Д.ОЮУНЧИМЭГ
“Exclusive” компанийн захирал Г.Майцэцэгийг “Бизнес, хөгжил” булангийн зочноор урилаа. Тэрээр загвар, хийцээрээ дэлхийд нэрээ дуурсгах бүтээгдэхүүн үйлдвэрлэж Монгол брэндийг бүтээхийн төлөө ажиллаж байгаа нэгэн юм.
-Бидний урилгийг хүлээж авсан танд баярлалаа. Польшид оёдлын үйлдвэртэй байсан тухай сонсч байлаа. Тэр том зах зээлийг орхиод энд ирсэн нь учир шалтгаантай байх. Ер нь бизнесийн гараагаа хэрхэн эхэлж байв?
-Анх 2002 онд Польшид оёдлын чиглэлээр үйлдвэр байгуулан ажиллаж эхэлсэн. 2008 онд эх орондоо ирж байлаа. Хүний нутагт сурч мэдсэнээ эх орондоо хэрэгжүүлж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан улсынхаа хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулая гэдэг сэтгэлээр ирсэн.
Учир нь үйлдвэрлэгч байхгүй өрсөлдөгчгүй хоосон орон зайд ганцаараа тоглох нь таатай байсан. Нөгөөтэйгүүр үйлдвэрлэл байхгүй болохоор оёмол бүтээгдэхүүний үнэ хэт хөөсрөлтэй харагдсан. Ингээд л компаниа байгуулсан. Хүмүүс яагаад гадаад нэр өгсөн юм бэ гэж асуудаг. Хамгийн гол нь Монгол брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн зах зээлд гарах зорилготойгоор “Exclusive” гэдэг нэрийг сонгож байлаа. Тэр үеийг өнөөдөртэй харьцуулахад шантармаар үе байсан.
-Та “Хэлсэндээ хүрдэг төртэй байсан бол монгол брэнд дэлхийн зах зээлд гарах боломж байсан” гэж хэлсэн. Энэ ямар учиртай вэ?
-2013 онд болсон эдийн засгийн форумд оролцож байхдаа төрийнхөнд хандаж хэлсэн үг минь. Тэр үед “Гашуун үнэн” гэдэг үгнээс өөрийг олж сонсоогүй. Ингэж хэлэх болсны учир нь 2011 онд Тяньжины чөлөөт бүс дээр “Made in Mongolia” хийх боломжтой хэмээн МҮХАҮТанхимаас зохион байгуулж байсан. Тухайн үед хоёр улсын хооронд 50 жилийн хугацаатай гэрээ байгуулсан байдаг юм. Манай улсын аж ахуйн нэгжүүд тэнд ажиллах бүрэн боломжтой хэмээн эдийн засгийн форум хүртэл зохион байгуулсан боловч амжилтгүй болсон. Манай зах зээл жижигхэн, түүхий эдээ бүгдийг гаднаас авч байгаа энэ үед урд хөршийн зах зээлд гарна гэдэг том боломж. Тиймээс тэр бүсэд үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй гэж үзсэн. Яагаад гэвэл, Тяньжины далайн боомтоор Европ руу гарахад зардал бага гэж тооцоолон энэ ажилд ханцуй шамлан орж байлаа. Харамсалтай нь 200-аад сая төгрөгийг зүгээр л салхинд хийсгэчихсэн. Хамгийн гол нь тэрхүү боомтод байгуулсан төлөөлөгчийн газар нь 2012 оны сонгуулийн дараа татан буугдсан юм. Ингээд л буух эзэн буцах хаяггүй хог дээр үсэрнэ гэгч болсон.
-Хятадад компани байгуулахад манайхаас юугаараа ялгаатай вэ. Хэдийгээр төлөөлөгчийн газар байхгүй ч гэлээ тэнд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байсан юм уу?
