Э.СОЛОНГО
Жилийн дотор 30 хувиар өсч буй орон сууцны үнэ “Буянт-Ухаа” хороололд хөдлөөгүй учраас хямд байранд орох хүсэлтэй иргэдийн тоо 9000 давсан. Үүнээс 5935 нь хямд байрнаас сонголт хийх эрхийн төлөө азаа үзэж 1000 орчим нь “атгасан” билээ. Тэднийг удаан хугацаанд хүлээсэн байрандаа орох бэлтгэлээ хэрхэн хангаж байгааг сонирхлоо.
“УРЬДЧИЛГАА БҮРДСЭН Ч ОРЛОГО ТЭНЦСЭНГҮЙ”
1764 айлын орон сууц бүхий есөн давхар 28 барилга, 120 хүүхдийн цэцэрлэг, хоёр үйлчилгээний төвөөс бүрдсэн “Буянт-Ухаа-1” хорооллыг энэ сарын 23-нд улсын комисст хүлээлгэж өгснөөр азтанууд байрандаа орж эхлэх аж. Хямд байранд орох азын сугалаагаар байранд орох эрхээ баталгаажуулсан иргэд зээлийн мэргэжилтэнтэй уулзахаар банкинд иржээ. Зээлийн эдийн засагч гэсэн хаягтай өрөөнөөс гарч ирсэн залуу хүүхэн мөн л Нисэхийн дэнж дээр боссон хорооллоос байр сонгох эрхээ сугалаагаар олж авснаар байрны зээлээ хөөцөлдөхөөр банкинд ирсэн нь энэ аж. Тэрээр “Би төрийн байгууллагад ажиллаж нөхөр хувиараа жижиг бизнес хийдэг юм. Би нийгмийн даатгал төлдөг болохоор “Буянт-Ухаа” хороололд миний нэрэн дээр байр захиалсан юм. Нэлээд эртнээс хашаа, гэр, машинаа зараад урьдчилгаа 30 хувиа бүрдүүлсэн. Үлдсэн 70 хувийг найман хувийн зээлд хамруулахаар банкинд хандсан боловч “Зээл авахад танай сарын орлого хүрэхгүй байна” гэсэн хариу өглөө. Нөхөр маань уг нь сард надаас илүү орлого олдог ч нийгмийн даатгал төлдөггүй болохоор өрхийн орлогод тооцохгүй юм байна. Дахиад өөр банкинд хандахаас” гэсээр гарч одов. Энэ мэтчилэн хямд байранд орох шалгуурт тэнцэж, дараа нь байраа сонгох азын сугалааг атгасан ч банкны шаардлагад бүдэрч байр ч үгүй байшин ч үгүй үлдэж буй хүн хэр олон байгааг хэлэхэд бэрх.
10 ХОНОГИЙН ДОТОР УРЬДЧИЛГААГАА БЭЛДЭХГҮЙ БОЛ ...
Сүүлийн үед зарын сонин болон олон нийтийн мэдээллийн сүлжээнд “Хашаа байшин яаралтай зарна” гэсэн зар их ирж байгаа аж. Учир нь “Буянт Ухаа-1” хороололд байр сонгох эрхтэй болсон хүмүүс Төрийн орон сууцны корпорациас заасан хугацаанд урьдчилгаагаа бүрдүүлэхээр хашаа, байшингаа зарахаар ийн яарцгаажээ. Тэд “Буянт-Ухаа-1”-д байраа сонгоод бараг дууссан сурагтай. “10 хоногийн дотор урьдчилгаа мөнгөө бэлдэхгүй бол ахиад өөр давхар, өөр байршлаас байр сонгох юм байна. Одоо сүүдэр талдаа цөөхөн хэдэн байр үлдсэн гэнэ. Байшин зарах зар өгчихлөө. 10 хоногийн дотор зарагдах болов уу” хэмээн утсаар ярих ахимаг настай эмэгтэйтэй “Шуурхай зар” сонины Багшийн дээд дэх цэгт таарлаа. Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд гэр хороололд амьдардаг тэрээр Төрийн орон сууцны корпорациас “Байраа сонгосноос хойш 10 хоногийн хугацаанд урьдчилгаагаа байршуулахгүй бол сонгосон байр чинь хүчингүй болно” гэж сануулнаар ийнхүү хашаа байшингаа яаралтай зарахаар явж буйгаа хэллээ.