Э.ӨНӨР
Ерөнхийлөгч Мод тарих үндэсний өдрийг зарласнаас хойш хоёр жилийг үдэж байна. Энэ хугацаанд зургаан удаа бүх нийтээрээ мод тарьжээ. Ирэх амралтын өдрөөр нийтээрээ мод тарина. Энэ талаар Байгаль орчин, ногоон хөгжил яамны Ойн хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Эрдэнэбаяраас тодрууллаа.
-Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш улсын хэмжээнд хэчнээн мод тарьсан бэ. Хүмүүсийн идэвх санаачлага хэр нэмэгдэж байна?
-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бүх нийтээрээ мод тарих, ойжуулалтын ажлын хүрээнд 3000 гаруй мод тарьжээ. Энэ оны хагас жилийн байдлаар 900 гаруй мод тариад байна. Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш иргэдийн мод тарих идэвх эрс нэмэгдсэн. Зарлиг гарахаас өмнө жилд 70 мянга гаруй мод тарьдаг байсан бол 2010 онд 220 мянга болж өссөн. Энэ оны хагас жилийн байдлаар 99 мянган хүн мод тариад байна.
-Иргэн, албан байгууллагууд тарьсан модоо хэр арчилдаг вэ?
-Тарьсан модоо ядаж гурван жил арчлах хэрэгтэй. Гэтэл зарим байгууллага тарьсан модоо дахин арчилж, сэргээхгүй байгаагаас болж үр дүнд хүрэхгүй байна.
-Мод тарихад зардал хэр гарч байна. Бүх нийтээрээ мод тарихад улсаас мөнгө төсөвлөдөг үү?
-Өнгөрсөн онд иргэд, албан байгууллага өөрсдийн 700 мянга гаруй төгрөгөөр мод тарьсан. Энэ онд 900 гаруй мянгыг зарцуулаад байна. Мод тарих ажилд улсын төсвөөс нэг ч төгрөг гардаггүй. Энэ нь Ойн тухай хуультай холбоотой. Хуульд Бүх нийтээр мод тарих ажлыг аймаг, дүүргийн Засаг дарга нар зохион байгуулна. 16 насанд хүрсэн иргэн бүр нэг мод, албан байгууллага, аж ахуйн нэгж таваас доошгүй мод тарина. Ингэхдээ өөрсдийн зардал, хөрөнгө мөнгөөр тарих боломжгүй бол зардал хандивлана гэж заасан байдаг.
-Бүх нийтээрээ тарьсан мод хэр ургаж байна вэ?
-Мод сөөгний ургалтыг улсын хэмжээгээр дүгнэвэл 60 гаруй хувьтай байна. Өвөрхангай, Дархан-Уул, Сэлэнгэ, Завхан, Дундговь аймгийн иргэдийн тарьсан мод тодорхой шалгуурт тэнцсэн учир урамшуулах ажлыг зохион байгуулж байна.