Б.СОЛОНГО

Шатдаг занар нь нүүрсээс дутахааргүй илчлэгтэй, задрал сайтай ашигт малтмал гэнэ. Энэ бүтээгдэхүүнийг дангаар нь ашиглаж, эрчим хүч, түлшний асуудлаа төвөггүй шийдэж байгаа улс орон ч байдаг ажээ. Манай оронд шатдаг занарын нөөц арвин бий гэж эрдэмтэд баталж байна. “Монголын алт” компани энэ чиглэлээр судалгаа, шинжилгээг хийж эхэлсэн бөгөөд тодорхой төслийг ч эхлүүлжээ. Энэ хүрээнд эрдэмтэн, докторуудыг урьж санал бодлыг нь сонссон юм. Монголд шатдаг занарын ол­борлолт, боловсруулалтын асуудлыг бодлогын төвшинд авч үзэх шаардлагатай байгаа аж. Тиймээс ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очир­батыг томилсон байна. Түүнээс цөөн асуултад хариулт авсан юм.

-Шатдаг занар, хүрэн нүүрсний талаар та бүхэн ярилцаж байна. Эдгээр ашигт малтмалыг өмнө нь яагаад анхаардаггүй байсан юм бол?

- Дэлхий нийтийн санааг зовоож байгаа нь шингэн түлшний асуудал  учраас шатдаг занар, хүрэн нүүрсийг ашиглах тухай эрчимтэй ярихаас аргагүй болж байна. Ялангуяа шатдаг занар. Нүүрсийг бодвол задрал сайтай, шингэрүүлэхэд амархан чулуулаг байгаа юм.  1980-1990 оны үед  шатдаг занарыг ашигтайд тооцдоггүй байсан учир хаячихсан юм. Гэтэл хүрэн нүүрс, шатдаг занарыг боловсруулах асуудал дэлхийн том гүрнүүдийн анхаарлыг татаж байгаа чухал судалгааны ажил болж хувирлаа. Америк, Хятад зэрэг том гүрнүүд шатдаг занарыг боловсруулж шингэн түлш үйлдвэрлэх асуудлыг ирээдүйд хийх том зорилт гэж тодорхойлсон байна. Ер нь ХХI зуун бол нефть, химийн бүтээгдэхүүний зуун болох нь гэж үзэж байгаа. Өмнө нь дэлхийд ч тэр, манайд ч тэр шатдаг занарыг тоодоггүй байсан. Харин одоо занарын нөөцөө ашиглаж, химийн бүтээгдэхүүн болоод шингэн түлшний үйлд­вэрлэлээ нэмэгдүүлж, нефтийн бүтээгдэхүүнээс хамааралтай байдлаа арил­гах, үндэсний аюул­гүй байдлаа хамгаалах чухал шаардлага тулгараад байна. “МАК” компани энэ асуудлаар маш өргөн хүрээтэй судалгаа хийж, туршилтын үйлдвэр хүртэл байгуулсан байна. Монгол Улсад шатдаг занарыг ашиглах талаар төрийн бодлогын загвар боловс­руулж, гүн боловсруулалт хийх асуудлыг судалж, санал боловсруулах ажлын хэсэг ч байгуулагдсан. Одоогоор би ахалж байгаа юм.

-Шатдаг занар түүхий эдийнхээ хувьд нүүрсээс ашигтай байж чадах уу?

- Мэдэхгүй хүн харахад царай муутай эд л дээ. Шаргал, хөх саарал холилдсон чулуу байгаа юм. Гэхдээ 2000-2500 калорийн илчтэй. Шингэрэх, задрах чанар сайтай. Шингэрүүлж түлш болгоход их тохи­ромжтой. Мөн бидний тоодоггүй хүрэн нүүрс байна. Манайх 160 тэрбум орчим тонн нүүрсний нөөцтэй гэж бодоход түүний 40-өөд хувь нь хүрэн нүүрс байдаг. Мөн л шингэн түлш болгоход их тохиромжтой, гарц сайтай бүтээгдэхүүн.

-Шатдаг занарыг ашигладаг улс орны туршлага байдаг уу?

-Эстони эрчим хүчнийхээ хэрэгцээг занараар хангаж байна. Усан онгоцныхоо бүх түлшийг өөрсдөө үйлдвэрлэж байна. Өөр бусад улсууд ч бий. Тэдэнд гол нь өөр ашигт малтмалын нөөц байхгүй. Харин манайд асар их нөөц байна. Нүүрстэй болохоор занарыг тоодоггүй л байсан байхгүй юу. Одоо хүссэн, хүсээгүй тоодог болно. Ялангуяа шингэн түлш, шатдаг хий болгох зориулалтаар ашиглах өргөн боломжтой.

-Манай орны хаагуур нөөц нь их байна?

-Занарыг тоодоггүй байсан учир нийт нутгаар өргөн дэлгэр судалгаа хийгээгүй л дээ. Одоо судалгаа хийгдсэн нөөц нь ерөнхийдөө өмнөд болон зүүн хэсэгт байна. “МАК”-ын судалсан Хөөтийн орд бол зүүн өмнө талын занарын ордуудын нэг. Нүүрс, занар хоёр холимог оршдог өвөрмөц тогтоцтой.

-Шатдаг занарыг боловсруулах асуудал зөвхөн судалгааны явцад байна. Цаашид ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Мэдээж сайн судлах хэрэгтэй. Яаж боловсруу­лах, юу гаргаж авахыг нарийн тодорхойлох ёстой. Хамгийн гол нь энэ ажилд төрийн бодлого, дэмжлэг хэрэгтэй. Хувийн хэвшлийн ганц компани судалгааны ажил, үйлдвэр зэргийг бие дааж хийхэд дэндүү ачаалалтай, зардалтай. Эцсийн эцэст ямар компани хийж байгаа нь чухал биш. Монгол Улс өөрийн баялагаа иж бүрэн ашиглах, богино хугацаанд үр дүнд хүрэх шаардлагатай байна. Тиймээс төрөөс хүч хамтарч энэ чиглэлд бодлого боловсруулах ёстой. Хийж байгаа компаниа алдвал алдаг, оновол оног гээд орхиж болохгүй.