Э.СОЛОНГО
Манай улсад түрээсийн талаар судалгаа хийдэг байгууллага байдаггүй аж. Түрээсийн тухай хууль ч үгүй. Түрээсийн бизнес зах зээлд хэдэн хувийг эзэлж байгаа, эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа, түрээс өрхийн орлогын хэдэн хувийг эзэлж байгаа нь тодорхойгүй байна. Тиймээс л эзэнгүй газрын бумба галзуурна гэгчээр байрны эзэд түрээсээ дуртай үедээ нэмж, дургүй нь хүрвэл түрээслэхгүй гэж аашлаад арай ахиу мөнгөтэй нэгэнд хөлслүүлдэг дүр зураг энэ зах зээлд ноёрхоод удаж байгааг Түрээслэгчдийн нэгдсэн холбооныхон хэлж байна. Өнгөрсөн гурван сард орон сууцны үнэ буурсан судалгааг үл хөдлөх хөрөнгө зуучлалын “Мастер Пропертис” компаниас гаргасан. Тус компанийн судлаачид байрны хямдралыг “Орон сууцны зах зээлд сүүлийн нэг жил гаруй хугацаанд гараагүйгээр үнэ буурсан. Валютын ханшийн өсөлт, уул уурхайн салбарын уналт, Монголд орж ирж байгаа валютын урсгалаас хамаарч байрны үнэ 0.5 хувиар хямдарсан. Мөн энэ хямдралд нийслэлд баригдаж байгаа 355 орчим барилга нөлөөлсөн. Одоогоор үүний 214 нь ашиглалтад орж борлуулалтаа хийж байна” гэж тайлбарласан юм. Орон сууцны үнэ өмнөх жилээс буурсан ч байрны түрээс өмнөх жилийнхээс 5-10 хувиар нэмэгдсэн талаар оюутнууд хэлж байлаа. Мөн тэд өнгөрсөн жилийн зарын сонин дээрх мэдээлэлтэй харьцуулахад түрээс нэмэгдсэн байгааг онцолсон. Нийтийн байр, орон сууц, хажуу өрөө, хашаа байшин, хонгилд зассан сууц, гэр гээд олон янзаар төрөлжсөн орон байрны түрээс, түүний олдоц хэр байгааг сурвалжиллаа.
“ХАЖУУ ӨРӨӨНД ХҮҮХЭДГҮЙ АЙЛ БАЙЛГАНА”
Хажуу өрөөний түрээс хэд байгааг сураглаж орон сууцуудаар явлаа. Хотын төвд байрлалтай орон сууцны эзэд хажуу өрөөгөө 200-300 мянган төгрөгөөр түрээслэнэ гэлээ. Мөн тэд “Хажуу өрөөнд хүүхэдгүй 2-3 гишүүнтэй айл байлгана” гэсэн шалгуур тавьж буйгаа сануулсан юм. Хотын төв дэх Боловсролын их сургууль, Бөхийн өргөө, тавдугаар сургууль, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, МУИС-ийн ойролцоох 1-2 өрөө орон сууцны түрээсийн төлбөр сард 650-1.4 сая төгрөг байна. Энд ихэвчлэн гадаад иргэдэд түрүүслэнэ гэсэн эзэдтэй таарлаа.
НИЙТИЙН БАЙРНЫ ТҮРЭЭСЭНД УРАМШУУЛАЛ ЗАРЛАВ
Сургуулиасаа өмнө нийтийн байрыг зорьсон оюутнууд 20 хүрэхгүй ам метр талбайд гурав, дөрвөөрөө байрлана гэлээ. Хоёр хүн зэрэгцээд явахад шахцалдахаар нарийхан хонгилтой нийтийн байрны жижиг өрөөнүүд аль хэдийнэ оюутнуудаар дүүрчээ. Нар тусдаггүй сүүдэр талдаа цонхтой хоёрхон байр үлдсэнийг байрны эзэн оюутнуудад хэлэв. Дэнжийн 1000 хавьд нийтийн байрны 18 ам метр өрөөнд сард 160 мянган төгрөгийн түрээс төлж суухаар гурван оюутан өрөөнийхөө түлхүүрийг хүлээж авч буйтай таарлаа. Мөн байрны эзэн түрээсийн өрөө үзэхээр ирсэн залууст түрээсээ 10-12 сараар төлбөл 110-120 мянга, зургаан сараар өгвөл 140 мянган төгрөг болж хямдарна эсвэл 1-2 сар түрээс төлөхгүйгээр суух боломжтойг хэллээ.
ХОНГИЛД ЗАССАН ХОЁР ӨРӨӨ 280 МЯНГАН ТӨГРӨГ
Хонгилд засч тохижуулсан өрөөг хэдээр түрээсэлж байгааг сонирхсон юм. Олны хэлж заншсанаар подвалийн түрээсийн төлбөр мөн л байршлаасаа хамаараад өөр өөр байна.
Хонгилд засч тохижуулсан 2-3 өрөөний сарын түрээс 180-280 мянган төгрөг бол нэг өрөөг 120-160 мянган төгрөгөөр түрээслэхээр байна.
ХАШАА, ГЭРИЙН ТҮРЭЭС ХАМГИЙН ХЯМД
Түрээсийн орон байрнуудаас хамгийн хямд нь хашаа, байшин, гэр байлаа. Хотын төвөөс холгүй гэр хороололд хашаа байшиныг сард 100-180 мянган төгрөгөөр түрээсэлж байгаа бол хотоос зайдуу зусланд хашаа байшингийн түрээс 70-100 мянган төгрөг байна. Харин хашаа байшинг нь харж хамгаалах үүрэгтэй айлд сард 30 мянган төгрөгөөр түрээслэнэ гэдгээ 32-ын тойрог дахь хашаа байшингийн эзэн хэлэв. Мөн тэр хавьд нэг га хэртэй хашаанд барьсан гэрүүдийг сард 120 мянгаар түрээсэлдэг гэлээ.