Д.ОЮУНЧИМЭГ
Махны үнэ буурч байгаа сайхан мэдээ тийм ч удаан үргэлжилсэнгүй. Учир нь сүүлийн үед үнэ өсч буй нь хүмүүсийг бухимдуулж байгаа билээ. Энэ удаагийн сурвалжлагаа “Хүчит шонхор” захаас бэлдлээ.
ИДЭШНИЙ ЦАГААР МАХНЫ ҮНЭ ӨСДӨГГҮЙ
/2014.11.22 өдрийн
14.20 минут/
“Хүчит шонхор” худалдааны төвөөр холхилдох хүмүүс олон. Болж өгвөл хэд хоногийн хоолны махаа арай хямд үнээр авахыг хэн бүхэн хүснэ. Тус захад үхрийн ястай мах 6500-6800, цул нь 7000-8000 төгрөг, адууных ястай нь 5000, цул нь 5200-5300 төгрөг, харин хонины ястай мах 5500, цул нь 6200 төгрөг, ямааных 5300-5500, тэмээний мах 5000 төгрөгийн ханштай байв. Энэ нь тус захад жижиглэнгээр зарж буй үнэ. Бусад газруудтай харьцуулахад харьцангуй хямд байлаа. Тухайлбал, долоон буудал дахь “Мянганы уул” худалдааны төвд үхрийн цул мах 7500-8500, хонины ястай мах 6200, цул нь 6800 төгрөгийн үнэтэй байв. Өвлийн идэшний цагаар махны үнэ буурдаг хэмээх хүмүүсийн хүлээлт талаар болж буй бололтой. Махны худалдаачин н.Цэрэн “Нэг үеэ бодвол махны үнэ бага зэрэг өссөн. Гэхдээ өвлийн идэш хийх цагаар нэг их өсдөггүй. Цаашдаа үнэ өсөх байх” гэв. Сүүлийн үед махны үнэ өсч байгаа нь хүмүүсийн бухимдлыг төрүүлж байгаа. Харин ченжүүдийн хэлж буйгаар махны бөөний үнэ өсөхөөр жижиглэнгийн үнэ зайлшгүй өсдөг гэв. Энгийнээр тайлбарласан ч ийм л дүр зураг гарах биз. 60 сая малтай манай улсын хувьд хямд мах идэх боломж бий. Гэвч махчин хэмээн өөрсдийгөө хөөрөгддөг бид чинь махны үнэ тэнгэрт тулсан ч граммлаад ч болов авч байх юм.
БӨӨНИЙ ҮНИЙГ ХЯТАДУУД ХӨӨСРҮҮЛДЭГ
/2014.11.23 шөнийн 03.35 минут/
Хүмүүсийн нэрлэж заншсан “Дэнжийн 1000”-ыг зорьлоо. Яг энэ цаг үед махны худалдаачид болон ченжүүд нь бужигнадаг аж. Шөнийн цагаар мах ачсан машин нэлээд олноороо ирдэг байна. Харин тэд махаа борлуулах гэж төдийлөн удахгүй байлаа. Ирсэн машиныг тосч уулзсан хүмүүс өөр машин руу шууд л ачина. Хонь, ямааны махыг хятадууд их хэмжээгээр авч байгаа учраас махны үнэ бага зэрэг өссөн хэмээн махны худалдаачин хэлж байв. Хятадууд нэг кг махыг 4500 төгрөгөөр авдаг бөгөөд хамгийн багадаа 100 гулууз мах авч байв. Нэг гулууз мах дунджаар 25-30 кг байдаг аж. Тэд авах махныхаа хэмжээг урьдчилж захидаг. Мөн урьдчилгаа мөнгө ч өгдөг гэнэ. Түүгээр холхих зарим нэгэн хүйтэнд даарч хөрөн өдөржин зогсч байснаас 30 минутын дотор бүх махаа борлуулчихаад явсан нь дээр гэлцэв. Шөнө мах борлуулж буй хүмүүс бие биесээ андахгүй. Тиймээс зүс хараагүй хүнтэй барагтай үг солихгүй байлаа. Хэдий хэмжээний мах авах гэж байна хэмээн нэг худалдаачин асууж байх юм. “Гурван гулууз хонь, таван гулууз ямааны мах авах гэсэн юм. 3-4 цагийн хооронд махны үнэ харьцангуй хямд байдаг гэж сонссон болохоор зорьж ирлээ” гэхэд минь, худалдаачин “За даа тийм багаар авах гэж байгаа бол өдөр ирээд авсан нь дээр биз. Бид чинь машинаар нь шууд л өгчихдөг юм. Жижиглэнгээр зарахгүй” гэв. Хэдийгээр махны үнийг өсгөхгүй байхыг боддог ч аль болох үнэд хүргэх нь наймааны хууль гэдгийг ч тэрээр хэлж байлаа. Энэ хууль мөнгө дагасан өнгөгүй амьдралыг бүтээж байгаа нь харамсалтай. Гэвч нэг нь ч гэсэн таван төгрөг арай илүү олж байг хэмээн уужуу ухаантай ард түмэн минь хүлээн зөвшөөрдөг билээ. Бидний хэтэвчний нимгэн зузааныг үл харгалзан үнийн өсөлтөөр дарангуйлж байдаг нь импортын бараа гэлцдэг. Тиймээс импортыг орлох экспортын бүтээгдэхүүнтэй болохыг зорьж буй. Харин экспортод махаа гаргах болсон нь эдийн засагт аятай хөшүүрэг болно хэмээн албаныхан онцолж байгаа юм. Түүнчлэн цувдай, толгой, шулсан яс зэрэг таван хошуу малаас гарч буй бүхий л зүйлийг борлуулдаг байна.