Б.УРАН

 

“Financial Times”-ын сэтгүүлч Jude Webber-ийн бичсэн нийтлэлийг товчлон хүргэж байна

 

Хэрэв та эрдэс баял­гаар баян боловч багахан эдийн засагтай, жижигхэн улсад амьдардаг бол ул­сынхаа төлөө юу хийх байсан бэ. Үүний хариулт нь Чилийн туршлагыг хуул­барлах.

Чили бол зэсийн­хээ нөөцөд түшиг­лэн ухаалаг бодлого явуулж, хөгжиж чадсан, 2008-2009 оны дэлхийн эдийн засгийн хямралыг тойрч гарсан туршлагатай улс. Тэд мөн л жижгээс эхэл­сэн. Үүгээрээ Монгол Улсад төгс үлгэр жишээ болж чадна.

Азийн цээжинд орших Монгол Улс гайхалтай сонин, дуулиантай үйл явдалд бэлэн байгаа. Энэ юу гэвэл тус улсын эдийн засаг ирж буй жилүүдэд томоохон төс­лүү­­дийнхээ ачаар гурав да­хин өснө гэдгийг олон улсын шинжээчид тоо­цоол­сон. Дэлхийн зэсийн таван том уурхайн нэг нь энэ улсад олборлолтоо эх­лэх гэж байна. Мөн уул уурхайгаас бусад салба­рын хөрөнгө оруулалт асар хурдан өсч байна. Гэхдээ гуравхан жилийн өмнө Монголын эдийн засаг мөн л гал мэт дүрэл­зэж, гэрэлтэж байсан би­лээ.  Ердөө 2004-2008 оны хооронд эдийн засаг нь есөн хувиар өссөн.

Харин 2009 онд энэ өсөлт 1,3 хувь болж буурав. Уул уурхай­гаас хэт хамааралтай байсны гайгаар банкны салба­раа­саа эхэлж хямарсаар ул­сын төсөв нь тасалдаж, эдийн засгийн оновчгүй бод­логынхоо үнэн дүр төр­хийг илчилсэн юм. Тэр үед амжилтгүй төсөл, оновч­гүй хөрөнгө оруулалтын багахан мөн­гөө хэдэн хэ­сэгт хуваа­гаад дуусдаг байв. Өөрөөр хэлбэл ядуу бай­лаа.

Монгол Улсын сан­хүү­гийн хэцүү байдал Дэлхийн банк, ОУВС, Азийн хөгжлийн банкны туслалцааг авсны дараа бага зэрэг сэргэж эхэлсэн. Гэхдээ тус улсад өөрсдийн гэсэн оновчтой бодлого хэрэгтэй хэвээр л байна. Дэлхийн банкнаас ингэж зөвлөсөн байдаг:

“Монгол Улс үргэлж тогтворгүй хэлбэлзэж бай­даг уул уурхайн бүтээгдэ­хүүний ханшаас төсвөө хараат бус байлгах ёстой. Валютийн ханшийн өсөл­төөс зайлсхийх, халам­жийн зардлыг багасгах, хөрөнгө оруулалтыг нэ­мэг­дүүлэх хэрэгтэй. Ха­рин нийгмийн салбарт, дундаж давхаргынхныг төрөөс дэмжиж, уул уур­хайгаас олсон орлогыг тэгш зарцуулах ёстой. Энэ шинэчлэлийг Оюутолгойн гэрээ болон алс хэтийн уул уур­хайн томоохон төс­лүү­дэд тусгах хэрэгтэй юм” гэжээ.

Одоо Чили улсын ту­хай ярих цаг боллоо. Өмнөд Америкийн орон. Дэлхийд хамгийн том зэ­сийн үйлдвэртэй.  Үүгээ­рээ ижил төстэй үйлдвэр­лэл явуулдаг компаниудад хамгийн их халгаатай улс. Зэсийн үнэ яаж өөрчлөгд­сөн ч төсвийн орлогоо зөв хуваарилж чаддаг. Уул уурхайгаас хэт хамаа­рал­тай байдлаа өөрсдөдөө ашиг­­тайгаар эргүүлж чад­сан туршлагатай.  Өнөөдөр хөгжлийнхөө төвшингөөр Латин Америкийн орнуу­дыг тэргүүлж байгаа бө­гөөд ирэх 15 жилийн хугацаанд нэг хүнд ногдох орлогоо 25000 ам.доллар болгох томоохон зорилт тавьжээ. Чилийн хөгж­лийн энэхүү нууц нь Зас­гийн газрынх нь оновчтой бодлого, төр, хувийн хэвш­лийн үр дүнтэй хамтын ажиллагаатай салшгүй холбоотой билээ.

Монгол­чууд Чилитэй адил Төс­вийн тогтвортой байдлын тухай хуультай болсон. Удахгүй хэрэг­жүүлж эхэл­нэ. Тэгэхээр Монгол ч мөн энэ замаар явж байна.