Д.ОЮУНЧИМЭГ
Нийслэлийн нийтийн тээврийн системийг шинэчлэх, үйлчилгээг боловсронгуй болгохоор 10 хоног туршилт хийж эхлэв. Автобусны чиглэлд өөрчлөлт орж, богино зайд шуурхай үйлчилнэ хэмээх салбарынхны мөрөөдөл анхны алхамаа хийлээ. Гэвч энэхүү ажил нь будлиантай эхэлж байгаад хүмүүс сэтгэл дундуур байгаа юм. Будлиантай гэдэг нь нийтэд мэдээлэл байхгүйгээс үүдсэн хэрэг.
БУРУУ ХӨЛ ДЭЭРЭЭ БОСОВ УУ?
Өдөрт 500 төгрөгийн тасалбараар автобус сэлгэн үйлчлүүлэх болсон нь таатай мэдээ. Гэвч бууж суух нь төвөгтэй хэмээн иргэд ярьж байна. Бүх зүйлийг бэлэнчилж сурсан нь бидний муу зуршил. Уг нь энэхүү үйлчилгээг илүү боловсронгуй болгосноор нийтийн тээврийн үйлчилгээг олон улсын жишигт нийцсэн тав тухтай, шуурхай болгоно хэмээн салбарынхан зорьж буй аж.
Түүнчлэн нийслэлийн тээврийнхэн нуруундаа үүрэх ачаагаа хувийн хэвшлийнхэнд үүрүүлсэн хэмээн эх сурвалж хэлж байв. Буруу хөл дээрээ босов уу, будлиантуулах сонирхол хэн нэгэнд байв уу. Ямартай ч шинэ үйлчилгээний бэлтгэл ажил муу байгааг хүмүүсийн бухимдлаас харж болох юм. Мэдээлэл, сурталчилгаа муу байгаагаас иргэдийг хөлдөө чирсэн нь эхэлж буй ажилд том саад болж байгааг албаныхан анхааралдаа авах биз. Харин хувийн хэвшлийнхэн тав тухтай үйлчилгээ үзүүлэхээр борви бохисхийлгүй ажилласан хэмээн кондуктор, жолооч нар хэлж байлаа. Алдаа оноогүй ажил гэж юу байхав хэмээн амиа аргацаадаг цаг ард хоцорсон гэдгийг эрхэм дарга нарт дуулгая.
ТӨӨРӨЛДСӨН ЗОРЧИГЧИД
Туршилтын анхны өдөр хаашаа явж буйгаа мэдэхгүй төөрөлдөж хотын хөгжилтэй танилцсан хүн олон бий. Харин энэхүү хямдхан аялал зорчигчдийг хоёр хэсэгт хуваажээ. Нэг хэсэг нь автобусанд сууж, дамжиж, сэлгэж явахаасаа залхаж эхэлсэн бол нөгөө хэсэг нь аль болох үнэгүй зорчихыг илүүд үзэж байх шиг. 500 төгрөгийн тасалбарыг автобусны буудал дээр зарж байгаа. Гэвч хүмүүс төдийлөн авахгүй байгааг тасалбар борлуулагчид хэллээ. Мөн тэд өдрийн нормтой учраас бараг л айлын хаалга тогшихоос наана байгаагаа ч дуулгав. Харин автобусанд суусан зорчигчийг шалгах хүн таарсангүй. Тиймээс тасалбар авахгүйгээр автобусандаа орчихвол үнэгүй зорчоод байж болохоор болж гэх нэгэнтэй ч таарав. Нөгөөтэйгүүр аль буудлаас ямар автобус, хаашаа явж байгааг ойлгоогүй хүмүүс олон байлаа. Тасалбар борлуулагчид ч тодорхой мэдээлэлгүй байсан нь шинэчлэлийн ажлын сурталчилгаа муу байгааг илтгэнэ. Тиймээс автобусны буудал дээр маш олон хүн бөөгнөрч, аль нэг чиглэлийн автобус ирмэгц бүгдээрээ дайрч, зүтгэх аж. Ингэснээр автобус богино зайд, ачаалал багатай үйлчлэх бус эсрэгээрээ хаа сайгүй хүн дүүрэн чихэлдсэн автобуснууд явах болов. Мөн чоно борооноор гэдэг шиг халаасны хулгайч олширсон гэдгийг зорчигчид хэллээ. Үнэгүй юманд нугасгүй хэдэн нөхдөөс хэнэггүй зорчигчдоо ааштай хэмээн адлагддаг кондукторууд чадлынхаа хэрээр хамгаалдаг байсан аж.
3.1 ТЭРБУМААР 10 ХОНОГ ЗУГААЛАХ НЬ
Энэ мэтээр нийтийн тээврийн үйлчилгээг боловсронгуй болгох оролдлого эхнээсээ нэлээд олон хүндрэлтэй “нүүр тулж” байна. Юун түрүүнд чиглэлийг хэрхэн, яаж илүү боловсронгуй болгох вэ гэдэг нь чухал. Мөн шинэ маршрутаар хүмүүсийн тархины багтаамж, сэтгэн бодох чадварыг шалгаж буй бололтой. Түүнчлэн хүмүүсийн ухамсарт автобусны тасалбараа үнэнчээр авах ёстой гэдгийг арилахгүйгээр суурилуулах хэрэгтэй хэмээн тасалбар борлуулагчид хэлж байв.
Нийтийн тээврийн системийг шинэчлэх ажлын эхлэлд зориулан нийслэлээс 1.3 тэрбум, хувийн хэвшлээс 1.8 тэрбум төгрөг зарцуулж буй ажээ. Ийнхүү 3.1 тэрбум төгрөгөөр хүмүүсийг 10 хоног зугаалуулсны эцэст алдагдалгүй ажиллах боломжоо нээхийг зорьсон гэнэ.
Ямартай ч нийтийн тээврийн шинэчлэл дөнгөж эхэлж байна. Цаашдаа улам сайжирч, боловсронгуй болох биз. Нийслэлийн удирдлагууд нийтийн тээврийн салбарын шинэчлэлийг эхлүүлэхдээ хүмүүсийг нэг автобусанд чихцэлдүүлнэ гэж тооцоолоогүй байх. Сүүлийн гурав хоногт автобусны буудлууд яг л 90-ээд оны эхэн үеийг санагдуулам болчихсон байв. Энэ нь шинэ системд ямар нэгэн “алдаа” байна гэсэн үг. Алдааг олоод засаж залруулан, таниулан сурталчлах үүрэгт ажлаа дорвитойхон хийхийг холбогдох албаныханд сонордуулъя.