Э.СОЛОНГО

Томоохон хорооллын бохир усны шугам сүлжээнд анх удаа хуванцар хоолойн технологи нэвтрүүлж, Эрдэнэт хотод Монголын хамгийн өндөр хүчин чадалтай цэвэрлэх байгууламж босгох бүтээн байгуулалтад оролцож буй “Ар дааган” компанийн захирал Э.Гантулгыг Бизнес, хөгжил буланд урьж, ярилцлаа.

 

-Танай компанийг барилгын шугам сүл­жээний томоохон төс­лүүдийг хэрэгжүүлж бай­гаа гэсэн. Төслүүдээ товч­хон танилцуулахгүй юу?

-Манайх 10 жил инженерийн шугам сүлжээ, газар дор цэвэр, бохир усны хоолой угсарч байна. Сүүлийн жилүүдэд барилгын салбар хурдтай хөгжиж, энэ салбарт төрөөс хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн тоо ч нэмэгдэж байна. Энэ хэрээр барилгын салбарт шинэ технологи, шийдлийг нэвтрүүлэх хэрэгтэй болсон.

Бидний хийж байгаа зүйл ч гэсэн зах зээл, дэлхийн хөгжлийн жамаар Монголд нэвтэрч, одоо л өөрийн гэсэн зах зээл байр сууриа олж байна. Олон жилийн нүүр үзэж хуучирч элэгдсэн хотын шугам сүлжээнд илүү чанартай, бага зардлаар суурилуулдаг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хуванцар хоолойг нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Дэлхийн хотууд цэвэр, бохир усны шугам сүлжээгээ хуванцар хоолойгоор шийддэг болоод удаж байгаа. Харин энэ технологи Монголд нэвтрээд удаагүй байна. Манайд саяхнаас томоохон хотхон, хорооллынхоо шугам сүлжээг хуванцар хоолойгоор шийддэг  болсон. Манайх энэ чиглэлээр томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. “Буянт-Ухаа1” хорооллын шугам сүлжээг хуванцар хоолойгоор шийдсэн. Монголдоо бараг анх удаа хорооллын бохир усны шугамыг энэ технологиор шийдсэн гэж болно. Эрдэнэтэд хоногт 21 мянган шоо метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барьж байна. Энэ цэвэрлэх байгууламж Монголд хамгийн том хүчин чадалтайд тооцогдоно  гэж хэлж болно. 

Манай улсын шугам сүлжээний хоолой бүгд гангаар хийсэн төмөр хоолой байдаг. Одоо үүнээс татгалзах цаг болсон. Дэлхийн ихэнх хот хуванцар хоолой ашигладаг. 

-Хуванцар хоолойн онцлог, давуу тал нь юу вэ. “Буянт-Ухаа1” хорооллын шугам сүлжээг хугацаанд нь амжиж угсарч чадсан уу? 

