Ж.ЦОГЗОЛМАА

Манай гаригийн санхүүгийн ганц том хөдөлгүүр, бас хамгийн том импортлогч хэмээгдэж буй Хятад улс  энэ онд зургаан хувиар л хурдаа нэмж чадна хэмээн Олон улсын валютын сангаас дүгнэсэн. Энэ зуур Дэлхийн эдийн засгийн форумд өмнөд хөршийн Ерөнхий сайд Ли Кецян “Манай эдийн засаг хурдаа авч байгаа. Цаашид улам хурдтай өснө” гэж мэдэгдэв. Цагаан хэрмийн эзэд энэ онд 7.4 хувийн өсөлт хүлээж байгаа юм.

Өнгөрсөн онд ч энэ үзүүлэлт нь долоон хувиас хэтрээгүй. Үнэн хэрэгтээ энэ бол сүүлийн 20 гаруй жилийн хамгийн муу үзүүлэлт болсон шүү дээ.

2008 оны хямралыг ажралгүй давсан тэдэнд энэ удаад аз тохиох болов уу. Хил залгаа Монгол гэлтгүй холын Европ, алс дорнод тэр чигтээ Бээжингээс хамаарах болсон болохоор Дэлхийн эдийн засгийн форум ч энэ зүгт анхаарлаа хандуулж байна.

 

БИДНИЙГ ЯМАР ЭРСДЭЛ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ?

Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан гол зүйл бол улс үндэстнүүдийг энэ онд хүлээж буй эрсдэл, түүнийг хэрхэн даван туулах талаарх тайлан. Эрсдэлийн газрын зургийг ч гаргажээ. Эдийн засгийн талаас нь харвал эрчим хүчний үнийн шоок, санхүүгийн хямрал, бүрэн ба хагас ажилгүйдэл, санхүүгийн институц ба механизмын уналт, хөрөнгийн хөөс зэрэг эрсдэл анаж байна. Нийгмийн талаасаа усны хямрал, дэд бүтцийн хомсдол, халдварт өвчний тархалт, террорист халдлагууд, нийгмийн тогтворгүй байдал гээд хохирол, хор хөнөөлүүд ч угтаж байна.

Энэ бүхнийг багцлаад дүгнэвэл, томоохон эдийн засгуудад хөрөнгийн хөөс болон үнэгүйдэл азгүйтэл дагуулах бол нийт дэлхий даяараа эрчим хүчний үнийн шоокийг тойрч чадахгүй нь. Мөн хөгжлийн түлхүүр болсон улс орнуудад санхүүгийн хямрал хүчээ авахаас гадна аль ч улсад өндөр хувьтай ажилгүйдэл, удирдах боломжгүй инфляц ноёрхож мэдэх нь. Геополитикийн талаас засаглалын уналт буюу авлига, хууль бус худалдаа, зохион байгуулалттай гэмт хэрэг, ял шийтгэлээс мултрах, улс төрийн мухардал бий болох магадлалтай юм.

“Эдгээр эрсдэл бодитоор тохиолдвол улс орнууд болоод дэлхийн үйлдвэрлэлд дараагийн 10 жилийн турш сөрөг үр дагавраа үзүүлнэ” хэмээн Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан эрсдэлийн тайланд дурдсан байлаа. Дараагийн 10 жилийн турш хамгийн ихээр санаа зовоосон уналтыг ажилгүйдэл тэргүүлж байгаа бол удирдлагаас гарсан инфляц сүүл мушгижээ. Тиймээс энэ бүхнийг даван туулах гол гарц нь хамтын ажиллагаа, хамтын хүчин чармайлт гэдгийг “Хамтдаа зүтгэж, хамтдаа ачаагаа үүрье” гэсэн уриатай энэ удаагийн форум харуулж байна.

 

БИЗНЕСМЭНҮҮД ЭХНИЙ “ХОХИРОГЧ” БОЛОХ УУ?

Өнгөрсөн онд Дэлхийн эдийн засгийн форумаас эрхлэн гаргасан тулгарч болзошгүй эрсдэлийн талаарх нээлттэй судалгаанд 144 орон оролцсоноос 93 хувь нь дээрх эрсдэлүүд бизнес эрхлэхэд хамгийн их саад тотгор болно хэмээн тайлагнажээ. Ингэхдээ улс орон бүрт дээрх эрсдэл бизнест нь хэрхэн нөлөөлөхийг тодорхой тусгасан байлаа. Томоохон эдийн засагтай барууны орнуудад санхүүгийн гол механизм ба институцийн уналт тохиох бол хөгжиж буй орнуудад мөнгөний урсгал саарч мэдэх нь. Ихэнх оронд нийт эдийн засгийг хамарсан газрын тосны үнийн шоок заналхийлж байна. Тиймээс эдгээр эрсдэлийг даван туулахад улс орнуудын бодлого тодорхойлогчдын зөв шийдвэр, улс орнуудын уялдаа холбоо, ойлголцлыг сайжруулснаар ихээхэн үр дүнд хүрнэ гэдгийг Дэлхийн эдийн засгийн форумын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Клаус Швап тэмдэглэжээ.

 

МОНГОЛ УЛС ЭРСДЭЛИЙГ ХЭРХЭН ДАВАХ ВЭ?

