Д.ОЮУНЧИМЭГ

Г.ХУЛАН

Өнгөрсөн жилээс нийслэлийн гудамж талбай өнгө алагласан цэцэг, ногоон зүлэгээр гоёх болсон. Энэхүү цэцгүүдэд энэ жил 5.8 тэрбум төгрөг зарцуулахаар болсон байна.

 

500 МЯНГАН ЦЭЦЭГ үү, 500 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ ҮҮ?

 

Өнгөрсөн жил 4.7 тэрбумыг цэцэгжилтэд зарцуулж байжээ. Харин энэ жил энэхүү хөрөнгө 1.1 тэрбумаар өссөнийг иргэд шүүмжилсээр байна. Өөрөөр хэлбэл, 1.1 тэрбумаар 2-5 насны 10 бүлэгтэй цэцэрлэг нэгийг барих боломжтой гэдгийг эдийн засагчид хэлж байна. Магадгүй ийнхүү төсөв өссөн нь инфляцид 30 хувь идэгдсэн мөнгөний ханшаас шалтгаалж буй хэмээн тайлбарлах биз. Гэвч албаныхан болон мэргэжилтнүүдийн хэлж буйгаар эх орны хөрсөнд тарьж ургуулсан цэцгээр нийслэлийн гудамжийг гоёжээ. Тиймээс өнгөрсөн жилийн төсөв өсөхгүй байх боломжтой гэнэ. Учир нь тухайн компанийн өнгөрсөн жилийн гаргасан зардлаас тийм ч хол зөрөхгүй байх учиртай хэмээн зарим эдийн засагч, судлаачид хэлсэн юм.  Тодруулбал, цэцгийг валютаар худалдаж авдаггүй, үрслүүлээд эх орондоо тарьж буй юм. Түүнчлэн ажиллах хүчний цалин нэмэгдээгүй гэдгийг цэцэг тарьж буй зарим хүмүүс хэллээ.

Сүүлийн жилүүдэд цэцэрлэгийн нэг бүлэгт 40-50 хүүхэд суралцдаг болсон талаар хүн бүр хэлдэг. Тиймээс ачааллаа дийлэхээ больсон цэцэрлэг оршин суугчдынхаа хүүхдүүдийг бүгдийг нь хамруулж чадахгүй байгаа тухай түмэн бэрхшээл тоочдог. Жил бүрийн намар цэцэрлэг, сургууль шинээр барих болно хэмээн эрхэм гишүүд ам уралдан ярьдаг ч өдгөө хэрэгжсэн нь нэгээхэн ч үгүй. Эндээс харахад дор хаяж 500 хүүхэд цэцэрлэгээр хүмүүжих боломж бүрдэх аж. Ингэснээр хүүхдээ хараад гэртээ суух эмэгтэй ажил хийх, түүнийг дагаад өрхийн орлого нь нэмэгдэх боломжтой. Энэ нь Шинэчлэлийн Засгийн газрын ажилтай орлоготой, хуримтлалтай дундаж давхаргыг өсгөх нэг гарц байх болов уу. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн иргэн Д.Дашжамц ам бүл дөрөв. Түүний эхнэр бага охиноо хараад гэртээ суудаг. Учир нь цэцэрлэгийн хүүхдийн тоо гүйцсэн учраас бяцхан охин гэрээр хүмүүжиж буй. Тэдний өрхийн сарын орлого 700 мянган төгрөг. Орон сууцны зээлд хамрагдахыг хүссэн боловч өрхийн орлого хүрэхгүй гэдэг шалтгаанаар хасагджээ. Хэрэв энэ намар бага охиноо цэцэрлэгт өгчихвөл  эхнэр нь ажилд орж тэдний сарын орлого 500 мянган төгрөгөөр нэмэгдэх ажээ.

