Б.ДАМДИН-ОЧИР
Коксжих нүүрсний дэлхийн хоёр дахь том орд бол Тавантолгой. Нэгдүгээрт бичигддэг нь Австралид байдаг аж. Манайхан энэ ордоо ашиглах шийдээ хэдийнэ гаргасан ч өнөө хэр нь амжиж эхлүүлээгүй байна.
2010 оны долдугаар сарын 7. Энэ өдөр Монгол Улсын Их хурлаас “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” тогтоолыг гаргаж байв. Энэ нь дээрх ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуваалгүйгээр эзэмшүүлэх, хувьцаанаас нь Монголын иргэд үнэгүй хүртэх, мөн үндэсний компаниудад хувьцаанаас нэрлэсэн үнээр өгөх үндсэн агуулгатай тогтоол байв.
Мөн “Эрдэнэс Тавантолгой”-той гэрээ байгуулан олборлолт явуулах оператор компани буюу стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах, улмаар гэрээ байгуулан ажиллах зарчмыг тусгасан байв.
Тухайн үед Ерөнхий сайд байсан Сү.Батболдод уг ажлыг гүйцэтгэх үүрэг оногдсон юм. Ингээд Сү.Батболд нар хөрөнгө оруулагчдад зургаан шаардлага тавьсан сонгон шалгаруулалтыг зарлалаа. Сонгон шалгаруулалтад оролцох компани нүүрс тээвэрлэх төмөр замаа тавих, урьдчилгаа төлбөр өгөх, далайн боомт ашиглах зөвшөөрөлтэй байх, транзит тээврийн хямд үнэ санал болгох, боловсруулах үйлдвэр байгуулах, шилдэг технологи ашиглах... гэсэн шалгуур шаардлага тавьсан юм.
Энэ дагуу Хятадын “Шиньхуа энержи”, ОХУ-ын “Төмөр замуудын нэгдэл”, АНУ-ын “Пийбоди энержи”, “Арселор метал”, “Вале”, “Экстрата” гэсэн зургаан оролцогч материалаа өгсөн байдаг. Гэсэн ч сонгон шалгаруулалтын ажил явахгүй байсаар 2011, 2012 оныг өнгөрөөж, улмаар өнөөдөртэй золгоод байгаа.
Тавантолгойн Баруун Цанхийн нүүрсийг Хятадын зах зээлд гаргах, улмаар транзита тээвэр хийж гурав дахь зах зээлд хүргэх төмөр замын шугам, транзитын аятайхан үнэ, боомтын зөвшөөрөл энэ тэр нь тодорхой бололгүй, бас гэрээ хэлэлцээр нь Орос, Хятад, Монголын улс төрийн нөхцөл байдал, улстөрчдөөс шалтгаалан гацсаар өнөөг хүрчээ. Сонгон шалгаруулалт удааширсан шалтгаан энэ.
Оросын тал ч, Хятадууд ч өөр өөрийн нөлөөллийг энэ ордод илүү оруулах сонирхол нь ийнхүү удаашрах шалтгаан болсон бөгөөд манай Засгийн газар чухам л хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг болсон гэх. Гэхдээ Оросууд Кызыл орчмынхоо нүүрсний асар их нөөцөөс Алс Дорнод, Хятадын зах зээлд хүргэх өөрт хэрэгтэй төмөр замын сүлжээг байгуулсны дараа манай Тавантолгойн нүүрсийг Хятад руу нийлүүлэх боломжтой байх тактиктай уг сонгон шалгаруулалтад оролцосн тухай учир мэдэх хүмүүс хэлдэг.
Ямар сайндаа л Ерөнхий сайд Сү.Батболд 2011 оны долдугаар сарын эхээр тун хачин шийдвэр гаргаж байхав. Уг шийдвэрт Тавантолгойн ордын 40 хувьд Хятадын компани хөрөнгө оруулах, Оросын компани 36 хувь, үлдсэн 24 хувийг Америкийн компанид өгч болох юм гэсэн байв. Энэ нь бүтэлтэй болсонгүй. Уг шийдийг олон нийтэд зарласны дараа хувь оногдоогүй гурван компани сонгон шалгаруулалтыг орхисон байдаг. Ингээд Тавантолгойн сонгон шалгаруулалтын рингэн дээр Орос, Хятадыг Америктай үлдээсэн ч өнөөдүүл нь ямар нэг ам өчиг өгч, ажилдаа орохгүй байсаар 2012 онтой золгов. Тиймээс манайхан 2012 онд Баруун Цанхийн хөрсийг өөрсдөө хуулж, олборлосон нүүрсээ урагш нь зөөж эхэлсэн. Гэвч удалгүй дэлхийн зах зээлд нүүрсний үнэ суларч энэ олборлолт зогссон. Харин Зүүн Цанхийн хувьд тухайн үеийн Монголын улстөрчид шийдвэр гарган, нүүрсээр нь барьцаалж байгаад Хятадын “Чалко”-оос 350 сая ам.долларын зээл авчихсан. Уг гэрээнд Ерөнхий сайд С.Баяр гарын үсэг зурж байв. Өнөөдөр “Чалкогийн гэрээ”-г мэдэхгүй монгол хүн тун ховор болсон болохоор илүүг нурших нь дэмий хэрэг биз.
