Г.ГАНЧИМЭГ
“Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагддаг” болохоор хямралыг хялбархан давах аргын нэг нь татваржуулах бодлого гэж зарим хүн сэрүүн зүүдлээд байх юм. Нэгэн цагт И.В.Сталин Монголыг ЗХУ-ын мал, махны хавсрага болгох далд санаагаар маршал Х.Чойбалсанг Москвад дуудаж “Мал сүргээ 200 саяд хүргэ” гэж тушаасан гэдэг. Түүний зарлиг мал улсын өмч байх үед биелээгүй.
Харин одоо таван эрдэнэ маань 60 саяд хүрсэн хэмээх статистик бий. Өөрөөр хэлбэл, монгол хүн бүрт 20 толгой мал ногдож байна. Гэхдээ энэ нь цаасан дээрх тоо. Хар ухаанаар мал өсөхийн хэрээр үнэ нь хямдарч төв суурин газарт амьдарч буй иргэдийн магнай тэнийх учиртай. Гэтэл бодит амьдрал дээр бид дэлхийн өндөр өртөгтэй хотуудынхаас дутахааргүй зах зээлийн ханшаар л махаа авч идэж байгаа.
Хэрэв татвараар дарамтлаад эхэлбэл энэ ханш доошоо биш дээшээ цойлох нь ойлгомжтой.
ХЭТЭРХИЙ МЭРГЭН ТҮШЭЭД
Гэтэл зарим төрийн түшээ “Манай улс одоо 60 гаруй сая толгой малтай болсон тул малын хөлийн татвар авъя” гэдэг мэргэн санаа гаргав. Ингэхдээ малчид, мал бүхий иргэд гэж ялгаварлахгүй. Мал аж ахуй эрхэлж байгаа хүн бүхэн малын тоо толгой тутмаас 500 төгрөгийн татвар төлөх юм байх. Ингэснээр улсын төсөвт дор хаяж 30 тэрбум төгрөг шууд л ороод ирэх юм уу даа, янз нь.
“Даарин дээр давс” гэгчээр заримд нь энэ тоо бага санагдсан бололтой “Уг татварын хэмжээ 6000 төгрөг хүртэл байж болох юм. Ингэвэл энэ тоо 54 тэрбумд хүрэх боломжтой. Үүнийг холбогдох яам, тамгын газрууд хэлэлцэж байгаа. Уг татварыг бэлчээрийн татвартай давхцуулахгүй, нэрийн хувьд малын хөлийн татвар гэдгийг өөрчилмөөр байна гэхчлэн олон санал гаргажээ. Ямартай ч ирэх оноос авч эхлэх малын хөлийн татварын хэмжээг тухайн орон нутаг өөрөө тогтоох юм байна. Тэрхүү татвараа орон нутгийнхаа хөгжилд зориулах хувилбарыг илүүд үзэж байгаа шүү хэмээх мессежийг нийгэмд илгээлээ.
ХӨДӨӨД ХҮН ТОГТОХ АРГАГҮЙ БОЛОХ НЬ
Үнэндээ малын хөлийн татвар гэдэг нь цоо шинэ зүйл биш. Анх 1998 онд энэ татварыг санаачлан бий болгосон ч ганцхан жилийн “нас”-тай байсан. Улстөрчдийн сонгуулийн оноо авдаг зүйлсийн нэг нь малчдад таалагдах ямар нэгэн зүйл хийх байдаг. Тиймээс л малчдад ноос, ноолуурын урамшуулал өгч, нэг хүүхдийнх нь их, дээд сургуулийн төлбөрийг төрөөс дааж, татвар татаасаас чөлөөлж аль байдгаараа эрхлүүлж, “алган дээрээ бөмбөрүүлж” байсан үе бий нь үнэн. Харин одоо энэ нь түүх болон ард хоцорчээ.
ХХААЯ 10 орчим сая толгойг нь хэрэглээндээ зарцуулж, 50 гаруй сая мал өвөлжиж байгаа гэдэг тооцоог урьдчилсан байдлаар гаргасан. Харин малчид шинэ он гаргаад, цагаан сарын дараа малынхаа тоо толгойг дарж эхлэх биз. Татвараас зугатаах гарц нь тэр юм чинь. Өмнө нь иймэрхүү үзэгдэл нийгэмд байсныг түшээд мартчихсан бололтой. Янз бүрийн хөнгөлөлт урамшуулал, дэмжлэгийн хүчээр л Монгол Улс таван хошуу малынхаа тоо толгойг өсгөсөн гэж үзэж буй хүмүүс ч байна.
Тиймээс “алаагүй баавгайн арьсыг 10 хуваана” гэгчээр энэ татварыг сэргээж улсын болоод орон нутгийн төсөвт тодорхой хэмжээний нэмэр хандив болгоно хэмээн том дуугарах нь одоохондоо сэрүүн зүүд гэж зарим нь үзэж буй юм. Өөрөөр хэлбэл, энэ татварыг тухайн малчны харьяа аймаг, сум нь авах уу, хаваржиж зуссан сум нь авах уу, аль эсвэл дайран өнгөрсөн сум сууриндаа өгөх үү гэж маргах нь дэмий цаг үрсэн ажил болох “зураг” харагдаад байгаа аж. Эдийн засагчид ийм дүгнэлтийг хэдийнэ хийж, ирэх сонгуулийн өмнө УИХ-ын гишүүдийг хэлсэн үгнээсээ буцна хэмээн “мэргэ”-тээ буулгажээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн бие даагчдыг төлөөлж “Энэ Засгийн газар малчдын эсрэг бодлого явуулж байна. Эдийн засгийн хүндрэлээр малчдад малын хөлийн татвар ногдуулж, тэдэнд олгодог урамшууллыг хасчихаар малчид хот суурин газар бараадахаас өөр аргагүй болно. Өөрөөр хэлбэл, хөдөө орон нутагт хүн тогтох аргагүй болгох нь” хэмээн эсэргүүцэж, албан ёсоор мэдэгдсэн билээ.
Эндээс харахад, малчдаас малын хөлийн татвар авна гэдэг шийдвэр цаг үеэ олоогүй аж. Эдийн засаг хямрахаар иргэдээ элэгдээд унагаах нь зөв үү, буруу юу гэдэг эрүүл мэтгэлцээнээс илүү улстөрийн сонирхол нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн гэж үзэж буй аж. Тиймээс л “Нөгөө 76 чинь малчдаас дор хаяж 30 тэрбум төгрөг, бүр цаашилбал 54 тэрбумыг татвар хэлбэрээр авна гэж зүтгүүлж буй нь бодлогын алдаа” хэмээн хашгирч байна.