 

ЭНЭ ЖИЛ ГАНЦ БИШ ДӨРВӨН КОМПАНИ ЦЭЦЭГ НИЙЛҮҮЛЖЭЭ

 

Цэцэгжүүлэлтийн ажил тавдугаар сарын 1-нээс эхэлсэн. Энэ ажлыг “Улаанбаатар нэгтгэл” дангаараа хариуцан ажиллаж байгаа аж. Цэцгэнд зориулсан төсөв нь 500 сая төгрөг бөгөөд нэг ширхэгийг нь 1000 төгрөгөөр худалдан авч байгаа талаар Улаанбаатар нэгтгэлийн гүйцэтгэх захирал Д.Энхсайхан хэлэв. Тэрээр “Бидний хийж буй ажилд хүмүүс шүүмжлэлтэй хандаж байна. Гэхдээ бид энэ цэцгүүдийг урд хөршөөс аваагүй. Манайхан өөрсдөө цэцгээ үрслүүлээд тарьчих чадамжтай. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хоёрдугаар сард эх орондоо үрслүүлсэн цэцэг худалдаж авах нээлттэй тендер зарласан. Энэ нь үндэсний компанийн тарьсан эх орныхоо хөрсөнд ургасан цэцгээр нийслэлээ гоёж буй хэрэг. Мөн бид 500 мянган ширхэг хайлаас мод тарьсан. Тодруулбал, Энхтайвны өргөн чөлөө, бидний хэлж заншсанаар 22-ын товчоо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талаар тарьсан байгаа. Цаашид 10 сая бут, сөөг тарих шаардлага бий. Ер нь бидний зорилго одоо байгаа ногоон байгууламжийг атаржуулах явдал” гэв. Нийслэлийн цэцэрлэгжүүлэлтэд зарцуулж буй хөрөнгө ганц компанийг тэтгэж байна гэх шүүмжлэл өнгөрсөн жил тасраагүй. Энэ жилийн тухайд ч мөн л ганц нэгхэн компанийг дэмжчихсэн байхвий гэсэн хардлага хүмүүсийн дунд байсаар байна. Дөрвөн компани тендерт ялж, Улаанбаатар нэгтгэлд цэцэг нийлүүлж байгаа аж.

 

НЭЭЛТТЭЙ ТЕНДЕРИЙН ЯЛАГЧИЙГ НЭРЛЭСЭНГҮЙ

 

Нийслэлийн ногоон байгууламж цэцгэн мандлыг арчлах ажлыг дүүрэг хариуцах болсныг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал дуулгаж байсан. Мөн тэрээр нийслэлд энэ онд зургаан чиглэлээр хот тохижилтын ажил хийхээр төлөвлөсөн гэв. Энэ жил улаан, цагаан, улбар шар өнгийн цэцэг тарихаар болсон. Цэцэрлэгжүүлэлтэд зарцуулж буй 5.8 тэрбумыг зөвхөн цэцэг тарихад зарцуулахгүй. Дээрх хөрөнгөд  нийслэлийн ногоон байгууламж болон цэцэг арчилгааны хөлс, ажилчдын цалин, бусад зардал орсон гэдгийг албаны хүмүүс хэлж байв. Мөн энэ хөрөнгөнөөс 2.5 тэрбум төгрөгийг хувийн аж ахуйн нэгжүүдэд өгч арчилгааны ажил хийлгэж байгаа аж.

Ямартай ч цэцэг нийлүүлэхэд зарцуулах 500 сая төгрөгнөөс бидний олж мэдсэнээр “Соёолж”, “Монос” компани хувь хүртэж байгаа гэдгийг зарим хүн хэлж байв.

Өнгөрсөн жил гудамжаар алаглах цэцэгсийг “Монос” компани тендергүйгээр дангаараа нийлүүлсэн гэдэг. Харин энэ жил дөрвөн компани оролцож байгааг “Улаанбаатар нэгтгэл”-ийн гүйцэтгэх захирал Д.Энхсайхан онцолсон. Гэвч тэрээр ямар компани цэцэг нийлүүлж байгаа вэ гэдгийг хэлсэнгүй. Тэрээр “Төсөв мөнгө хэлэхээр улстөржөөд явчих юм” хэмээн цааргалав.

