Д.ОЮУНЧИМЭГ
Цаг үеийн асуудлаар Уул уурхайн яамны хэлтсийн дарга Б.Нэргүйтэй ярилцлаа.
-Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийн талаар товч мэдээлэл өгнө үү?
-Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хууль нь дөрвөн бүлэгтэй. Нэгдүгээр бүлэгт хуулийн зарчмыг зааж өгсөн бол хоёрдугаар бүлэгт тэнд оролцогчид ямар эрх үүрэг эдлэх тухай заасан. Мөн байгууллагуудын гаргасан мэдээллээс зөрүү гардаг. Түүнийг зохицуулах заалтыг гуравдугаар бүлэгт оруулсан. Харин дөрөвдүгээр бүлэгт хариуцлага тооцох тухай заалт оруулж өгсөн байгаа юм. Манай улсын уул уурхайн салбар 100 гаруй жилийн түүхтэй боловч сүүлийн 10 гаруй жил эрчимтэй хөгжиж байгаа. Мэдээж хөгжихийн хэрээр ажиллах хүч, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэмжээ өсч байна. Өсч, хөгжихийн хэрээр аж ахуйн нэгж, байгууллагын санхүү болон бусад үйл ажиллагаа нээлттэй, ил тод болох шаардлага тулгарч байгаа юм. Тиймээс иргэний нийгмийн байгууллагуудын санаачлагаар Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж УИХ-д өргөн барьсан. УИХ-аас Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэн нэгдсэн чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Уул уурхайн салбарын хөгжлийн хугацааг гурван үе шат болгон хувааж болно. Эхний үед бүх үйл ажиллагаа нь ил тод байсан. Тухайлбал, “Монгол Ор” гэж компани байсан бөгөөд Орос, Бельги, Хятад, Америк, Францаас хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Тухайн үед алт олборлон экспортод гаргасан бөгөөд орон нутаг болон улсад хэдий хэмжээний татвар төлөх вэ гэдгийг Богд хааны зарлигаар тогтоосон байна. Уул уурхайн компанийн олсон орлого, түүнийг зарцуулсан байдлыг ил тод болгох нь зүйтэй гэж үзсэн. Учир нь эрдэс баялаг гэдэг нь Монгол Улсын төрийн өмч. Тэгэхээр тухайн уул уурхайн компани хэдий хэмжээний бүтээгдэхүүн олборлосон, хэдэн төгрөгийн ашигтай ажиллаж хэрхэн зарцуулсан бэ гэдэг нь нээлттэй, ил тод байх ёстой юм.
-Энэ хууль батлагдсанаар гарах үр дүн юу вэ?
-Уул уурхайн салбараас гарч байгаа үйлдвэрлэл, бүтээгдэхүүн борлуулалтын мэдээллүүдийг туса д нь мэдээлж байсан. Хамгийн гол нь мэдээлэл гаргадаг 19 байгууллага байх бөгөөд үүнээс Засгийн газрын 11 байгууллага байдаг. Эдгээр нь тус бүрдээ мэдээлэл гаргадаг байна. Тухайлбал, гааль, татвар, ашигт малтмалын газар, Засгийн газар болон иргэний нийгэм, мэргэжлийн холбоод багтана. Тэгэхээр нэгдсэн мэдээллийн сантай болох хэрэгтэй гэж үзсэн. Ингэснээр хамтын удирдлага болон хяналтыг тогтоох боломжтой. Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын зохистой түншлэл байгуулахаар болж байгаа. Энэ түншлэл нь хувийн хэвшил юу хийж байгааг, төр ямар бодлого барьж буйг, иргэний нийгмийн хяналтаа хэрхэн хийж байгааг хариуцах болно.
-Энэ хуулийг санаачлах болсон шалтгаан юу вэ. Өнөөдрийг хүртэл мөрдсөн хуулиар эрхзүйн асуудлаа шийдэх боломжгүй болсон хэрэг үү?
-Тэгэхээр уламжлалт бус ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаанууд тусдаа хуулиар зохицуулагддаг. Үүнд газрын тос багтана. Мөн цөмийн цацраг идэвхит бодистой холбоотой асуудлыг өөр хуулиар зохицуулна. Түүнчлэн хатуу ашигт малтмал нь Ашигт малтмалын хуулиар зохицуулдаг бөгөөд хамгийн ойрын жишээ гэхэд эдгээр нь тус тусдаа хуультай. Гэтэл эдгээр хуульд ил тод байдлын тухай заасан заалт байдаггүй. Ганцхан ашигт малтмалын хуулийн 48.10-т олборлох үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь урд онд улсын болон орон нутгийн татвар, төлбөр хураамжийн тайлангаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээний хамт дараа оны нэгдүгээр улирал дуусахаас өмнө олон нийтэд мэдээлнэ гэсэн заалт бий. Ер нь 2006 оноос манай улс олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг хэрэгжүүлэхээр шийдвэр гаргасан байдаг. 2007 онд Засгийн газрын 80 дугаар тогтоолоор төрийн захиргааны төв, орон байгууллагуудын чиг үүргийг тодорхойлж өгсөн. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын газар өөрийнхөө чиг үүргийн дагуу мэдээлэл бэлтгэнэ.
