Д. ЖАМБАЛДОРЖ

Монгол Улсын гавъяат Эдийн засагч

Эдийн засаг хямарч, төсвийн орлого тасарсан энэ үед мөнгөний урсга­лыг эргүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Гадаад орнуудтай хамтарсан үйлдвэр байгуулах асуудлыг зөв эрэмбэ дараалалтай, бо­ги­но хугацаанд барьж байгуулах нь цаг хугацаа, зардал хэмнэж, бүтээгдэхүүнээ түргэвчлэн экспортлоход үлэмж ач холбогдолтой. Оюутолгой, Тавантолгой, Цагаан суврагын зэс, молибден, алт, коксжих нүүрс зэрэг бүтээгдэхүүнээ боловсруулах хэрэгтэй юм. Гэвч үүнийг хэрэг­жүүлэхийн тулд анхаарах зүйл олон бий гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэр маш сайн жишээ аж. Эрдэнэт үйлдвэрийг байгуулсан Хэлэлцээр, гэрээний дагуу ямар эрэмбэ, дарааллаар барьж байгуулсныг хар­галзан үзэх нь чухал юм.

Эрдэнэтийн овооны зэс, молибдений орд газрыг ашиглахад эдийн засаг, техникийн талаар хамтран ажиллах тухай Монгол–Зөвлөлтийн засгийн газар хооронд Тэргүүн ээлжинд барьж байгуулах барилга байгууламжийг санхүүжүүлэхээр 120 сая шилжих рублийн санхүүжилтийг талууд тэнцүү хэмжээгээр урьдчилан гаргах хэлэлцээрийг 1973 онд байгуулж байжээ. Тодруулбал, Галуут нуурийн цахилгаан станцаас эрчим хүч авах 220 кВт –ын цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугам татуулсан байдаг. Мөн Салхитаас Эрдэнэтийн овоо хүртэл төмөр зам тавьсан. Энэ нь бүтээгдэхүүнээ нэгэн зэрэг экспортлох онцгой нөхцлийг бүрдүүлсэн гэдэг.

Эрдэнэт үйлдвэр нь 1979 онд эхний ээлжийн хүчин чадлаа эзэмшсэнээс хойш одоо 36 жил улиран оджээ. Энэ хугацаанд 500 гаруй сая тонн хүдэр, боловсруулж, 3.7 сая тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэн, 50 гаруй мянган тонн молибден үйлдвэрлэн экспортлож улсын төсвийн 40 гаруй хувийг бүрдүүлжээ. Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийг байгуулахад зориулсан нийт хөрөнгө оруулалтын 37 хувь буюу 260 сая шилжих рублийг дээр дурьдсан ажил болон бусад бүтээн байгуулалтад зарцуулав. Түүнээс гадна тус улсаас Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа мэргэжлийн ажиллагсадыг үнэ төлбөргүй орон сууцаар хангах, ирэх, буцах зардлыг хамтарсан үйлдвэрээс оролцогч талууд тэнцүү хуваан гаргах зарчмын асуудлыг шийдвэрлэсэн байдаг аж.

Тиймээс Тавантолгойд хамтран ажиллах гэрээг байгуулахдаа  Эрдэнэт үйлдвэрийг байгуулсан тухай дээр дурьдсан эрэмбэ дараалал, нөхцөл журмыг баримтлах нь чухал хэмээн үзэж байгаа юм. Хамтарсан үйлдвэрийг байгуулахдаа манай улсын оруулах хөрөнгө 50 хувиас дээш байх зайлшгүй шаардлагатай. Үүнд орд газраа үнэлж оруулах, өмнө нь хийгдсэн геологи, хайгуулын болон ТЭЗҮ хийлгэсэн зардал, барилгын дотоод  материал /тоосго, элс, хайрга/ ус, цахилгаанаар хангах, Монголын ажилчдыг ажиллуулах зэргийг оруулж тооцох ёстой.

Тавантолгойн ордын баруун хойд хэсэгт 1953 оноос эхлэн “Совмонголметалл” хувь нийлүүлсэн нийгэмлэг 1956 оны тавдугаар сар  хүртэлх хугацаанд 25 хавтгай дөрвөлжин км талбайд геологи хайгуулын  ажил явуулж, улмаар хайгуулын ажлыг  цаашид тууштай үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмжийг гаргасан байна.

1974-1975 онд БНБУ-ын мэргэжилтнүүд нүүрсний коксжилтыг тодорхойлох технологийн судалгаа хийх зорилгоор 3763 метр /18 жижиг, таван гүн/ цооног өрөмдсөн байдаг. Тавантолгойн коксжих нүүрсний ордын олон хэсэгт 1953-1956 он, 1974-1988 онд хийсэн эрэл, үнэлгээ урьдчилсан болон нарийвчилсан хайгуулын ажлын дүнд тус ордын 90 ам км талбайд тархсан зургаан тэрбум тонн нөөцтэй гэсэн урьдчилсан дүгнэлт гаргажээ.Эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн талаар 1986-1990 онд хамтран ажиллах тухай Монгол – Оросын Засгийн газар хоорондын 1986 оны нэгдүгээр сарын 15-ны хэлэлцээрийг үндэслэн тухайн үеийн манай улсын төлөвлөгөөний комисс, Сайд нарын зөвлөлийн Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны 1977 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн 431-132-р хамтарсан Тогтоолоор Тавантолгойн коксжих нүүрсний ордыг эзэмших, Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах даалгаврыг  батласан. Энэ даалгаварт геологийн баазыг Тавантолгойн эрчим хүчний болон коксжих нүүрсний ордын эрэл үнэлгээний ажлын дүнгийн тухай 1976-1991 оны тайланг үндэс болгон авч төслийн хүчин чадлыг жилд 20 сая тонн байхаар тогтоожээ.

Тавантолгойн коксжих нүүрсний ордыг БНХАУ-ын Шиньхуа энержи, Монголын Энержи сесурс, Японы Сумитомо компаниуд хамтран ажиллах хэлэлцээрийг байгуулахдаа ОХУ-аар 1988-1990 онд хийлгэсэн Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах ТЭЗҮ-ийг сайтар судлах мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн группыг томилон яаралтай судлуулах онцгой шаардлагатай. Уг ордыг хамтран байгуулах талууд Оюутолгой шиг бүтээгдэхүүнээ машинаар зөөж, газар нутгаа сүйтгүүлж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй юм.

Ийнхүү олны анхаарлын төвд байгаа эдийн засгийн сэргэлтэд чухал нөлөө үзүүлнэ гэх хүлээлтэд дөрөөлөн хуудуутай гэрээ, хэлцэл хийх вий хэмээн болгоомжилж буй эрдэмтэн, судлаачдын үгийг сонсох хэрэгтэйг сануулж байна.

Цаг хожих нь чухал хэдий ч хуудуугүй байх нь түүнээс ч чухал. Тавантолгой, төмөр зам хоёрын салшгүй холбоог бүү март.