Г.ГАНЧИМЭГ
МҮХАҮТ-ын ээлжит XIX их хурал өчигдөр Соёлын төв өргөөнд боллоо. Дөрвөн жилд нэг удаа болдог энэхүү хурал нь тус танхимын гишүүдийн хувьд эрх барих дээд байгууллага нь. Тиймээс ээлжит хурлаараа МҮХАҮТ-ын даргаар хэнийг сонгох вэ гэдэг нь тэдний хувьд сайдын томилгооноос ч чухал асуудал юм. Энэ удаагийн их хурлын сонгуулиараа удирдах дээд байгууллагаа бодлого, гүйцэтгэх удирдлагын баг хэмээн ялгаж салгаж өглөө. Товчхондоо энэ удаагийн сонгуулийн гол онцлог нь энэ. Өмнө нь тэд нэг л баг байсан бол харин одоо үгүй. Тухайлбал, Удирдах зөвлөлийн дарга буюу Ерөнхийлөгч нь танхимын үйл ажиллагааг бодлогын хувьд удирдан чиглүүлэх, Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд гүйцэтгэх удирдлагын багт заавар, зөвлөмж өгөх үүрэгтэй. Мөн төр засаг, олон улсын болон төрийн бус байгууллагуудтай бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах асуудлаар харилцана. Харин танхимын дарга, орлогч дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг хамтад нь гүйцэтгэх удирдлагын баг гэж үзнэ. Тэд өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, танхимын газар хэлстүүд, гадаад, дотоод салбар нэгж, арбитр, төсөл хөтөлбөрүүдийг нэгдсэн удирдлагаар хангах юм. Мөн түүнчлэн танхимын өмч хөрөнгө, санхүүг олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд захиран зарцуулах эрх, үүрэгтэй аж.
Энэ удаагийн хурал үндсэндээ 2011-2014 онд МҮХАҮТ-аас хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, Хяналтын зөвлөлийн тайлан, МҮХАҮТ-ын дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлт, МҮХАҮТ-ын удирдах дээд байгууллагуудын сонгууль гэсэн үндсэн дөрвөн хэсгээс бүрдэж байв.
XIX их хурал үдээс өмнө хөтөлбөрийнхөө дагуу төлөвлөсөн цагаараа явж байсан ч үдээс хойш хөдөөнөөс ирсэн гишүүдэд мандат өгөөгүй гэдэг маргаан дэгдэв. Энэхүү маргаан нь сүүлдээ хурал үймүүлэх шалтгаан болчихсон. Дорнод, Хөвсгөл, Булган,Өвөрхангай аймгаас ирсэн гишүүд ээлж дараалан босч “Бид наанадаж 200 км, цаанадаж 1000 км-ийн алсаас ирсэн. Хөдөө, орон нутгийн гишүүд нэг аймгаас дунджаар 10 хүн ирсэн байтал нэг л мандат өглөө. Энэ чинь санал таслах эрхгүй болгож байна. Танхим үндэсний хэмжээний гишүүнчлэлтай байтал яагаад хот, хөдөөгөөр нь ялгаж байгаа юм бэ. Хэрэв ингэх байсан юм бол бидний ажил, бизнесийн цагаас хумсалж энд дуудах хэрэггүй байсан шүү дээ. Эдийн засгийн хүндрэлийн үед үр ашиггүй илүүдэл зардал гаргуулж, чирэгдэл учрууллаа” хэмээн шүүмжилж, зарим нь гарч явав. Харин үлдсэн хүмүүс нь нэлээд бухимдалтай байлаа. Тэд “Хөдөөний гишүүд ээ, хэдүүлээ коридорт гарч ахиад нэг танхим байгуулъя” хэмээн ундууцахад зарим нь дор нь өлгөж аваад “Үндэсний сэргэн мандалт” хэмээн тэр дор нь нэр өгч амжив. Энэ мэтээр хурлын заалны уур амьсгал нэг л биш, бүр улстөрчдийн шоу шиг юм болж орхилоо.
Харин зохион байгуулагчид нь “Бид өглөө нийт 444 хүнд мандат олгосон гэдгээ албан ёсоор танилцуулсан. Тэр үеэр энэ санал хүсэлтээ тавихгүй яасан юм бэ. Яагаад хагас өдөр чимээгүй сууж байснаа гэнэт одоо маргаан дэгдээгээд эхлэв. Зохион байгуулалттайгаар зориудаар хурал үймүүлж сурсан хүмүүс байна. Хаанаас гэнэтхэн гараад ирэв. Бид одоо та нарт мандат өгвөл хотын 2000 гишүүн компанийн төлөөлөл “Хуралдаа сууна” гээд ирнэ. Энэ чинь бүх гишүүдийн хурал биш учраас боломжгүй зүйл. Үүнийг та нар сайн мэдэж байгаа” хэмээснээр багагүй цаг хугацаа хумсалсан мандатын маргаан тэгсхийгээд намжив.
Зарим бизнес эрхлэгч үүнийг сандал ширээ горилсон нөхдийн зохион байгуулалттай явуулга гэж үзэж байгаагаа нуусангүй.
Энэ мэтийн маргаан, маапаан эцэслэгдсэний дараа бүх гишүүний тэсэн ядан хүлээсэн сонгуулийн “сунгаа” эхлэх ёстой байв. Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгчид С.Дэмбэрэл, О.Амартүвшин, Б.Лхагважав нар дэвшсэн бол МҮХАҮТ-ын даргад М.Оюунчимэг, Б.Хаш-Эрдэнэ, В.Отгондэмбэрэл, Б.Мөнхцэлмэг орлогч даргад Ц.Янсанжав, Ч.Нэргүй, Т.Золбоот, М.Сарандаваа, С.Бат-Эрдэнэ, ерөнхий нарийн бичгийн даргад Э.Оюунтэгш, С.Мөнхбат нар нэр дэвшсэн юм. Дугаар шилжих мөчид буюу оройн 20:30 цагт тэдний хэн нь ч “бариа”-нд орж амжаагүй л байлаа.