Хятадад компани байгуулахад маш төвөгтэй. Нэн түрүүнд үйл ажиллагаа явуулах байраа авсан байх ёстой гэдэг шаардлага тавьдаг. Байрыг дор хаяж 13 сараар түрээслэх шаардлагатай. Түүнээс гадна 100 мянган юанийг авахгүй гэдэг нөхцөлтэйгээр байршуулдаг юм билээ. Энэ мэтчилэн хөөцөлдсөөр 7-8 сар болдог. Ялангуяа гадны хөрөнгө оруулалттай компаниар дамжин орж, гарч байгаа валютыг хянахын тулд олон зөвшөөрөл авдаг. Хятадууд компаниа байгуулсан юм чинь үйл ажиллагаагаа явуулж болно гэж байсан. Уг нь хоёр улсын гэрээний хүрээнд монголоос тоног төхөөрөмжийг татваргүйгээр оруулж ирэх эрхтэй. Гэтэл Хятадын тал тоног төхөөрөмжийг зөвхөн дотоодоос авах ёстой гэсэн. Хэрэв гаднаас оруулж ирвэл маш өндөр татвар төлөх болсон. Ингээд бүх юм бүтэлгүйтсэн. Гэхдээ манай талын буруугаас байдал урвуугаа эргэсэн болохоор яах ч аргагүй юм. Төрийнхний бодлогогүй шийдвэр, амлалтаа биелүүлдэггүй муу зуршлын сөрөг үр дагаварыг бизнесийнхэн нуруундаа үүрдэг.
-Тухайн үед асуудал үүсгээгүй юм уу. Хэн буруутай этгээд хариуцлага хүлээх хэрэгтэй биз дээ?
-Тэгж явсангүй. Учир нь гадаадад олон жил ажиллаж амьдарсан хүмүүсийн хувьд төр иргэнээ хуурна гэдэг ойлголт байхгүй. Үнэн хэрэгтээ аливаа улсын иргэн нь төрдөө итгэхгүй бол өөр юунд итгэх вэ. Тиймээс маш хүлээцтэй хандсан юм. Мэдээж ийм том сургамж авч, хиншүү хярвас үнэрттэл шатсан хойно зорилгодоо хүрч амжилт гаргахын төлөө зүтгэх хэрэгтэй. Тэгэхээр ухрах араагүй машинтай давхих болж байгаа юм. Ингээд Бээжинд өөрийн компанийн төлөөлөгчийн газрыг нээж, загварууд оёж эхэлсэн. Ингэж л шархаа нөхөж байна. Уг нь бид санхүүгийн эх үүсвэр сайтай бол урд хөршийн зах зээл нээлттэй байдаг юм билээ. Мөнгө хийх боломж гэсэн үг. Хэрэв төр зөв дэмжвэл хийж бүтээж чадах олон залуус бий.
-Танай компани Чингис бондоос санхүүжилт авсан шүү дээ?
-Тиймээ, манайх Чингис бондоос 750 сая төгрөгийн зээл авсан. Гэвч тийм ч хангалттай хөрөнгө оруулалт биш. Уг нь таван тэрбумыг хүссэн боловч барьцаалах үл хөдлөх хөрөнгөгүйгээс дээрх мөнгийг авсан хэрэг. Яагаад таван тэрбум төгрөгийн зээл хүссэн бэ гэвэл анхнаасаа экспортод гаргах, импортыг орлох Монгол брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн зах зээлд гаргахыг зорьсон. Үүнд шаардлагатай хөрөнгийн хэмжээ юм. Үйлдвэрлэгч байхгүй учраас хувцсаа дандаа гаднаас авч байна. Өдөрт хэдэн зуун сая төгрөгийг гадагш урсгаж байгаа. Ингээд төсөл боловсруулан Чингис бондоос санхүүжилт хүссэн. Хэдийгээр төсөл дэмжигдэн зээл олгох шийдвэр гарсан ч энэ нь арилжааны банкаар дамжиж олгогдоно. Арилжааны банк өөрөө эрсдэл үүрч байгаа учраас зохих шаардлага тавьсан. Энэ зээлийг авахад Зээлийн батлан даалтын сан тусалсан.
-Таван тэрбумыг хүссэн гэлээ. Бараг зургаа дахин бага мөнгө авсан байна шүү дээ?
-Энэ хөрөнгө нь үйлдвэрийг цогцоор нь байгуулж, ажиллуулахад тийм ч хангалттай биш. Хэрэв далайцтай том зүйл хийх гэж байгаа бол хөнгөн үйлдвэрийн салбарыг төрийн бодлогоор дэмжих хэрэгтэй. Оёдлын үйлдвэр олон хүнийг ажлын байраар хангадаг юм. Түүнээс гадна хүний хэрэглээний 80 хувь нь оёмол бүтээгдэхүүн байдаг. Эдийн засгийн өгөөжийн хувьд ч тэргүүлэх салбарт ордог.
-Төрийн бодлогогүй алхам, уялдаагүй байдлаас гарсан муу үр дагаварыг бизнесийнхэн үүрч байна гэдэг. Гэтэл төрийн оролцоо, дэмжлэг хэрэгтэй гэх юм. Тэгэхээр хоёр салаа замын аль талаар явах вэ?
-Монголоос бусад бүх газарт үндэснийхээ үйлдвэрийг гааль болон татварын бодлогоор хамгаалсан байдаг юм. Түүнээс гадна хяналт чухал. Гэтэл манай улсад хяналт гэдэг зүйл огт байхгүй гэж болно. Тухайлбал, иргэн Цэцэгээ сард төлдөг татвараа төлсөн эсэхийг шалгахаас түүний зарж байгаа бүтээгдэхүүн хаанаас орж ирсэн бэ гэдгийг огт шалгадаггүй. Уг нь татварынхан бизнес эрхлэгчдээ дэмждэг байх хэрэгтэй. Түүнчлэн татварынхнаас энэ бүтээгдэхүүний гарал үүслийг шалгаад өгөөч гэвэл “Бидний ажил биш, мэргэжлийн хяналтынх” гэж хэлнэ. Мэргэжлийн хяналтынхнаас асуувал, гаалийнх гэнэ. Ингэхээр эзэнгүйдсэн хяналт болж байна.
-Нэг үеэ бодвол үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг худалдаж авах тухай ярьдаг болж. Магадгүй энэ нь та бүхний ажилд нэлээд дэмжлэг болох байх?
-Тэгэлгүй яахав. Гэвч монголд үйлдвэрлэсэн гэх нэрийн дор өрөвдсөн сэтгэлээр худалдан авалт хийж байгаа бол тийм ч таатай зүйл биш. Хэрэв манай улсын зах зээлийг тулааны талбар гэж бодвол Хятадууд гар буутай харин бид ташууртай байна гэсэн үг. Түүнээс гадна үйлдвэрлэлийг дэмжсэн төрийн бодлогогүй учраас гаднаас бэлэн бүтээгдэхүүн авчраад зарах нь илүү ашигтай байгаа хэрэг. Гэтэл 10 жил наймаа хийсэн хүн НӨАТ төлөхгүй. Харин үйлдвэр байгуулаад 14 хоносон бол НӨАТ төлөгч автоматаар болчихдог нь нууц биш. Тяньжинд үйлдвэр байгуулах эрхээ авчихаад тухайн орон нутгийн удирдлагатай уулзсан. Гэтэл “Та хоёр жил нэг ч төгрөг төлөх шаардлагагүй. Учир нь дундад улсын нэг иргэнийг ажилтай болгож байна. Таны бизнес сайн байвал өөр олон хүнийг ажиллуулна. Тийм болохоор ажлаа сайн хийгээд ашгаа ол. Үйлдвэр чинь тогтворжтол ямар ч мөнгө төлөх хэрэггүй” гэж байсан. Ийм үг сонссон хүн яах вэ. Мэдээж “Ура” хашхираад гүйхээс аргагүй.
-Мэргэжилтэй боловсон хүчин гэдэг үйлдвэрлэл эрхлэгчдийн толгойн өвчин болдог. Танай компанийн хувьд?
-Төрөөс мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд харамгүй мөнгө зарцуулж байгаа. Гэвч төгсөгчид нь төдийлөн хангалттай биш байна. Сүүлийн гурван жил манай үйлдвэр МСҮТ-тэй хамтарч ажилласан боловч ямар ч үр дүн алга. Гэтэл тэр сургуулийг төгсч байгаа хүүхэд шалгалт өгч байгаад дээд сургуульд орчих юм. Тухайлбал, оёдлын чиглэлээр сурчихаад, Санхүү эдийн засгийн дээд, Цагдаагийн сургуульд ороод явчихдаг, үнэхээр харамсалтай. Уг нь тухайн төгсөгчийг дор хаяж 2-3 жил мэргэжлээрээ ажиллах ёстой гэсэн шаардлага тавих хэрэгтэй. Хэрэв ажиллахгүй гэвэл сурч байх хугацаандаа улсаас авсан тэтгэмжээ буцааж төлдөг байж болно.
-Үргүй зардал нэмэгдүүлж байгаагийн гол шалтгаан нь дадлага хийх боломжгүй, зөвхөн онолд тулгуурласан нь өрөөсгөл болдог гэлцдэг. Таны бодлоор?
-Би хөдөө орон нутгуудаар явж үзлээ. Зарим газар нь хоёр мэргэжил сургалтын төв байх юм. Техник, технологийн хувьд хангалттай байх боловч эвдчихнэ гээд тоосонд даруулаад хадгалж байх нь ч бас бий. Тоног төхөөрөмж байлаа гээд түүхий эд байхгүй бол хүүхдүүд хэзээ ч боловсрохгүй. Тийм учраас манай үйлдвэрээс гарч байгаа хаягдал даавууг аваад ашиглах боломжтой. Ер нь энэ төрлийн сургалтыг үйлдвэрүүдийн дэргэд байгуулах нь зүйтэй болов уу. Түүнчлэн мэргэжил тус бүрийн сурах хугацаа харилцан адилгүй. Тухайлбал, оёдолчин бэлтгэхдээ 2.5 жил зарцуулах огт хэрэггүй. Хятадад долоо хоногийн дотор л бэлтгэчихдэг юм билээ.
-Тэгвэл бид зөв замаар явахын тулд юу хийх ёстой вэ?
-Бид биесээ шүүмжиллээ гээд яах ч юм билээ. Хангалттай шүүмжиллээ, хангалттай ярилаа. Миний хувьд хоолой аргаж, хаттал ярьж байна. Харамсалтай нь арайхийж ойлгуулаад одоо л нааштай болох нь гэж байтал Засгийн газар нь унаад дарга нар нь солигдчих юм. Яг үнэндээ залхаж байна. Дарга нарт ойлгуулах гэж хичээж цаг хугацаа, хүч хөдөлмөрөө барж байхаар ард түмэндээ хандах хэрэгтэй юм байна гэж бодож байгаа. Тэгэхээр ард түмнийгээ Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн худалдаж аваарай гэж уриалмаар байгаа юм. Нэг бүтээгдэхүүн худалдаж авснаар дөрвөн хүний ажлын байрыг хадгалж байдаг юм шүү. Үйлдвэрлэх тусам өртөг буурч, хийх тусам чадварждаг. Өнөөдөр үр тарианы тухай яриа өрнөсөөр байна. Нэгэнт тарьсан тариаг нь авах хэрэгтэй. Хэрэв бид бие биеэ дэмжихгүй бол өөр хэн дэмжих вэ.
-Саяхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бизнесийнхэнтэй уулзах үеэрээ үйлдвэрлэлээ дэмжихийн тулд төрийн худалдан авалтыг та нар луу чиглүүлнэ гэж байсан. Үүнийг хөрсөнд буулгахын тулд юу хийх ёстой вэ?
-Бид маш сайн ярьдаг. Хамгийн гол нь ажил хэрэг болгох дээрээ гацчихдаг. Польшид байдаг найзууд маань надад “Чи агуу хоёр том гүрний дунд байгаа их азтай хүн” гэж хэлдэг юм. Учир нь урд хөршөөсөө түүхий эдээ авч үйлдвэрлээд Орос руу гаргах бүрэн боломжтой. Шинэчлэлийн Засгийн газрын үед “Монголд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг бодлогоороо дэмжих болно” гэж В.Путины хэлсэн үг бий. Үүнийг л ажил хэрэг болгох хэрэгтэй. Гэтэл өнөөдрийг хүртэл юу ч хийсэнгүй. Эдийн засаг цаг хугацаагаар хэмжигддэг учраас биднийг хүлээхгүй. Ер нь үндэсний үйлдвэрлэгчид эх оронч хүмүүс байдаг. Хэзээ ч өөрийгөө боддоггүй. Гадны хөрөнгө оруулагчид эдийн засаг хямарлаа гээд компаниа татан буулгаад ажилчдаа халаад гараад явчихаж байна шүү дээ. Харин үндэсний үйлдвэрлэгчид ажлын байраа нэмээд улам өргөжүүлж ажиллахаар чармайж байгаа юм.
-Бизнесийнхэнд тулгардаг нэг бэрхшээл нь, татвар. Харин таны бодлоор?
-Шударгаар татвараа төлөөд явж байгаагаа байнга буланд шахаж, дарамталдаг нь татварынхан. Түүнээс зайлж, бултдаг хэсгээ огт тоодоггүй юм шиг санагддаг. Би гадаадад ажиллаж, амьдарч байгаа хүмүүсээ Монголдоо ирж ажиллаасай гэж боддог. Яагаад гэвэл, манай улс ялзарсан байна. Тэд ирж цусаа сэлбэх цаг нь болсон юм уу гэж харж байгаа. Түүнээс гадна зээл авах хэцүү гэж ярьдаг. Хэрэв хүн бодитоор бүтээж байгаа бол тийм ч хэцүү зүйл биш. Миний хувьд Шинэчлэлийн Засгийн газарт талархаж явдаг. Учир нь сүүлийн 20 жил оёдлын салбарт хөрөнгө оруулалт хийж хонгилын үзүүрт гэрэл гаргасан юм шүү дээ. Эх орондоо ирэх үгүйгээ шийдэж чадахгүй эргэлзэж байгаа хүмүүст найдлага төрүүлээсэй гэж бодон Чингис бондоос авсан зээлийнхээ тухай ярьж байсан. Харамсалтай нь ингэснээр өөрийгөө өрөнд оруулчихна чинээ санаж байгаагүй. Хэрэв төр үйлдвэрлэлээ дэмжих гэж байгаа бол татварын бодлогоор дэмжиж бас хамгаалах хэрэгтэй. Гэтэл хамгаалахын оронд хазаж хайрах гээд дайрдаг. Тэгэхээр үйлдвэрлэгчдээ хэн хамгаалах вэ. Тухайлбал, манай компани татварт нэлээдгүй хэмжээний өртэй болчихсон. Үүнийг учрыг нь ойлгоогүй. Яаж яваад өрөнд орсноо ч мэдээгүй. Татварынхны тайлбарласнаар хоёр жилийн өмнөх НӨАТ-ын баримтаас үүдэлтэй бололтой. Тухайн үедээ болно гээд авчихаад хэзээ хойно болохгүй гэж байгааг нь ойлгохгүй байгаа юм. Миний харж байгаагаар нээнтэг гаргаж мөнгө нэхэх шалтгаан болгоод байх шиг. Хэрэв НӨАТ авах гэж байгаа бол бүх аж ахуйн нэгжээс ав. Үгүй бол бүгдийг нь чөлөөл. Хэрэв ялгавартай хэвээр байвал олон аж ахуйн нэгж өрөнд орж, олон хүний бизнес дампуурах болно. Далд эдийн засгийг хөхиүлэн дэмжигч нь НӨАТ гэж харж байгаа. Жижигхэн оёдлын үйлдвэрт 150 сая төгрөгийн татварын өр бичиж байгаа юм чинь, томоохон үйл ажиллагаа эрхэлдэг компанид хэдэн төгрөг бичих нь тодорхой. Татварынхан үзэмжээрээ ханддаг нь бизнесийг боомилж байгаа юм.
-Үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд юу хийх ёстой вэ?
-Хамгийн ойрын жишээ гэвэл, Хятадын үйлдвэрлэлээ дэмжиж байгаа бодлого. 1990-ээд оны үед Хятадын нэг иргэн Эрээн хотод үйлдвэр байгуулжээ. Тэрээр 10 юанийн бүтээгдэхүүнээ гурван юаниар борлуулдаг байж. Түүний зөрүү болох долоон юанийг Засгийн газар нь төлдөг. Эхний жил долоог нь, дараагийн жил 3.5 юань төлнө. Түүний дараа жил төлөхгүй. Ингээд хөл дээрээ боссон үйлдвэрлэгч эргүүлээд татвар төлж эхэлнэ. Ингэснээр хэн хэн нь алдагдалгүй ажиллах боломжтой. Харин эхний хүний төлсөн татвараар дараагийн үйлдвэрлэгчийг дэмжих болно. Ийнхүү дэмжиж байгаа хойно үйлдвэрлэл нь эрчимтэй хөгжих нь тодорхой. Манай улс энэ зарчмыг хэрэгжүүлж болно шүү дээ.