Ж.ЦОГЗОЛМАА
НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулгын талаар хаа сайгүй ярьж байна. Энэ хуулийн өөрчлөлт бизнест ашигтай, ашиггүй гэж санал хуваагдсан хэсэг байхад бүртгэл тооцоог сайжруулна гэж үзэх хүмүүс ч байна. Цаасан дээр байгаа хуулийн шинэчлэл амьдралд хэрэгжвэл ямар үр дүн авчрах бол. Жижиг, дунд үйлдвэрлэгчдэд хаягласан хөнгөлөлт, чөлөөлөлт, татварын босго өөрчлөгдсөнөөр эзэндээ хөшүүрэг болж чадах болов уу. Бас тэдний гол худалдан авагч, түнш нь болсон иргэд бидэнд ямар өгөөжтэй вэ.
Хуулийн шинэчлэлээр жижиг, дунд үйлдвэрлэлийн НӨАТ-ын босгыг одоогийн 10 сая төгрөг байгааг 50 сая болгоно хэмээн албаныхан мэдээлсэн. Бас жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортлож байгаа тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дахин сэргээж, үйлчлэх хугацааг нь 2016 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл сунгах зохицуулалт хийх зорилготой байгаагаа ч дуулгасан юм.
Гэвч энэ хуулийн төсөлтэй холбоотойгоор МҮХАҮТ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо зэрэг байгууллага сөрөг мэдэгдэл гаргаад байна. Тэд дээрх хуулийн шинэчилсэн найруулгыг олон нийтийн санал асуулга болоод хамрагдах субьектуудын санал хүсэлтийг тусгаж боловсруулаагүй гэж үзэж буй. Мөн татварын босгыг 50 сая төгрөг болгосноор эдийн засаг хэрхэн эрчимжих нь тодорхойгүй, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, санхүү бүртгэлийн зардал өсөхөөс гадна, төрийн зохицуулалт, хяналтын зардал өсөх сөрөг талтай гэж бас дүгнэжээ. Түүнээс гадна НӨАТ-тай холбоотой гарч байсан элдэв хүндрэл, бэрхшээл, хөнгөлөлт, чөлөөлөлт, дарамтуудыг алга болгосон, бүх талд ашигтай татварын тогтолцоог судалж нэвтрүүлэхэд төр, хувийн хэвшил анхаарах хэрэгтэй гэжээ.
НӨАТ-ын тодорхой хэсгийг буцаан олгох боломжтой талаар мөн яригдах боллоо. “Татварын тодорхой хэсгийг буцаан олгоно гэж байгаа нь сайхан сонсогдож байна. Үүний ашиг тус нь юундаа байна гэхээр бүртгэлийн систем сайжирна. Бүгд ном журмынхаа дагуу татвараа төлөөд буцаан олголтоо авахаар чармайна. Гэтэл нөгөө талаасаа төсөв буцаан олголтоор алдсан орлогоо хэрхэн нөхөх вэ гэдэг асуудал байна” гэж эдийн засагч Б.Батжаргал ярилаа. Үүнээс гадна жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд татварын буцаан олголтыг олговол тэднээс бараа бүтээгдэхүүн худалдан авсан олон хүнд ямар урамшуулал очих вэ гэсэн асуулт бий. Энэ нь ч боломжийг хэрхэн бий болгох вэ.
“НӨАТ-ын хуулийн өөрчлөлтөөр иргэд өөрсдөө татвар төлөгч байхаас гадна татвар цуглуулагч байх ажлыг иргэдээр хийлгэж, тэднээр хяналт тавиулаад явдаг тогтолцоо бүрдүүлье гэсэн юм. Тэр нь зарчмын хувьд маш зөв. Хоёрдугаарт, НӨАТ гэдэг чинь хамгийн шударга татвар. Хэн их хэрэглэж байна, тэр нь их төлөх бололцоотой, хэн нь бага хэрэглэж байна, тэр нь бага л төлдөг. Харин алдаа нь юундаа байна гэхээр босгын асуудлыг оруулаад ирэхээр хэрүүлийн алим болчихож байгаа юм. Босго бол техникийн чанартай асуудал хэмээн түр азнаад НӨАТ-ын тогтолцоогоо дэмжье, цааш нь аваад явъя гэх ёстой байсан. Тэр ажлаа хийж чадсангүй” гэж УИХ-ын гишүүн Р.Амаржаргал ярилаа.
Энэхүү хуулийн шинэчлэл нь бүртгэл, тооцоог сайжруулах зөв санаатай ч эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт ажил хийж харагдах гэсэн ээлжит шоу болон замхрах вий гэж болгоомжлох нэгэн ч бас байлаа.
Жижиг, дунд бизнесмэнүүдэд төлсөн татварынх нь тодорхой хувийг буцаан олговол бизнесмэнүүд удтал хүлээсэн хүлээлт болохоор яах аргагүй алга ташин угтах биз. Том бизнесмэнүүдээ хөрөнгө оруулалтын хууль болоод бусад хөшүүргээр урамшууллаа. Жижиг болон дунд бизнесмэнүүдээ НӨАТ-ын хуулийн шинэчлэл хийж бас хоосон орхихгүй нь. Гэвч дахиад л иргэд жижиг, дунд үйлдвэрлэгчдээс худалдан авалт хийгээд НӨАТ-аа буцаан авах боломжтой юу гэсэн асуулт гарч байна. “Ингэнэ гэвэл дахиад л бүртгэл яригдана. Цэгцтэй, замбараатай, үе шаттайгаар ажиллах хэрэгтэй. Эхлээд бодлогын чанартай асуудлаа барьж аваад, түүндээ тууштай ажиллах хэрэгтэй” гэж УИХ-ын гишүүн Р.Амаржаргал ярилаа.