Д.НАДМИД
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн химич, эрдэс судлаач, сэтгүүлч Г.Гонгоржав “Чулууны хээ” тав дахь үзэсгэлэнгээ дэлгээд байна. Цуглуулан судладаг энэ эрхмийг эх нутгийнхаа эрдэс чулуулгийн “хэлийг мэддэг” хүн гэхэд ононо байх. Чулуу гэдэг тэр чигээрээ гоо сайхны ертөнц гэдгийг “чулууны хээ” үзэсгэлэнгээс бэлээхэн харж болох хийгээд монголчууд ийм аугаа баян тансаг, гайхамшгийн дунд амьдарч байгаагаа ухаарам ажээ. Байгалийн урлал гэдэг ямар ч зураачийн сэтгээгүйг харуулж чаддаг гэдгийг Г.Гонгоржав гуай хэлдэг. Тэрнийхээ баталгаа болгож 400 гаруй чулууныхаа үзэсгэлэнг түмэнд толилуулж байгаа юм.
Бид эртний хүмүүсийн чулуун бийрээр урласан хад, агуй оромжийн зураг, сийлбэрийг гадарладаг ч мана, гартаам, чүнчигноров, гантиг, боржин мэтийн үнэт өнгөт хийгээд энгийн эрдэс чулуулагт нуугдан байдаг уран дүрслэлтэй зургуудыг тэр бүр анзаардаггүй ээ. Тэгвэл “Чулууны хээ” үзэсгэлэнгийн үзмэрээс монгол охин, дүнжгэр өвгөн, бодолдоо автсан сэтгэгч, поп хатагтай, шуурга сөрсөн найрагч зэрэг хүмүүсийн болоод мал, амьтан, уул ус, ургамал ногоо ер юуг ч үзэж, тэгээд биширч болохоор юм.
“Чулууны хээ” үзэсгэлэнгийн бас нэг онцлог нь Монгол нутгийн эрдэс чулуулагт эртний тамга тэмдэг, бичиг үсэг түүний дотор хас тэмдэг, уйгаржин монгол бичгийн уг гарвалын анхны хэв маяг хадгалагддаг болохыг биет байдлаар дэлгэсэнд оршиж байгаа юм билээ.
Тиймээ монгол үсэг бичиг уншигддаг мана хийгээд зануул, занарт хамаатай эрдэс чулуулгаас крилл үсгийн цагаан толгой тэмдэгтүүд араб тооны 10 хүртэлх цифрийг Г.Гонгоржав гуай гярхайгаар олж харсан нь энд тавигджээ. Тэгснээрээ энэ хүн Монголд чулууны соёл хэмээх нэгэн шинэ салбарыг бий болгож байгаа юм. Г.Гонгоржав гуайг зөвхөн чулуу цуглуулагч гэдгээр ойлговол алдас болно. Соёлын биет өвийг судлаач бас Монголын олон толь бичгийг бүтээлцсэн гэдгээр нь дээд, дунд үеийнхэн андахгүй бизээ. Байгаль эхийн хамгийн чамин урлалыг сонирхоё гэвэл “Сувдан сондор” хөтөлбөрийн хүрээнд Үндэсний түүхийн музейд нээгдсэн “Чулууны хээ” үзэсгэлэнд саатаарай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
[caption id="" align="alignnone" width="491"] Болор гуутай бурхан.[/caption] [caption id="" align="alignnone" width="453"] Шанш мод.[/caption] Дарь эх.