Б.БАРС

ХХ зууны сүүлийн хагаст Европын түүхэнд болсон томоохон үйл явдал 1990 оны аравдугаар сарын 3-нд тохиож, хоёр Герман улс эргэн нэгджээ. Энэ өдөр Берлинд социалист БНАГУ-ын төрийн далбааг буулгаснаар энэ улс оршин тогтнохоо больсон юм.

Дэлхийн II дайнд ялалт байгуулсан холбоотон улс орнууд нацист Германыг өөр өөрийн нөлөөний бүсэд хуваасан бөгөөд АНУ, Их Британи, Францын нөлөөний бүсэд ХБНГУ ЗХУ-ын нөлөөний бүсэд БНАГУ-ыг үүсгэн байгуулсан билээ.

Зүүн Европ болон Монголд ардчиллын салхи сэвэлзэх болсон 1980-аад оны сүүлээс хоёр хуваагдсан Герман газар нутаг болон улс төрийн тогтолцооны хувьд эргэн нэгдэх эхлэлийг тавьжээ. Хамгийн түрүүнд Унгар улс Австрийн хил дээрх өргөст тороо авч, төдөлгүй 1989 оны арваннэгдүгээр сарын 9-нд ЗХУ-ын тэргүүн М.Горбачёвын шууд оролцоотойгоор 28 жилийн турш хуваагдмал Германы бэлгэ тэмдэг болж байсан Берлиний ханыг нураажээ. Берлиний хана үгүй болсноор хоёр Герман нэгдэх цаг ойртсон нь хэнд ч илэрхий болсон байна.

Улмаар 1990 оны тавдугаар сарын 18-нд Бонн хотноо ХБНГУ болон БНАГУ эдийн засаг, валют, нийгмийн холбооны тухай гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээ мөн оны долдугаар сарын 1-нд хэрэгжиж эхэлжээ. 1990 оны наймдугаар сарын 23-нд БНАГУ-ын тус улсын таван мужийг ХБНГУ-ын бүрэлдэхүүнд шилжүүлэх шийдвэр гаргаж, мөн сарын 31-нд зүүн Берлинд хоёр Германы удирдлага улс орны хувьд нэгдэх гэрээг үзэглэжээ.

Ингээд, 1990 оны аравдугаар сарын 3-нд Берлинд нийслэлтэй нэгдсэн Герман улсыг зарлан тунхагласан түүхтэй. Энэ өдрийг өдгөө Герман даяар үндэсний эв нэгдлийн баяр хэмээн тэмдэглэдэг болсон байна.

1863 ОН

АНУ-ын Ерөнхийлөгч А.Линколн арваннэгдүгээр сарын 4-нд уугуул иргэд, цагаачлан ирэгсдийн эв нэгдлийн Талархлын баяр тэмдэглэж байх шийдвэр гаргажээ.

1895 ОН

Оросын суут яруу найрагч С.Есенин тус улсын Рязань мужийн Константиново тосгонд төржээ.

1906 ОН

Берлинд болсон олон улсын далайн бага хурлаар 29 орны төлөөлөгч хөлөг онгоцны сүйрлийн тухай нэгдмэл нэг “SOS” дохиог баталжээ. Энэ дохиог хүлээн авсан ойр хавьд буй аливаа орны хөлөг онгоц тусламж үзүүлэхээр болсон байна. “SOS” морзе кодоор аль ч хэлэнд тус бүр гурван цэг, таслалаас бүрддэг маш энгийн тул ийн санал нэгтэйгээр батлагдсан аж.

1929 ОН

Серб, хорват, словенуудыг нэгтгэсэн хаант улс албан ёсоор Югослав гэж нэрлэгдэх болов.

1993 ОН

ОХУ-ын парламентын удирдлага тус улсын Ерөнхийлөгч Б.Ельцинийг түлхэн унагаж, бүх эрх мэдлийг гартаа авахыг эрмэлзэн Москва хотын захиргааг эзлээд зогсолгүй Останкины телевизийн төвийг довтолжээ. Үүнийг Б.Ельцин “фашист-ком­мунист бослого” хэмээн мэдэгдээд Москвад онц байдал зарлан хот руу цэрэг оруулсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин