Г.ГАНЧИМЭГ

Бид сүүлийн 20 жил Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн зөвлөмж заавраар явлаа. Харамсалтай нь юу хожив. Энэ асуудлыг ялангуяа ядуу, буурай орны иргэд олон улсын хурал, зөвлөгөөн дээр хөндөж тавьдаг. Тэд “Дэлхийн банк, Олон улсын валютын сан гэдэг байгууллагууд чинь өөрсдөө үндэстэн дамнасан корпорациуд ихтэй улс орнуудын гар хөл болдог” гэж шүүмжилдэг юм билээ.  Эдгээр байгууллага нь өнгөцхөн харахад тусалж дэмжих гээд байгаа юм шиг боловч үнэндээ бодлоготойгоор буюу соёлтой аргаар ядуу, буурай орнуудын иргэдийг дундаж орлоготой байх боломжийг хаачихаад байдаг.

Манай улсын хувьд ч ялгаагүй. Дэлхийн банк, Олон улсын валютын сан монголчуудыг ядуурлаас гаргаж, сайхан амьдруулах хугацаа аль хэдийнэ болж өнгөрсөн л дөө. Гэтэл одоо хүн амын 30-аас илүү хувь нь ажилгүйдлээс үүдэлтэйгээр ядууралд өртсөөр байна. Нийт баялгийн дийлэнх хувь нь цөөхөн хувьд ногддог. Энэхүү хүнд хэцүү байгаа нөхцлийг ашиглаад үндэстэн дамнасан корпорациуд дуртай бодлогоо тулгаж байгааг ч зарим эх сурвалж хэлж байна. Тиймээс манай зарим эрх баригч “Бид өөрсдөө болж бүтвэл бусад нь яамай” гэсэн байдлаар хэт хувиа хичээж хандахгүй байхыг тэд хүсч байгаа юм. Гэнэтхэн л “Одоо томоохон төсөл хөтөлбөрүүдээ урагшлуулна” гэж яриад эхэлсэн. Гэтэл манай улсад, иргэдэд яг юу наалдах вэ гэдэг нь тодорхой биш, ойлгомжгүй байгаа юм. Ядахдаа ямар тохироо хийж, яаж шахамдуулж байгааг ард түмэндээ ил хэл л дээ гэж иргэд, Иргэний хөдөлгөөнийхөн сануулсаар.

 Сүүлийн хоёр жилд Монгол Улсын гадаад худалдаа 2.7 тэрбум ам.долларын алдагдалтай гарчээ. Өөрөөр хэлбэл, жилд ойролцоогоор нэг тэрбум илүү ам.долларын алдагдал хүлээж байгаа. Үүнийг эдийн засагчид “Уул уурхайгаас бүрэн хамааралтай, Голланд өвчинд нэрвэгдсэн, моно-бичил эдийн засагтай болсноос үүдэлтэй” гэж оношилсон. Үнэндээ ч эдийн засагт орж ирж буй гадаад валютын урсгалын 90 гаруй хувь нь уул уурхайн салбараас шууд буюу шууд бус хамааралтай болчихсон байсныг бүгд мэднэ. Харин одоо бидэнд тэрбум гаруй ам.долларын алдагдлыг нөхөх валютын шинэ эх үүсвэр зайлшгүй хэрэгтэй.  Ингэхийн тулд үндсэн хоёр зам бий. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, улсын болон хувийн хэвшлийн зээлийг өсгөх юм.

Харин олонх нь зарим хүний хэнд ч хамааралгүй ядуу амьдарснаас хэн нэгэнд хамааралтай гэдэс цатгалан, мөр бүтэн амьдарсан нь дээр гэдгийг эсэргүүцэж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засагчид болоод иргэдийн дийлэнх хэсэг нь Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрийг эсэргүүцсээр байгаа. 2008-2009 оны дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямралын үед 42 орон ямар нэгэн байдлаар тус сангийн аль нэг хөтөлбөрт хамрагдаж байлаа. Харин өнгөрсөн онд энэхүү тоо Йордан, Тунис, Румын, Украин, Гүрж, Гондурас гэсэн нэр бүхий зургаахан орон болтлоо буурчээ.

Манай улсын хувьд ч дээрх хөтөлбөрөөс олонхоороо татгалзаж байгаа юм. Гэхдээ зарим нэг намын улстөрийн зорилгыг эс тооцвол иргэд, эдийн засагчдын дийлэнх нь ямар нэгэн эх үүсвэрээс зээл авахаас татгалзахгүй байгаа юм. Аливаа улс орон зээлтэй байхаас айх хэрэггүй гэж тэд үзэж байна. Тиймээс Монгол Улс олны эсэргүүцээд байгаа тус хөтөлбөрт хамрагдалгүйгээр зээл олох аргыг судалж “Макро бодлогын өөрчлөлтийн нэгдсэн төлөвлөгөө” буюу СМАР гэгчийг боловсруулж хэрэгжүүлэхийг оролдож буй. Өөрөөр хэлбэл, Монголд өр тавихаас өөр сонголт үлдээгүй аж. Гагцхүү энэ асуудлаа шийдэх эцсийн хувилбар нь бас л  сонирхолтой.