Ч.ОЛДОХ

Манай улс нефтийн бүтээгдэхүүнээр бараг 100 хувь шахам гаднын хараат байдаг. Хүрэн нүүрснээс шингэн түлш  гаргах төсөл хэрэгжсэнээр үүнээс гарнра гэж үзэж буй юм. Төслийн ач холбогдол, цаашид хийх ажлын талаар өнөөдөр шийдлийн Засгийн газар, Ерөнхий сайд болон холбогдох салбарын сайд нарт танилцуулахаар болжээ. Энэ тухай “Гер-Мон Газ” компанийн дэд захирал Б.Мөнхтуяагаас тодрууллаа.

 

-“Гер-Мон Газ” ХХК-иа хэрэгжүүлж буй хүрэн нүүрснээс шингэн түлш гаргах төслийн явц ямар байна?

-ХБНГУ-ын 49 хувийн хөрөнгө оруулалттай “Гер-Мон Газ” компанийг бид 2014 оны эхээр байгуулсан. Энэ компанийн зорилго хүрэн нүүрснээс шингэн түлш, бензин гаргаж авах зорилготой. Технологийн хувьд 1928 оны үеэс бий болгосон Германы унаган технологи. Дэлхийн  II дайны үед Германы цэрэг, арми ашиглаж  байсан бол өнөөдөр Өмнөд Африкийн компаниуд амжилттай хэрэгжүүлж дотоодынхоо нөөц бололцоог хангаж  байгаа. Хятад улс тодорхой хэмжээгээр ашигладаг. Тэгвэл Монгол Улс өнөөдөр  нефтийн бүтээгдэхүүнээр гаднаас 100 хувь хараат байна. 85 хувийг ОХУ-аас, үлдсэнийг бусад улсаас авдаг. Зуухандаа үргэлж галтай байхын тулд өөрийн гэсэн нефтийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх нь гарцаагүй манай улсын хамгийн чухал зорилтын нэг юм. Манай улсын хүрэн нүүрсний нөөц 175 тэрбум тонн гэж ярьдаг бол хөрөнгө оруулагчид нааштай хандаж байна. Энэ нөхцөл бололцоог ашиглан манай улс дотооддоо нефтийн бүтээгдэхүүн, бензин шатахуунаа үйлдвэрлэх боломжтой. Мөн хүрэн нүүрсийг ашиглан их хэмжээний  эрчим хүч үйлдвэрлэж бололцоотой. Түүгээрээ өөрсдийн хэрэгцээг хангаад үлдсэнийг нь нефтийн бүтээгдэхүүн хомс байгаа бусад улс орнуудад экспортлох бүрэн боломжтой. Тэгэхээр төслийн ажил сайн явж байгаа. 2007 оноос монголчуудын санаачилга гарч, төслийн баг хэрэгжүүлэх гэж байгаад дараа нь төртэй хамтарч Монгол Улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Сити Монголиа” компани байгуулагдсан. Түүний 49 хувийг ХБНГУ –ын компани  худалдаж авч, төслийг  хэрэгжүүлэх эхний  санхүүжилтийг хийхээр болсон. Энэ гэрээ маань амжилттай хэрэгжээд явж байна. 49 хувийг худалдаж авсан санхүүжилт нь “Гер-Мон Газ” компанийн  дансанд ороод ирчихсэн, өнөөдөр бид түүгээр нь өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулж байна.

-Төслийн дараагийн алхам юу байх вэ?

-Төслөө эхлэх санхүүжилт авах  шаардлагыг хангасан ТЭЗҮ-ийг бэлтгэх, боловсруулах хэрэгтэй. Олон улсын банк, санхүүгийн байгууллагын шаардлагыг хангасан ТЭЗҮ боловсруулахад  хөрөнгө оруулалтын менежментийг хийж буй компанийн тооцооллоор найман сая евро зарцуулагдахаар байгаа. Үүнийг  Германы Дойче банк тэргүүтэй консорциум хоёр тэрбум гаруй еврогоор санхүүжүүлэх ёстой. Энэ хэлцлийг хоёр тал тохирчихсон байгаа. Тэгэхээр Дойче банкны хүлээн зөвшөөрсөн, магадлан итгэмжлэгдсэн компаниа   Due diligence буюу магадлан шалгах ажиллагааг хийх юм. Магадлан итгэмжлэгдсэн энэ компаниудын гаргаж ирсэн ТЭЗҮ-ээр бид Дойче банкны хоёр тэрбумын хөрөнгө оруулалтыг босгох ёстой. Үүнд бидэнд найман сая евро хэрэгтэй. 50 хувийг нь Германы тал, 50 хувийг нь Монголын Засгийн газар төлөөч. Гэхдээ зээлийн байдлаар авъя, хоёр тэрбум еврогийн их санхүүжилт орж ирэхээр буцааж төлье гэсэн саналыг бид Монголын Засгийн газарт тавиад байж байна. Энэ асудулаар өнөөдөр шийдлийн Засгийн  газар, Ерөнхий сайд болон холбогдох сайд нарт танилцуулна.

-Монголын эдийн за­саг, монгол хүнд өгөөжөө өгөх хугацааг сонирхоё?

-Улс орны эдийн зсагт асар их ач холбогдолтой. Манайд шатахууны үнэ өсөнгүүт талхны үнэ өсдөг шүү дээ. Инфляцыг тодорхойлдог сагсан дахь барааны үнэ хамгийн түрүүнд шатахуун, эрчим хүчний үнэ тарифаас хамаардаг. Тэгэхээр бид бензин шатахууны үнээс хамааралтай баймааргүй байна. Өөрсдөд байгаа түүхий эдээ ашиглан  нефтийн үйлдвэр байгуулж дотоодынхоо хэрэгцээг хангах нь Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдал, цаашилбал манай улсын бие даасан байдалд маш чухал ач холбогдолтой стратегийн бүтээгдэхүүн байгаа юм. Төслийн хугацааны хувьд ТЭЗҮ бэлэн болсноос хойш гурван жилийн дараа буюу 2017 оны эхээр үйлдвэр ашиглалтад орох ирээдүй бий.  Төсөл хэрэгжсэнээр эхний ээлжинд  1600 ажлын байр бий болгоно. Түүнээс ч илүү боломж, бололцоо нээлттэй байгаа. Жишээ нь, нүүрс шингэрүүлэх үйлдвэр дангаараа ажиллахгүй. Түүнийг цэвэрлэх үйлдвэр, түүнчлэн хүчилтөрөгчийн үйлдвэр зэрэг олон салбар болж хөгжинө. Төсөл Шивээ-Овоод хэрэгжих бөгөөд тэнд нийтдээ 1600 ажлын байр бий болох бол түүнийг дагасан дэд бүтэц хөгжинө. 1600 хүний цаана нэг өрх 5-6 ам бүлтэй гэж үзвэл 5000-6000 ажлын байр бий болж, монголчуудын амьдрал сайжрах ирээдүй бий. Нүүрс шингэрүүлэх төслийг дагаж ХБНГУ-ын Siemens,  Шведийн Vattenfall  компани манайд нүүрсээр ажилладаг цахилгаан станц барьж өгөх саналаа өгчихөөд байгаа. тохиолдол гэх үү, аз гэх үү манай төсөлд дэлхийн нэр хүнд бүхий том компанид хамтарч ажиллахаар саналаа ирүүлээд байна. 250-600 мегаваттийн хүчин чадал бүхий цахилгаан станц байгуулах  боломжийн талаар одоо  Засгийн газартай зөвшилцөх л үлдэж байна.