Гудамжинд өнгө нэмэх алаглах цэцгүүд таатайхарагдаж буйг хүмүүс хүлээн зөвшөөрдөг. Харин нэг настай цэцэг биш олон наст ургамал тарьвал зардал хэмнэх талаар иргэд бас ярьж байна. Энэ талаар Д.Энхсайхан “Гудамжинд тарьсан цэцгүүд нийтдээ их сайхан харагдаж байгааг хүмүүс хүлээн зөвшөөрөх байх. Мэдээж олон дунд ганц нэг үхмэл цэцэг байгааг үгүйсгэхгүй” гэв. Дэлхийн жишиг хотууд нэг настай цэцгээр хотоо гоёж, чимдэг. Тиймээс бид ч мөн энэ жишгийг дагасан хэмээн ярьсан юм. Харин олон наст цэцгийг тарихад эрсдэлтэй хэмээн албаныхан хэлж байна. Тэдний хийсэн судалгаагаар олон наст цэцэг ургах боломжгүй аж. Учир нь манай орны хөрс, цаг агаар нөлөөлдөг байна.

 

ЦЭЦЭГТ ЗАРЦУУЛСАН ХӨРӨНГӨ ӨӨРИЙН ӨРТГӨӨС ХЭД ДАХИН ИЛҮҮ ДАВУУ ТАЛТАЙ ГЭНЭ

 

“Улаанбаатар нэгтгэл” нийслэл хотын арав гаруй төв гудамжны ногоон байгууламжийг цэцэгжүүлэх аж. Бусад туслах гудамжуудаа хувийн аж ахуйн нэгжүүдээр хийлгэхээр болсон байна. Эндээс төр, хувийн хэвшил хэрхэн ажилладгийг харах боломж бүрдэх гэнэ. Түүнчлэн цэцэг тарьснаар хүмүүсийн эко боловсрол, ногоон байгууламжид хандах хандлага өөрчлөгдөж буйг мэргэжилтнүүд онцолж байлаа. Энэ жил хотын гудамжаар цэцгүүдээ вааранд хийж тавихаар болжээ. Үүний давуу тал нь ирэх аравдугаар сар гэхэд буцааж хураагаад, дараа жил дахин гаргаж тавих боломжтой гэв. Мэдээж ваартай цэцгийг алдах эрсдэлээс хамгаалсан байна. Өөрөөр хэлбэл, вааранд шороо хийхээр 200 орчим кг болох ажээ. Цэцэгт зарцуулж буй 500 сая төгрөг нь өөрийн өртгөөс хэд дахин их ач холбогдолтой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Ер нь хувийн аж ахуйн нэгжүүд, иргэд өөрсдөө эко сэтгэлгээтэй бол хот сайхан болно хэмээн тэд хэллээ.

Улаанбаатар хотод тохижилт үйлчилгээний ажлыг хийхэд маш их мөнгө хэрэгтэй аж. Нийслэлийн төсөв хязгаартай учраас 5.8 тэрбумыг баталжээ. Гэхдээ энэ нь хангалттай биш ч байгаа хөрөнгөндөө тааруулан сайн үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байгаа хэмээн Д.Энхсайхан хэлсэн юм. Мэдээж батлагдсан хөрөнгийн зарцуулалт хуулийн хүрээнд нээлттэй явж байгаа гэв.

Ийнхүү 500 сая төгрөгийг нэг наст ургамалд үргүй зарцуулж байна гэх боловч, эко орчин бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж буйг албаныхан онцолсон юм.

 

Ил тод тендерээр эко боловсролд хувь нэмэр оруулж буй 500 сая төгрөгийг хувааж авсан компанийн нэрийг удахгүй зарлана хэмээн найдаж суух үлдлээ.