Гэтэл Сангийн яам болон Татварын ерөнхий газарт хамааралтай мэдээллийг тусдаа бэлтгэнэ. Энэ нь цаг хугацаа, мэдээллийг давхцал, үргүй зардал гаргаж байгаа юм. Тухайлбал, орон нутгийн Засаг захиргаа манайд хэдэн төгрөг өгч чадах вэ гэдгийг л сонирхдог. Тэгэхээр бусад мэдээлэл хоцорч байгаа хэрэг. Энэ хууль батлагдсанаар олон улсын стандартад нийцсэн, товчхон мэдээллийг нэгтгэж гаргана. Хэдийгээр нээлттэй, ил тод байх ёстой гэж байгаа ч тухайн аж ахуйн нэгжийн нууцтай холбоотой хуулийг дагаж мөрдөхөд зөрчилдөхгүй байхаар зохицуулалт хийсэн.
-Мэдээллийн зөрүү гардаг тухай та дээр дурдсан. Зөрүүтэй мэдээлэл гаргасан этгээд ямар хариуцлага хүлээдэг юм бэ?
-Одоогийн мөрдөж байгаа хуулиар хариуцлага тооцох тухай заагаагүй. Хэрэв энэ хууль батлагдвал буруутай этгээдэд хариуцлага тооцох боломж бүрдэнэ.
-Зохистой түншлэл байгуулах тухай ярьсан. Одоо ч гэсэн гурван тал хамтарсан бүтцээр ажилладаг биз дээ?
-Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын үндэсний зөвлөл бий. Тус байгууллага удирдах дээд байгууллага, ажлын хэсэг, ажлын албаас бүтнэ. Энэ зөвлөлийн даргаар Монгол Улсын Ерөнхий сайд ажилладаг бол орлогч даргаар нь Уул уурхайн сайд ажилладаг. Гишүүдэд нь УИХ, Засгийн газраас 10, компанийг төлөөлж 10, иргэний нийгмээс бас 10 хүн хамрагддаг. Мөн нарийн бичгийн даргаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх ажилладаг. Түүнээс гадна ажлын хэсэгт 34 хүн, ажлын албанд орон тооны гурван хүн байдаг бөгөөд нэлээд том бүтцээр ажилладаг байгууллага юм. Хууль батлагдсанаар энэ данхар бүтэц ажиллах шаардлагагүй болно.
-Мэдээллийн ямар зөрүү гардаг юм бэ?
-2006 онд Засгийн газраас 134 компани тайлан өгч байсан. Харин 2012 оны байдлаар Засгийн газраас 1617 компанийн тайланг авч 1197 компаниас тайлангаа ирүүлсэн байдаг. Үүнээс 250 аудит хийлгэсэн байгаа юм. Эндээс 36.8 сая төгрөгийн зөрүү гарч ирсэн. Энэ нь тайлан гарч байх хугацаанд тодруулан зөрүүг бууруулсан. Үндсэндээ ил тод байдлыг хэрэгжүүлэхийн тулд тусгай зөвшөөрөл олгохоос эхлэх хэрэгтэй. Мэдээж тусгай зөвшөөрөлтэй компани үйлдвэрлэлээ явуулсны дараа татвар төлөх үед хяналт тавьж болно. Мөн борлуулалтын орлогын хуваарилалтад хяналт тавих боломжтой. Түүнчлэн зарцуулалтад ч хяналт тавьж ажиллах юм.
-Аж ахуйн нэгжийн тайланг олон нийтэд ил тод байлгах ямар боломж байна. Одоогоор бүх компаниуд хаалттай байгаа шүү дээ?
-Компани болон орон нутаг, Засгийн газрын мэдээлж байгаа тоон дүн хоорондоо таарах ёстой. Мэдээж мэдээллийн хэрэгслээр тайлагнаж болно. Ер нь байгууллагууд сонин, хэвлэлээр ажлын тайлангаа нийтэлдэг шүү дээ. Үүнийг иргэн өөрийнхөө амьдарч байгаа орон нутагт хэдэн төгрөг зарцуулсан, хэдийг нь улсад төлсөн, хэдий хэмжээний орлого олсон бэ гэдгийг мэдэх боломжтой. Энэ хууль батлагдсанаар тусгай зөвшөөрөл, үйлдвэрлэл, орлого, зарлагын зарцуулалтыг ил тод болгоно.
-Энэ хууль батлагдсанаар уул уурхайн салбарт ямар нөлөө үзүүлэх вэ?
-Хамгийн гол нь бие биеэ харддаг байдал байхгүй болно. Компаниудын явуулж байгаа үйл ажиллагаа ил тод, хариуцлагатай болно. Дэлхийн хэмжээнд олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг 46 оронд хэрэгжүүлдэг бөгөөд 29 улс олон улсын стандарт шаардлага хангасан байдаг юм. Мэдээлэл ил тод болох уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулахад том дэвшил гарна гэж бодож байна.