нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын эсрэг жагсаал, цуглаан хийж, том, том уриа лоозон барьсаар төв талбайгаа тойроод алхална. “Эдийн засгийн алуурчид”, “Байгаль орчныг хорлон сүйтгэгчид” гэсэн нэр хоч өгч, гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээчихсэн. Гэхдээ бид эндээс юу хожсон билээ. Өнөөдрийн эдийн засгийн хямралыг бэлгэнд авснаас өөр юу ч алга.

Аливаа хөрөнгө оруулагчид хөгжил буурай шинэ оронд хөрөнгө оруулахдаа аль болох урт хугацаатай байхыг хүсдэг. Мэдээж нь энэ нь итгэлцэл дээр л тогтоно. Хаврын тэнгэр мэт аашлаад байвал урт бүү хэл богино хугацаа ч олдохгүй гэдгийг тэд маш сайн мэддэг. Энэ бол жижиг, том гэлтгүй бизнесийн ертөнцөд тавигддаг эхний бөгөөд хамгийн том шалгуур.  Харамсалтай нь сүүлийн хоёр жилд хөрөнгө оруулагчдаа алдсаар ирсэн. Найрсагаар уриад ч манайхыг тоохоо больсныг судлаачид хэлдэг. Улстөрчид нь найдваргүй, хууль эрх зүйн орчин нь тогтворгүй, бодлого нь залгамж халаагүй, баг болж тоглоход хүндрэлтэй хүмүүстэй хамтарч ажиллах нь халгаатай гэдгийг тэд мэднэ л дээ. Тиймээс эрсдэлтэй алхам хийх хөрөнгө оруулагч байхгүй нь ойлгомжтой.

 

БАЛАГТАЙ ШИЙДВЭР ИТГЭЛ АЛДАРХАД ХҮРГЭЖЭЭ

“Хөрөнгө оруулагчдыг үргээчих вий” хэмээн сануулсаар байтал Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг 2012 онд сонгуулийн өмнө парламентаар батлуулсан. Урт нэртэй хуулиар далайлгаж гадаад, дотоодын компаниудын үүдийг хаасан.  Ийм нөхцөлд ажиллах хүсэл, сонирхол хэнд ч төрөх юм билээ хэмээн хөрөнгө оруулагчид халаглаж байлаа. Улстөрчид  нь эдийн засагт халгаатай хууль санаачилдаг, парламент түүнийг нь баталдаг гажиг тогтолцоо манайхаас өөр оронд байхгүй биз. Балагтай шийдвэрийн гайгаар халаасаа хоосортол гөвж, эдийн засгаа хүндрүүлсэн гэдгийг одоо ухаарах болсон. Гэвч өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэгтэй адил өөрсдийнхөө гаргасан шийдвэрийн үр дүнг амсаж суугаагаа хэн нэгэнд нялзаахыг хүсэгчид олон. Хэн нэгэн буруутай этгээд олж шүүн таслахаас урьтаад бие биедээ итгэх итгэлийг сэргээхийн төлөө хамтдаа зүтгэх хэрэгтэй юм. Засгийн газар нь эдийн засгийн хүндрэлүүдийг даван туулаааын тулд тодорхой ажлууд хийх гэхээр эсрэг бүлэг хүмүүс тэрийг нь унагаачдаг, УИХ-аар ордог хамгийн их асуудлууд бол нэг нэгнийгээ огцруулах асуудлууд. Шийдлийн Засгийн газар эхлээд итгэлцлийг яаж сэргээх үү, итгэлцэл дээр суурилсан түншлэлийг нэмэгдүүлэхээр ажиллахаа үүгээр илэрхийлж буй.

 

“ГЭЭСЭН ИТГЭЛЭЭ АВААРАЙ”

Итгэлийг алдах маш амархан. Харин олох нь тун бэрх. Өнөөдөр алга болгочихоод маргааш нь олоод авчихдаг зүйл огт биш юм. Итгэлцэл урт хугацаанд бий болдог зүйл. Гэхдээ хүмүүсийн хоорондын харилцаагүйгээр төсөөлөх аргагүй. Тэгэхээр бид харилцаандаа өөрчлөлт оруулах шаардлагатай. Гадныхан монголчуудыг “найдваргүй түнш” гэж тодорхойлдог нь зүйн хэрэг. Учир нь итгэл даах нэгээхэн ч шийдвэр гаргахгүй байгаа билээ. Энэ нь бизнес хийхэд хэцүү, хөрөнгө оруулагчдад халтай. Өөрөөр хэлбэл, Монголд хөрөнгө оруулах хэрэггүй гэсэн хандлага нийтэд түгчихэж. Тэгэхээр энэ удаагийн эдийн засгийн чуулга уулзалтаар итгэлцэлийг хэрхэн бий болгох вэ гэдэг асуудлыг хөндөх нь маш чухал. Тиймээс ч үүнийг уриагаа болгосон болов уу. Эдийн засгаа эрчимжүүлье гэвэл итгэл төрүүлэх, нэг нэгэндээ итгэж хамтран ажлуудаа урагшлуулах түүнийгээ баталгаажуулах цаг ирснийг эрхэм түшээд болон төрийн бус байгууллага, олон нийтийн төлөөллийнхөнд сонордуулъя.