Э.ӨНӨР

Эдийн засгийн хөгжилд ямар асуудал тулгамдаж байгаа талаар  Төрийн соёрхолт, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор Т.Намжимтай ярилцлаа.

 

-Эдийн засгийн хөгжлийн тухай байнга ярьдаг боловч олигтой ахиц дэвшил гарахгүй байна гэх юм. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

- Улс орны эдийн засгийн хөгжлийн асуудалд манай төр засгийн дээд байгууллага, төрийн эрх барьж байгаа хүмүүс дан өнөөдрийг  аргацаах байдлаар биш, цаашдын ахиц дэвшлийг бодож зохистой шийдэл гаргах шаардлагатай болоод байна. Эдийн засгийн хөгжилд арай алсыг харсан бодлого явуулъя гэвэл, УИХ-аас Эдийн засгийн бодлого, төлөвлөлтийн хуулийг нэн даруй батлан гаргах хэрэгтэй. Саяхан татан буугдсан Эдийн засгийн хөгжлийн яам тийм хуулийн төсөл боловсруулаад мэргэжлийн хүмүүсээс санал авч байсан, би ч гэсэн саналаа бичиж өгсөн.

-Тэр хуулийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу ?

-Тийм хуулийн зорилго, агуулга нь эдийн засгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт, бүтцийн тогтолцоог бүрдүүлэхэд оршдог.  Манайх сүүлийн 20-иод жилд эдийн засгийн хөгжлийн тогтсон бодлого, зорилтыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тусгасан төлөвлөгөө хөтөлбөргүй, Засгийн газарт уг асуудлыг эрхлэх эдийн засгийн төв байгууллагагүй, эдийн засгийн суурь судалгааны эрдэм шинжилгээний хүрээлэнгүй урсгалын байдалтай явж ирсэн. Тиймээс Монгол Улсын төр засаг, эдийн засгийн хөгжлийн удирдлага, төлөвлөлтийн тогтолцоотой болох ёстой байна. Тэгж байж улс орныхоо хөгжлийн өнөөгийн төвшинг дорвитой ахиулах бодит үр дүнд хүрнэ.   

-Өнөөгийн нөхцөлд эдийн засгийн хөгжилд ахиц авчрах ямар арга зам байна?

-Бодит эдийн засгийн бүтээн байгуулалтын өндөр үр ашигтай томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, түүний хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шийдмээр байгаа юм. Аливаа улсад тийм төслүүдийг санхүүжүүлэх үндсэн эх үүсвэр нь банкны зээлийн хөрөнгө байдаг. Тэгэхдээ банкны зээл авахын тулд батлагаа шаардагддаг олон улсын хэмжээнд тогтсон нийтлэг журам байдаг гэдгийг бодолцох хэрэгтэй. Тэгэхээр бодит эдийн засгийг хөгжлийн дорвитой дэвшилд хүргэе гэвэл тийм хөгжлийн зорилтыг хангах хүчин зүйлсийн гинжин холбооны загварыг хэрэгжүүлэх шаардлага зайлшгүй тавигдана. Товчхоноор томъёолбол, Хөгжил, Төсөл, Хөрөнгө, Зээл, Батлагаа гэсэн тогтолцоог албан ёсоор бүрдүүлэх юм. 

Энэ нь өнөөгийн нөхцөлд төр засгийн шийдэх ёстой тулгамдсан асуудал болоод байна. Яагаад гэвэл, манай улсад 1990-ээд оноос хойших 25 жилийн хугацаанд эдийн засгийн хөгжилд тогтвортой бөгөөд дорвитой үр дүн хүрээгүй. Энэ урагшгүй байдлын гол учир нь хөгжлийн гинжин холбооны эхний шат буюу хөгжлийн бодлого зорилтыг тодорхойлон тогтоодог эдийн засгийн удирдлага төлөвлөлтийн тогтолцоогүй, урсгалаараа явж ирсэн, хөгжлийн түлхүүр асуудал болох бүтээн байгуулалтын хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлдэг зээл, батлагааны басуудлыг шийдэхгүй байсаар өдий хүрсэн явдал юм

-Эдийн засгийн хөгжлийг урагш ахиулахад нөлөөлөх  бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хэрхэн сонгодог юм. Ойрын үед хэрэгжүүлэх боломжтой ийм ямар төслүүд байна гэж та харж байна?

-Бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хөгжлийн урт хугацааны хөтөлбөрт болон дунд хугацааны төлөвлөгөөнд улс орны дотоодын нөхцөл, нөөц боломж, гадаад захзээл, хүчин зүйлсийг бодолцсон эдийн засгийн судалгаа, үндэслэл тооцооны үндсэн дээр тогтоох ёстой. Тэгээд томоохон төслийн ТЭЗҮ-ээр баталгаажуулж байх нь зүйн хэрэг. Өнөөгийн байдлаар ойрын үед хэрэгжүүлбэл зохилтой, урт хугацаанд яригдаж байгаа хэдэн томоохон төслүүд байна. Тухайлбал, Тавантолгойн ордыг, түүний коксжих нүүрсийг Япон, БНСУ-ын зах зээлд гаргах, мөн БНХАУ-д нийлүүлэх экспортын чиглэлээр ашиглах асуудлыг шийдэх, Дархан-Сэлэнгийн бүс нутаг дахь төмрийн хүдрийн ордыг түшиглэн үрлэн төмрийн үйлдвэр байгуулах, түүний үндсэн дээр Дарханы Хар төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөн шинэчлэх, Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг Монгол, Япон хамтран хэрэгжүүлэх бэлтгэл хангагдсан. Мөн Оюутолгой, Эрдэнэтийн үйлдвэрээс гарч байгаа зэсийн баяжмалыг боловсруулж цэвэр зэс, алт, мөнгө, бусад өнгөт металлын үйлдвэрийг байгуулах, улмаар зэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгох, хялбар хийцийн машин техник, металл эдлэлийн үйлдвэрлэл хөгжүүлэх зэрэг төслүүдийг уул уурхай, өнгөт болон хар металлург, нефть химийн салбарт болон металл боловсруулах, машин байгууламжийн чиглэлээр хэрэгжүүлэхэд илүү анхаарах хэрэгтэй. Түүнчлэн малын ноос ноолуур, арьс ширийг бүрэн боловсруулж эцсийн хэрэглээний бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Тийм туршлага, ололт амжилт манайд урьд нь байсан.

Үүнээс гадна хамгийн чухал төсөл бол Дорно зүгт далайн шинэ гарцын төмөр замыг тавих. Уг төмөр замыг Япон, БНСУ-тай хамтран хэрэгжүүлэх боломж байгаа. Мөн эрчим хүчний шинэ эх үүсвэрийн томоохон цахилгаан станцуудыг барих шаардлагатай байгаа.

-Эдгээр төслийг хэрэгжүүлнэ гээд удаж байгаа. Хэрэгжихгүй цаг алдаж байгаа шалтгаан нь юу вэ?

-Дээр дурдсан бүтээн байгуулалтын томоохон төслүүд хэрэгжихгүй олон жил байна. Үүнд төр засгийн дээд байгууллагыг харьцангуй богино хугацаагаар бүрдүүлж сольдог, эрх баригч хүмүүс томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зохистой шийдлийг гаргах талаар арга эвээ олохгүй байгаа. Үүнд гадаад эх үүсвэрийг авч ашиглах хууль зүйн орчин бүрдээгүй зэрэг нөлөөлсөн. Эдийн засгийн хөгжлийн томоохон төслүүдийн санхүүжилтийг улсын төсвийн хөрөнгөөр, мөн дотоодын арилжааны банкуудын богино хугацаатай, өндөр хүүтэй зээлээр болон Монголын хувийн хэвшлийн компаниудын хуримтлалаар шийдэх боломжгүй гэдэг нь ойлгомжтой.

Хэрэв дөрвөн жил дутам бүрэлдэн байгуулагддаг УИХ, Засгийн газар дээрх нөхцөл байдлыг хэвээр үргэлжлүүлээд байвал улс орны хөгжлийн боломж алдагдсаар байх болно. Манайд цаашдаа томоохон төслүүдийг Засгийн газрын болон үндэсний компанийн шугамаар хэрэгжүүлэх боломжийг бий болгохгүй байгаад байвал, манай баялаг гадаадын компанийн эзэмшилд орсоор байх бөгөөд улс орны үндэсний эрх ашигт таагүй үр дагавартай болж магадгүй юм.

-Тэгэхээр цаашид үүнийг шийдэх ямар арга зам байна вэ?

-Олон улсын хэмжээнд авч үзвэл хөгжингүй эдийн засгийн төвшинд хүрэх түгээмэл арга зам бол банкны зээлийн хөрөнгөөр л өндөр үр өгөөжтэй бодит үйлдвэрлэлийн болон  дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлдэг зүй тогтолтой байдаг. Тийм жишээ баримтыг олныг дурдаж болно. Гэтэл манай УИХ-ын гишүүд, төрийн түшээдийн хэлэлцэж, маргалдаж байгаагаас харахад зээл авбал өр болно гэж хэт болгоомжилдог. Тийм ойлголт хавтгайрсан байдал ажиглагдах юм. Тэгэхээр зээл болгон өр болдоггүй буюу өрийн дарамт үүсгэхгүй байж болно гэдгийг ойлгомоор байгаа юм.

Үнэхээр эдийн засгийн өндөр үр ашигтай буюу өөрийнхөө орлого, хуримтлалаар зээлийн төлбөрийг хийх чадавхитай байх нь ТЭЗҮ-ээр тогтоогдсон үйлдвэрийн санхүүжилтэд зээл авч ашиглах нь томоохон төслийг хэрэгжүүлэх үндсэн арга.