-Хуванцар хоолой төмөр буюу ган хоолойноос илүү олон жилийн настай. Хамгийн багадаа 50 гаруй жил ашигладаг. Гэтэл манай улсад ашиглаж байгаа төмөр хоолой хэдхэн жилийн дараа зэвэрч, зэвэндээ идэгдэж элэгддэг. Мөн ган хоолойноос хуванцар хоолойд угсралтын зардал бага ордог. Ер нь бохир усны шугамын хоолойг  газар дор гүнд булдаг. Манайх шиг хүйтэн, эрс тэс уур амьсгалтай оронд бүр гүн суурилуулах шаардлагатай болдог. Тэгж байж шугам хоолой хөлдөхгүй. Тиймээс цэвэр, бохир усны шугамын хоолой дээр ирэх ачааллыг сайн даах шаардлагатай. Атираатай хуванцар хоолой дээрээс өгөх ачааллыг ган хоолойноос илүү даах чадвартай. “Буянт-Ухаа1” хорооллын шугам сүлжээний угсралтын ажлын тендерийг нэлээд орой зарласан. Гэрээнд заасны дагуу өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээр ажил эхлээд аравдугаар сард ажлаа дуусгасан.  Шахуу, давчуу хугацаанд хийсэн ч ажил чанартай болсон. 10.5 км урт бохир усны хоолой угсарсан. Энэ хорооллын хоёр дахь ээлжийн барилгын цэвэр усны шугамыг бас манайх хийнэ. Нийт 15 км урт цэвэр усны шугам сүлжээний угсралтыг таван компани хийнэ. Ажил энэ өвөл эхлээд ирэх наймдугаар сард хүлээлгэж өгнө. Ер нь манайд барилгын ажлын тендерийг ид ажил өрнөж байх дулааны улиралд зарладаг. Дараа нь тендерт оролцсон компаниудыг сонгон шалгаруулах гэж баахан цаг алдана. Тендерийг цаг бус цагаар зарладаг нь барилгын салбарт ажил хийж байгаа хүн бүрийн “толгойн өвчин” болж байна. Бид ажил эрчтэй урагшилдаг дөрөв, тав, зургадугаар сараа тендерээс болж алдаж байна.

-Сонгон шалгаруулалтыг эрт зарлаж, барилгын ажлыг эрт эхлүүлэх талаар мэддэг, шийддэг газарт нь хэлсэн ч нааштай  үр дүн гарахгүй юу?

-Уг нь барилгын ажлын тендерийг арав, арваннэгдүгээр сард зарлаж, гуравдугаар сард ажил эхэлж байх ёстой. Гэтэл манайд барилгын ажил ид явагддаг хаврын улиралд тендер зарлаж, сонгон шалгаруулах гэж явсаар зунтай золгодог. Зарим барилгын ажил тендерээс болж бүр наймдугаар сард эхэлдэг. Ийм байтлаа ажлаа хурдан хийж дуусга гэж дээрээс шахна. Эрт тендерээ зарлавал ажил эрт дуусна. Цаг хугацаанд ч баригдахгүй чанартай зүйл гараас гарч таарна. Тендерээ эрт зарлахыг барилгын компанудын удирдлагууд мэддэг, шийддэг байгууллага, хүмүүст нь хэлж байгаа. Ингээд ч асуудал шийдэгдсэн юм алга. Хамгийн эрт зарласан тендер гуравдугаар сард гардаг. Гэтэл энэ сард газар гэсэж байдаг. Үүнтэй зэрэгцээд ажил эхэлж байх ёстой байхгүй юу.   

-Энэ салбарт ажиллаад 10 жил болж байгаа гэлээ. Энэ хугацаанд хэр туршлагажив. 10 жил гэдэг танай салбарт хэр их зүйлийг хийж амжуулах хугацаа вэ?

-Барилгын салбарт бол 10 жил бол залуу тоо. Гэхдээ нийслэлийн шугам сүлжээг сайжруулах, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, барилгын салбарын өсөлтийг дэмжих гээд төрийн эдгээр бодлогыг дагаад энэ салбарт ажил хийж байгаа компаниуд хөгжиж дэвшиж байгаа. Нэг үеийг бодоход компаниуд хийх юмтай  ч болж байна. Нөгөө талаас төр ч гэсэн бодлогынхоо хүрээнд энэ салбарыг дэмжиж байгаа. Энэ хэрээр авсан тендер, хийж байгаа ажлынхаа хүрээнд туршлагажиж байна. Төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны томоохон  хороолол барих, сумдыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд хамтарч энэ хэрээр туршлага сууж байгаа гэж боддог.    

-Өнгөрсөн хугацаанд хувийн хэвшил, гадны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч гээд янз янзын хүмүүстэй хамтарч ажилласан байх. Харин төр засагтай хамтарч ажиллахад эдгээрээс юугаараа онцлог байв. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Буянт-Ухаа” хороололд танай компанийг төртэй хамтарч ажилласан гэж ойлгож байгаа?   

