Д.ОЮУНЧИМЭГ

Зургаан аймгийг нийслэлтэй холбох хатуу хучилттай зам барих тухай шинэчлэлийн Засгийн газар мэдэгдсэн. Тухайлбал, Өмнөговь, Дорнод, Хөвсгөл, Сүхбаатар, Завхан, Говь-Алтай аймаг. Нийт 465.2 тэрбум төгрөг төсөвлөсөн  байна. 37 гэрээт ажил хийгдэх бөгөөд 1886.4 км автозам болон 2040.8 урт метр гүүрийн ажил хийхээр төлөвлөжээ. Мөн найман төмөр бетон гүүрийн барилгын ажил хийгдэх юм байна. Үүнээс он дамжин 1678.7 км зам барьж буй. Харин шинээр 207.7 км-ыг барих ажээ. Энэ жилийн тухайд улсын төсвөөс 76.8 тэрбум төгрөг, Хөгжлийн банк буюу Чингис бондын хөрөнгө оруулалтаар 219.8 тэрбум төгрөгийн ажлыг энэ жил хийх ажээ. Зам, тээврийн яамны хэлтсийн дарга Н.Батсуурь “Улсын төсвийн хөрөнгөөр 11 гэрээт, 317 км замын барилгын болон гүүрийн ажлыг гүйцэтгэнэ. Харин Чингис бондын хөрөнгөөр 19 гэрээт 1019.7 км зам, гүүрийн ажлыг гүйцэтгэх юм. Чингис бондоос гаргаж буй хөрөнгө хараахан хүрэлцэхгүй байгаа” гэв.

 

Аймгуудыг нийслэлтэй холбох хатуу хучилттай авто замын хэмжээ, төсөв ба гүйцэтгэгч компани

 

Дутаж буй хөрөнгө нь 105 тэрбум бөгөөд Хөгжлийн банкинд дахин санхүүжилт авах хүсэлтээ хүргүүлсэн байна. Мөн гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр 168.6 тэрбум төгрөгийн өртөгтэй 539.7 км зам баригдана гэдгийг албаны эх сурвалж хэллээ.

Энэхүү замын 189 км замын барилгын ажлыг энэ жил эхлэх бөгөөд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж байгаа юм. Мөн Говь-Алтайг Завхан аймагтай холбох 370 гаруй км замын ажлын гэрээг байгуулах шаардлагатай аж. Нийт зургаан аймгийг нийслэлтэй холбохын тулд 2100 км зам баригдана. Шинэчлэлийн Засгийн газрын тооцоолсноор бүх аймгуудыг хатуу хучилттай замаар холбоход 5572 км гэсэн тооцоо гаргасан байна.

Энэ жил концессийн гэрээгээр Завхан, Говь-Алтай аймгийг нийслэлтэй холбох авто замыг барих юм. Тодруулбал, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км авто зам, Баянхонгор-Байдраг чиглэлийн 129.4 км, Байдраг-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замын төслийн ажил эхлэх аж. Энэхүү замын ажлын тендер өнгөрсөн дөрөвдүгээр сард зарлагдсан бөгөөд ирэх сарын 1-3-нд материалаа хүлээн авах аж.

 

Аймгийн төвүүд хатуу хучилттай замаар холбогдох нь эдийн засагт эергээр нөлөөлнө гэдгийг эдийн засагчид хэлдэг. Харин энэхүү эдийн засгийн эерэг хөшүүргийн суурь болсон аймгуудыг нийслэлтэй холбосон авто зам чанар, стандартад нийцэж баригдах биз ээ.