Ингэж бүтэлгүйтэж явсаар ямар нэг үр дүнд хүрсэнгүй. Харин өнгөрсөн зун, наймдугаар сарын 20-нд Засгийн газар 268 дугаартай тогтоол гаргалаа. Тэр нь “Таван толгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” нэртэй. Энэхүү тогтоолыг гаргах, улмаар 2010 оноос хойш сураг алдраад байсан сонгон шалгаруулалтыг сэргээх нөхцөл бүрдсэн аж. Юу гэвэл Хятадын дарга Си Зиньпин Монголд айлчлахдаа Хятадын нутгаар дамжин өнгөрөх транзит тээврийн үнийг 40 хувь хөнгөлөхөөр болсон нь шинэчлэлийн Засгийн газар зориг гарган хөдлөх хөшүүрэг болсон гэх тайлбарыг зарим судлаач хийж байгаа. Мөн энэхүү тогтоолооор 2010 онд тавьж байсан сонгон шалгаруулалтын шаардлага үндсэндээ өөрчлөгдөв.
Засгийн газрын 268 дугаар тогтоолын хамгийн гол заалт нь 1-ийн Ж дэх хэсэг. Уг заалтад ...Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний хүрээнд ордыг ашиглаж үйл ажиллагаа явуулах хөрөнгө оуулагч компанийн 51 хувиас багагүй хувийг Монгол Улсад нүүрс олборлох, боловсруулах, тээвэрлэх, экспортлох, үйл ажиллагааг таваас доошгүй жил эрхэлсэн туршлагатай, хувьцааных нь хяналтын багцаас доошгүй хувь нь Монгол Улсын иргэний өмчлөлд сүүлийн таван жилийн хугацаанд байгаа хувийн хэвшлийн оператор компани болон компаниудын консорциум өмчилдөг байх... гэсэн байгаа. Чухамдаа энэ шалгуурыг хангадаг ганц л аж ахуйн нэгж Монголд бий. Тэр бол MCS компанийн “Энержи ресурс”. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын 268 дугаар тогтоолын дагуу Тавантолгойн ордын стратегийн хөрөнгө оруулагч нь буюу шинэ эзэн нь MCS компани болж таарах нь. MCS компани Тавантолгойд ажиллахдаа баримтлах шаардлага, үүргүүдийг ч тогтоолд тусгажээ. Хамгийн эхэнд MCS нь Тавантолгойн ордын “Эрдэнэс Тавантолгой”-н мэдэлд байгаа тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авалгүйгээр “Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ”-ний хүрээнд ашиглах талаар тусгажээ. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас Хятадын “Чалко” компанид төлбөх өрийн үлдэгдлийг хариуцан төлж барагдуулах гэнэ. Одоогоор “Чалко”-д төлөх өрийн үлдэгдэл 110 сая ам.доллар байгаа талаар эх сурвалжийн мэдээ байгаа юм.
Түүнчлэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг өөрийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад орсноос хойш 30 жилийн дараа 51 хувийг төрийн мэдэлд үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх үүргийг MCS компани хүлээнэ. Ер нь энэхүү тогтоолын хэрэгжилтээр өмнөд хөрш рүү явах төмөр замын царигийн асуудал нэг тийш болж байгааг учир мэдэх хүмүүс хэлж байна.
268 дугаар тогтоолд зааснаар сонгон шалгаруулалтыг ирэх арваннэгдүгээр сарын 1-ний дотор үргэлжлүүлэн явуулж дүгнэнэ. Шалгарсан компанитай арванхоёрдугаар сарын 15-ны дотор гэрээ байгуулахыг ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг хариуцан ажиллаж буй ажээ.
Бид сонгон шалгаруулалтын явцын талаар ЗГХЭГ-аас тодруулах гэсэн боловч тодорхой хариу авч чадсангүй. ЗГХЭГ-аас “Эрдэнэс Тавантолгойгоос асуу. Тэднийх мэдээлэл өгнө” гэсэн бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийнхан “ЗГХЭГ мэднэ...” гэсэн юм. Юутай ч энэ талаар эрх баригчид мэдээлэл өгөх дургүй байна. Гэхдээ хэдхэн хоногийн дараа арваннэгдүгээр сарын 1-нд MCS компани сонгон шалгаруулалтад яллаа гэсэн дүгнэлтийг гаргах нь нэгэнт тодорхой болжээ.
Дөрвөн жилийн өмнө, энэ сонгон шалгаруулалтыг эхэлж байхад нүүрс гэдэг магнаг байлаа. Тавантолгой дэлхийн анхаарлыг татаж сонгон шалгаруулалт эхлэхээс өмнө дэлхийн хэмжээний 15 том компани сонирхлоо илэрхийлж, зарим том группийн эзэд нь Монголд саатаж байв. Харин өнөөдөр хэдийгээр эрхийг нь нээлттэй орхисон ч “хураангуй жагсаалтын зургаа” энэ удаагийн сонгон шалгаруулалтад оролцоогүй. Нэгдүгээрт, оролцох шаардлагагүй. Учир нь нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр нам унасан. Хоёрдугаарт оролцоод нэмэргүй. Монголын MCS ялна.
Дөрвөн жилийн өмнө сураггүй байсан Орос, Казакстан улсууд өнөөдөр коксжих нүүрсний олзворлолтоо хийж, Хятад руу зөөгөөд эхэлсэн. Тиймээс Тавантолгойг MCS-д менежмэнтээр өгөх нь магадгүй хамгийн сайн хувилбар нь байж мэдэх юм.