-Ерөнхийдөө салбарын яамаараа дамжуулж төртэй харилцаж ажилласан. Яамаар дамжиж тендер зарлагдана. Яамтай гэрээ хэлэлцээрээ байгуулна. Давуу тал нь гэвэл төрөөс гүйцэтгэгч компаниудыг шахаж, чанар гүйцэтгэлд илүү анхаарч тэр хэрээр ажлын хурд, чанарт нөлөөлдөг болов уу. 

-Барилгын салбар бол манай улсын эдийн засгийг тэлэх гол салбаруудын нэг гэдэг. Энэ утгаар нь танай салбарыг, та нарын ажлыг төрөөс хэр дэмжиж байна?

-Ернхийдөө энэ салбарыг төрөөс дэмжиж байгаа. Гэхдээ барилгын ажил олны нүдний өмнө ил байхад бидний хийсэн зүйл хүмүүс ирэхээс өмнө, айлууд байрандаа орохоос түрүүлээд газар дор булагдчихдаг болохоор тэр бүр үнэ цэнийг нь мэдэрдэггүй. Уг нь бол барилга, байшинтай ялгаагүй бүтээн байгуулалтын ажил өрнөдөг. Төрийн байгууллагуудад бидний хийж байгаа ажлын бэрхшээл, эрсдэлийг ойлгодог хүн тун ховор. Тэднийг бидний хийсэн ажилтай танилцахаар ирэхэд ажил дуусч, угсарч, суурилуулсан зүйлээ булаад, газраа тэгшилчихсэн үе ч таарна. “Төрөөс өчнөөн мөнгө авчихаад юу хийсэн юм бэ. Нүдэнд харагдах олигтой юм алга” гэнэ. Угтаа бол өчнөөн олон хоног газар дор бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа шүү дээ.

-Төр энэ салбарыг муугүй дэмжиж байгаа. Хийх ажилтай ч болгож байна гэлээ. Тэгвэл ажил хийхэд бэрхшээл хэр тулгарч байна? 

-Нэг үеийг бодоход ажил төлөвлөсний дагуу урагшилж байна. Сүүлийн жилүүдэд барилгуудын дэд бүтцийг шийдэх талаар төрөөс нэлээд анхаарч байгаа. Энэ хэрээр ажил урагштай байгаа. Юм хийж байгаа хүнд бэрхшээл тулгарна. Дээр дурдсан тендерийн асуудал байна. Санхүүжилт, хөрөнгө оруулалт  шийдэхэд асуудал үүснэ. Үүнээс гадна шугам хоолой угсралтын ажлын үнэлгээ маш муу байдаг. Аль дээр үеийн үнэлгээгээр бидний хийсэн ажлыг үнэлдэг гэсэн үг. Гэтэл бараа бүтээгдэхүүн, бусад үйлчилгээний үнэ бараг сар болгон нэмэгдэж байгаа биз дээ.

-Хотын цэвэрлэх байгууламжийг сайжруулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар та ямар бодолтой явдаг вэ. Эрдэнэт хотод барьж байгаа шиг байгууламжийг нийслэлд барих боломж хэр байгаа вэ?

-Эрдэнэт хотын цэвэрлэх байгууламжийг манайхтай нийлээд гурван компани барьж байгаа. Ер нь Монголд байгаагүй том цэвэрлэх байгууламж гэж хэлж болно. Франц, Германы шинэ технологийг тэнд нэвтрүүлж байгаа. Монголд хоногт 21 мянган шоо метр бохир ус цэвэрлэдэг хүчин чадалтай цэвэрлэх байгууламж байхгүй. Нийслэлийн цэвэрлэх байгууламжууд хүчин чадлаа даахаа байсан. Одоо нийслэлчүүдийн санаа зовоож байгаа асуудал бохир усны асуудал байгаа. Миний бодлоор шинээр цэвэрлэх байгууламж барих гэж баахан хөрөнгө мөнгө цацсанаас хуучин байгууламжийнхаа тоног төхөөрөмж, технологийг сайж­руулах хэрэгтэй байгаа юм. Мон­­голд энэ чиглэлээр турш­лагаж­сан компани олон байгаа. Манай нийслэлийн цэвэр­­лэх байгууламжийн асуудал үндэсний аюулгүй байдалд хүртэл хүрээд байгаа. 