2008-2009 онд болсон дэлхийн эдийн засгийн хямрал улс орнуудыг дамжин харлуулсан их уналтын зөвхөн эхлэл байжээ. Үндэстэн дамнасан корпорациуд хувьцааны ханшийн уналтад сөхөрч, хөгжингүй орнуудын өсөлт саарч, томоохон үйлдвэрлэгч, экспортлогч улсуудад үнийн уналт нүүрлээд байсан билээ. Харин тэр үед Монгол Улс зөвхөн гадаад зах зээлээс болж хямарч байна хэмээн улстөрчид тайлбарлаж байв. Зэсийн үнийн уналтаас үүссэн төсвийн алдагдлыг хандивлагчдын хүчээр нөхсөн 2009 оныг бид мартаагүй.

Дараа нь 2011 онд Оюутолгойн хөрөнгө оруулалт эрс нэмэгдэж, Монгол Улс түүхэндээ анх удаа 17 хувийн өсөлт бий болгосон билээ.

Өнгөрсөн жилүүдийг дүгнэхэд 2008 оны хямралд Монгол Улс гадаад зах зээлээс л болж уналтад орсон бол 2011 онд мөн л гадаад зах зээлд зэсийн эрэлт их байснаас өөдөлсөн хэрэг. Өөрөөр хэлбэл, бид дотооддоо тэнцвэрийн баганагүй явсаар өнөөдөртэй золгожээ. Хариуд нь дэлхийн эдийн засгийн хямрал, эрсдэлүүд биднийг дахиад л ангуучилж байна. Энэ удаад хямрал гэдэг үг зөөлдөхөөр тийм л хүнд байдал манай гаригийн санхүүг бараантуулжээ.

Хэдхэн тоо дурдвал, Хонгконгд Mongolian mining corporation нэрээр хувьцаагаа гаргасан “Энержи ресурс” компанийн хувьцааны ханш 2012 оны нэгдүгээр сарын 20-нд 7.41 хонгконг долларт хүрсэн бол өнгөрсөн баасан гаригт ердөө л 0.31 хонгконг доллар болжээ. 2012 оны хоёрдугаар сард 1357 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш өнгөрсөн баасан гаригт 1947 төгрөгтэй тэнцэв. Бид ингэж санхүүгийн тавцанд бүдэрчээ.

Нээлттэй нийгэм форумын цахим хуудаст Монгол Улсын эдийн засаг сүүлийн дөрвөн улирал дараалан буурсан. Цаашид эдийн засаг 5.3 хувь биш гурван хувь хүртэл өсөх талаар бас дурдсан байлаа.

Тэгвэл манай улс энэ оны төсвийг ч ихээхэн өөдрөгөөр төсөөлөн төлөвлөснийг тус сайтад мөн онцолжээ. Хятад улс сүүлийн дөрвөн жил дараалан удаашрах зуур манай улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт найман улирал дараалан буурсан билээ. Иймээс дээрх бэрхшээлүүд болоод ханшийн дарамтыг төсөвт бодитоор тусгаагүй хэмээн Нээлттэй нийгэм форумынхан тайлбарласан байна.

Энэ онд манай улс инфляцийг долоон хувиас хэтрүүлэхгүй гэсэн нь бусад орныхоос 3-6 хувиар доогуур байгаа нь эргэлзээ төрүүлсээр байна. Өөрөөр хэлбэл, инфляц удирдлагаас гарч мэдэх талаарх Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан эрсдэлийн тайлан бидэнд нэгийг хэлээд байгаа ч байж мэднэ. Ийм байхад бид эрсдэлийг хэрхэн даван туулах вэ.

Улстөрчид нь хямралыг хохирол багатай даван туулахад өөрсдөөсөө эхлэн санаачлага гаргах, иргэдээ уриалан дуудах нь сайн туршлага болж үлдсэнийг улс орнуудын түүхээс эргэн харж болохоор байна. Тэгвэл үүнтэй харьцуулахад Монголд эдийн засгийн хямралыг даван туулах бодит алхам хэр хийгдэж байна вэ.

Их Британийн Ерөнхий сайд хүртэл нийтийн тээврээрээ зорчоод болоод байхад манай дарга нар заавал үнэтэй машин хөлөглөж явдаг зардлыг яагаад тооцож үзэхгүй байгааг асуумаар...

  2012  оны хямралын үед Францын Ерөнхийлөгч өөрийн болоод сайд нарынхаа цалинг 30 хувиар хассан бол тэр онд Малавийн Ерөнхийлөгч эдийн засгийн хямралтай уялдуулан цалингаасаа татгалзаж Засгийн газартаа хандивлажээ. Гэтэл Монголын улстөрчид ээжүүд, хүүхдүүдийнхээ мөнгийг хасах талаар юун түрүүнд ам нээж, орон тоо бөглөж, төсвийг улам данхайлгасаар байгаа төрийн албан хаагчдыг цомхотгох талаар ганц үг ганхийсэнгүй. Харин ч дэд сайд нарыг авч үлдэх гэсэн улс төрийн хөзрийн тоглоомоо үргэлжлүүлэхээр шийдээд байна.

Үүний оронд инфля­цийг хэрхэн бууруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд ямар шинэлэг алхам хэрэгжүүлэх, эрчим хүчний үнийн шоок болон шатахууны үнийн хямралыг хэрхэн давах туулах талаар эрдэмтэн, судлаач, эдийн засагчдынхаа дунд нээлттэй хэлэлцүүлэг зохиох хэрэгтэй гэж үзэх хүмүүс их байна.

 

Эрсдэл гэдэг муу ёрлосон зүйл биш. Харин ухаалаг аргаар аюулыг тойрч гарах, эсвэл хохирол багатай даван туулах явдал билээ.