Ингэхдээ олон улсын болон гадаад улсын банкнаас зээл авахын тулд мэдээж хэрэг хаанахын ямар банкнаас ямар нөхцөлтэй зээл авах талаар судалсны үндсэн дээр оновчтой хэлбэрийг сонгох хэрэгтэй. Тухайлбал, Япон улсын Засгийн газрын санхүүгийн байгууллагын болон банкны шугамаар олгодог таатай нөхцөлтэй  хэдэн төрлийн зээлийн хэлбэр байдаг.

Дэлхий дахинаа аливаа банкнаас төр засгийн болон хувийн хэвшлийн шугамаар  зээл олгохдоо Засгийн газраас баталгаа гаргуулдаг нийтлэг журамтай байдаг тул УИХ тийм эрх зүйн нөхцлийг бүрэлдүүлэх хуулийг батлан гаргах нь бидэнд тулгамдсан зорилт болоод байгаа.

Манайд өр зээлийн асуудлыг зохицуулдаг хуулиар гадаадаас авсан бүх зээлийг өр гэж томъёолдог, нийт зээлийн хэмжээ ДНБ-ий 40 хувиас хэтэрч болохгүй гэсэн хязгаарлалтыг тогтоосон байдаг. Засгийн газраас зээлийн нийт хэмжээг ДНБ-ий 60-70 хувь хүргэхээр холбогдох хуульд өөрчлөлт оруулах, зээлийн баталгаанд зориулж ДНБ-ий 20 хувьтай тэнцэх хэмжээний зээлд баталгаа гаргаж байх эрхийг Засгийн газарт олгох зэрэг заалт бүхий хуулийн төслийг УИХ-д оруулсан байна. Улсын хөгжлийн төлөөх эрх ашиг нь тэр хуулийн төслийг УИХ-аар нэн даруй хэлэлцэж баталгаажуулахыг шаардаж байгааг УИХ дахь эрх баригч болон сөрөг хүчин  ойлгож хандана байх. Хэрэв нийт авсан зээлийн хэмжээ ДНБ-ий 40 хувиас хэтэрвэл дааж давахгүй өртэй болох юм шиг хэт болгоомжлоод байвал улс орны хөгжлийн төвшинг ахиулах өндөр үр өгөөжтэй, стратегийн үндсэн ач холбогдолтой бодит эдийн засгийн бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлэх үйл хэргийг боомилсон хэвээр, улсын үндэсний эрх ашиг хохирсоор байх болно.

Тийм болохоор Монгол Улсын төсөв санхүүгийн чадавхийг дорвитой өсгөн арвижуулах, эдийн засгийн өсөлтийг зөвхөн худалдаа наймааны хүрээнд төдийгүй, бодит үйлдвэрлэлээр хангах хөгжлийн бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хэзээ ч хэрэгжүүлж чадахгүй. Бахь байдгаараа өмнөх шигээ байна.

-Зээлийн баталгааг төрийн болон хувийн хэвшлийн шугамаар хэрэгжүүлэх томоохон төслийн аль алинд нь гаргаж болох уу ?

-Энэ бол манай төр засгийн түшээдийн нэгдмэл ойлголт шийдэлтэй болох шаардлагатай байгаа асуудал. Улсын хөгжилд ахиухан хувь нэмэр оруулах томоохон төслийг төрийн болон хувийн хэвшлийн аль ч шугамаар хэрэгжүүлэх тохиолдолд уг төслийн зээлд Засгийн газраас бүхэлд нь баталгаа гаргах нь зүйтэй юм. Үүнтэй холбогдуулан нэг анхаарах асуудал бол манайд Ашигт малтмалын томоохон ордыг стратегийн орд гэнэ гэсэн нэг ангилал бий. Тэгвэл улс орны нийт салбар хүрээний, хүн амын хэрэгцээг хангах болон экспортод гаргах, мөн импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, улсын төсөв санхүүг аривжуулах, эдийн засгийн өсөлтөд нөлөө үзүүлэхүйц нэмүү өртөг бүтээдэг томоохон үйлдвэрийг ч мөн  стратегийн ач холбогдолтой үйлдвэр гэж тооцдог болох хэрэгтэй.

Ер нь стратегийн ач холбогдолтой томоохон үйлдвэр байгуулах төслийг хувийн хэвшлийн оролцоогүй дан төрийн шугамаар, эсвэл төрийн оролцоогүй хувийн хэвшлийн шугамаар дагнан хэрэгжүүлэх боломж хомс байгаа. Мөн гадаадын банк бол төрийн оролцоотой томоохон төсөлд зээл олгох хандлагатай байдгийг бодолцож, томоохон төслийг аль ч хэлбэрээр хэрэгжүүлэхээс үл хамааран Засгийн газраас зээлийн баталгаа гаргадаг байх хэрэгтэй.