Э.СОЛОНГО
Цалингийн хэмжээ өмнөх улирлаас 3.1 хувиар өсчээ. Дундаж цалинтай иргэн сард 786 мянган төгрөгийн орлого олж байгааг Статистикийн хорооноос мэдээллээ. Гэвч инфляц улирал, сараар өсч байгаа нь цалин нэмэгдээд ч хувь нэмрээ өгөхгүй байгааг иргэд хэллээ.
ЯСТ МЭЛХИЙН ХУРДТАЙ ЦАЛИНГИЙН НЭМЭГДЭЛ
Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 33.5 мянган аж ахуй нэгж хамрагдсан байна. Эдгээр байгууллагад ажилладаг хүмүүсийн сарын дундаж цалин 786.7 мянган төгрөг байгаа. Энэ нь өмнөх улиралтай харьцуулахад 3.1 хувиар өссөн үзүүлэлт аж. Статистикийн хороо цалингийн нэмэгдлийг орон нутагт бүсээр ангилахад баруун болон зүүн бүст долоогоос дээш хувийн өсөлттэй байсан бол нийслэлд дундаж цалин 849.2 мянган төгрөгт хүрч өмнөх сараас 1.8 хувиар өссөн байна. Харин аль салбарт цалин өндөр байгааг олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн газар болон уул уурхай, олборлолтын салбарынхан арай ахиу цалин авч байгаа аж. Олон улсын байгууллагад ажилладаг хүмүүс сард дунджаар нэг сая 581.7 мянган төгрөгийн цалин авч байгаа бол уул уурхайн салбарынхан дунджаар нэг сая 544 мянган төгрөгийн цалин авч байгаа аж. Харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарт ажилладаг хүмүүс хамгийн бага цалин болох 532.5 мянган төгрөгийн орлоготой байгааг тус хорооноос судалжээ. Гэвч зарим компанийн үйлчилгээний ажилчид сард дунджаар 420 мянган төгрөгийн цалинтай байгааг тэдгээр компанийн тайланд дурджээ.
ЖОЛООГҮЙ “ХУРДЛАХ” ИНФЛЯЦИЙН ӨСӨЛТ
Он гарсаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурсан мэдээ дуулдсангүй. Харин ч Статистикийн хорооноос инфляц улирал бүрт өгсөж байгааг мэдээлэх болов. Өнгөрсөн сард гэхэд инфляц 1.4 хувиар өсчээ. Үүнд их, дээд сургуулийн төлбөр, орон сууц болоод цахилгааны үнийн өсөлт, мөн хувцас хэрэглээний үнэ өссөн нь нөлөөлжээ. Монголчууд шинэ сарыг инфляц өссөн тухай мэдээгээр угтаж байгаа нь өнгөрсөн саруудад өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ 0.4, 0.9, 1.3, 1.4 хувиар өссөн гэх статистик үзүүлэлтээс харж болно. Сар бүрт инфляцийн хувь өөр өнгөнд хувирахад аливаа бараа, үйлчилгээний идэвхитэй үе нөлөөлж байгааг судлаачид онцолсон. Тухайлбал, монголчууд өвлийн улиралд цахилгаан, дулаан, махны үнэ инфляцийн өсөлтөд ташуур болсон бол хаврыг барилгын материал, хүнсний ногооны үнийн өсөлттэй угтаж, зуныг ус, ундааны төрлийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр үдэж, энэ улиралд сургалтын төлбөр, орон сууцны үнийн өсөлттэй золгоод байна. Инфляц зөвхөн нийслэлд ингэж өссөнгүй. Цалин 1.8 хувиар нэмэгдсэн орон нутагт ч түүний өсөлт жолоогүй юм шиг “хурдалжээ”. Өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ бүх аймагт дунджаар 0.2-5.5 хувиар өсчээ. Үүнээс Сэлэнгэ аймагт хамгийн ихээр буюу 5.5 хувиар өссөн байна. Эндээс харахад жилдээ ганцхан удаа нэмэгддэг цалин өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийн хурдыг гүйцэхгүй байна. Тэгэхээр цалингийн энэ нэмэгдэл амьдралд нэмэргүй, цаасан дээрээс цаашгүй тоо болж таарлаа.