Д.ОЮУНЧИМЭГ
“Буянт-Ухаа-1” хорооллын оршин суугчдыг тодруулах сугалааг өнгөрсөн тавдугаар сарын 10, 11-нд явуулсан билээ. Тухайн үед уг хороололд амьдрахаар 9094 хүн бүртгэгдсэнээс 3159 хүн шаардлага хангаагүй хэмээн хасагдаж 5935 хүн оролцож байв.
“ТЭНГЭРЭЭС ОД ШҮҮРЭГЧИД”
Нийт 1540 хүн “байртай болсон” нь саяхан. Өөрөөр хэлбэл, сугалааны тохирол гарсны дараа л шууд байрныхаа түлхүүрийг гартаа атгасан мэт хөөрцөглөж байв. Тэд тэнгэрээс од шүүрэхтэй адил байртай болох эхний даваагаа давсан билээ. Харин дараагийн даваа нь урьдчилгаа төлбөр. Түүний дараа банкны зээлийн шалгуур. Энэ бүгдийг давж чадсан нь жинхэнэ аз нь шовойж, од нь гийсэн байж таарав. Гэтэл одоогоор 323 хүн урьдчилгаа төлбөр төлөөгүй гэдэг шалтгаанаар буцаагдсан байна. Байрныхаа төлбөрийг 100 хувь барагдуулсан 82 хүн нэг дор байрлахгүй учраас хүлээж байгаа хэмээн ТОСК-ийн хэлтсийн дарга Т.Гэрэлт-од хэлэв. Уг нь “Буянт-Ухаа-1”-ын сугалаанд хожсон хүмүүс тавдугаар сарын 23-нд байрандаа орох байлаа.
ХАШАА БАЙШИНГИЙН “ЭРЛЭГ”
Сугалаанд хожсон хүмүүс хуруу хумсаа хугалах шахан байж урьдчилгаа болох гучин хувийг төлөв. Төлөх төлөхдөө өөрт байгаа үл хөдлөх хөрөнгө болох хашаа байшингаа зарсан хэмээн азтанууд ярьж байлаа. Өнгөрсөн тавдугаар сард хашаа байшин зарна гэсэн зар илт олширсныг зарын сайт болон сониныхон хэлж байсан юм. Эрэлт, нийлүүлэлтийн хуулиар нийлүүлэлт нь хэтэрсэн хашаа байшингийн үнэ шалдаа буусан гэдгийг ч хүмүүс хэлэв.
Өдгөө банкны шалгуурт хөл нь бүдэрсэн “азтанууд” урьдчилгаа төлбөрөө буцааж авсан ч өмнөх шигээ хашаа байшин худалдаж авч чадахгүй. Учир нь урьдчилгаанд талбайгаасаа хамааран 12-26 сая орчим төгрөг төлжээ. Гэтэл 25 сая төгрөгөөр захын хорооллын хашаа байшин авна гэсэн үг. /www.ezar.mn, www.osmo.mn зэргээс харж болох юм/ Ийнхүү байртай болох гээд хашаа байшингаа золигт гаргасан иргэдийг яах вэ. ТОСК-ийн хэлтсийн дарга Т.Гэрэлт-од “Банкны асуудлыг бид зохицуулах ямар ч арга байхгүй. Засгийн газраас гаргасан 36 дугаар тогтоолд банкнаас тавигдах шалгуур шаардлагыг хангасан байх ёстой хэмээн заасан байгаа” гэв. Харин тэрхүү зохицуулалтыг олж харалгүй гоомой хөдөлсөн нь хүмүүсийн буруу бололтой.
СУГАЛААНЫ ТОХИРЛЫГ 40 САЯАР ШУУД ДАМЖУУЛЖЭЭ
Төрийн орон сууцны корпорациас “Буянт-Ухаа-1” хорооллын 323 азтан хөрөнгө мөнгөний бололцоогүй зэрэг шалтгаанаар орон сууцнаасаа татгалзсан хэмээн наадмын өмнө мэдэгдсэн. Тэдгээр хүмүүсийн оронд сугалаанд оролцсон ч сонгогдоогүй хүнээс сонголт хийх боломж гарч буйг ч дуулгасан. Энэхүү сугалааны тохирлыг маргааш буюу энэ сарын 19-нд Монгол бөхийн өргөөнд явуулахаар болсон билээ. Харамсалтай нь энэ удаа сугалаа явуулах хугацааг хойшлуулснаа тус корпорацийн хэлтсийн дарга Т.Гэрэлт-од хэллээ. Учир нь бөхийн өргөө засварт орсон аж. Сугалааг явуулах өөр газар хайж буй гэнэ. МҮОНТ-ын хоёрдугаар сувгаар шууд дамжуулахдаа 40 орчим сая төгрөг зарцуулсан байна. Энэ нь 33.47 ам метр талбайтай байрны зардал юм. Ийм үргүй зардал гаргаж байхын оронд ядарсан нэг хүнд бэлэглэхгүй яав хэмээн харуусмаар. Харин дахин сугалааг явуулахдаа зардлаа хэмнэн 3-4 орчим сая төгрөг төлөхөөр газар хайж байгааг албаны хүн хэллээ.
АЛАГЧЛАХГҮЙ ХЭМЭЭН ДАХИН ХҮН ХОХИРООХ УУ?
Өмнө нь хүмүүсийн орлоготой эсэхийг тооцолгүй сугалаа явуулсан нь олон иргэдийг чирэгдүүлсэн. Зарим нэг нь орох оронгоороо ч тоглоод авсныг сүүлийн хоёр сарын турш хүмүүс халаглаж байна. 323 хүний буцаасан байр бас хүмүүсийн сонголт хийгээгүй байр гээд үлдсэн хэдийгээ эзэнтэй болгохоор ТОСК-ийнхон сугалааны тов зарласан. Гэвч тэрхүү ажлыг гүйцэтгэхдээ аавын хүүг алагчлахгүй гэнэ. Алагчлахгүй гэдгийн цаана нэг өрх хашаа байшингаа орон сууцаар солихоор хохирох вий гэсэн болгоомжлол байна. Тодруулбал, урьдчилгаа төлбөрөө төлсөн ч орлого хүрэхгүй гэдэг шалтгаанаар банкны шалгуурт бүдэрсэн хүмүүс байраа буцаасан билээ. Түүнтэй адил олон хүн дахин сугалаанд орох магадлалтай. Хүмүүс банкны шалгуурт бүдэрвэл ТОСК-ийнхон яаж чадахгүй гэдгээ хэлэв. Төрөөс ард түмнээ харж үзэн 20 гаруй сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн аж. Тус хорооллын талбайн үнэлгээ зах зээлийн үнээс хавьгүй хямд хэмээн тайлбарлалаа. Тиймээс төрийн хайр хишгийг зөв шингээх нь ард түмний сонголт бололтой.