-Танай компанийг дотооддоо хуванцар хоолойн үйлдвэр барихаар төсөл боловсруулсан гэж дуулсан?

-Монголын анхны  өндөр нягтаршилтай хуванцар хоолойн үйлдвэр барих төсөл боловсруулсан. Төсөл боловсруулаад хоёр жил болж байна. Санхүүжилтээс болж хуванцар хоолойг дотооддоо үйлдвэрлэх төсөл маань зогссон. 2005 оноос хойш Хятадаас оруулж ирсэн хоолойд хэдэн ч үйлдвэр барихаар мөнгө зарцуулсан. Барилгын салбар хөгжиж, төрөөс хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн тоо ч өсч байна. Үүнийг дагаад цэвэр, бохир усны шугам сүлжээнд ашигладаг хуванцар хоолойн эрэлт хэд дахин өсч үүнд зарцуулж байгаа валютын хэмжээ ч нэмэгдэж байна. Эдгээр шалтгаанаас үүдэн  дотооддоо  өндөр нягтаршилтай полиэтилен, хуванцар хоолойн үйлдвэр байгуулах шаардлага манай зах зээлд байгаа юм. Энэ эрэлтэд тулгуурлаж бид төслөө боловсруулсан юм. Үйлдвэр барих санхүүжилтээ төрөөс хэрэгжүүлж байгаа хөнгөлөлттэй зээлээр шийдэх гэж өнгөрсөн жил зарласан 888 төсөлд төслөө хамруулсан. Засгийн газраас “Танай төсөл шалгарсан” гэсэн хариу ирсэн. Гэвч санхүүжилт нь одоо болтол орж ирээгүй байна. Банкаар дамжиж манайд ирэх юм билээ. Банкнаас асуухаар Засгийн газраас хариу ирээгүй байна гэдэг. Үүнээс гадна төсөл банкны барьцаа хөрөнгө дээр гацах юм билээ.

-Энэ үйлдвэр бий болсноор эдийн засагт ямар өөрчлөлтүүд гарах вэ?

-Зах зээлд үүссэн энэ их эрэлтийг хангана. Эхний ээлжинд бид дотоодын эрэлтийн 60 хувийг хангахаар тооцоолоод байгаа. Ойрын жилүүдэд багтаж эрэлтийг 100 хувь хангах нөөц бололцоо бидэнд бий. Төрөөс хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, барилгын салбарын өсөлт, уурхайн уурхайн хөгжлийг дагаад энэ бүтээгдэхүүний эрэлт эрс нэмэгдсэн. Энэ хэрээр гадагшаа манай улс их хэмжээний мөнгө гаргаж байгаа. Төсөл хэрэгжсэнээр валютын урсгал буурна. Мөн дотоодын зах зээлд сайн чанарын бүтээгдэхүүн нийлүүлнэ. Хятадаас 60 тоннын машинаар 12 метрийн урттай хоолой тээвэрлэдэг. 60 тонны машинд 10 тонн л багтдаг. Тэрнээс илүү багтдаггүй. Их овортой учир замын зардал их гардаг.  Наана Эрээнээс авдаг бол бас өөр. Хятадын хойд хэсгийн хотуудаас тээвэрлэдэг. Тэгэхээр хол газраас тээвэр хийх хэрээр зардал өсдөг гэсэн үг. Дотооддоо үйлдвэрлэдэг болсноор ядаж тээврийн зардалд зарцуулж байгаа мөнгөөр энд бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно.