Д.ЦЭЦЭГ
Засгийн газраас уул уурхайн салбарт хийж буй ажил болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд УИХ дахь МАН-ын бүлэг шүүмжлэлтэй хандаж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс тодрууллаа.
-Танай намын бүлэг уул уурхайн салбарт хэрэгжүүлж байгаа ажлуудад эрс шүүмжлэлтэй хандаж байна. Яг юуг буруу гэж үзэж байна вэ?
-Намрын чуулганы өмнө эдийн засгийн хямралаас гаргах тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцүүлсэн. Гэтэл эдийн засгийн хямралыг даван туулах тухай биш харин уул уурхайн баялаг тэр дундаа алтаа яаж авах тухай хоорондоо холбоотой таван багц хуулийг оруулж ирсэн. Үүнээс алтны роялти татвар 10 хувь байсныг 2.5 болгосон. Ингэснээр улсын төсөв 60 тэрбумаар тасарсан байна. Урт нэртэй хууль буюу гол мөрний сав дагуу газрын эхийг хамгаалах тухай хуулийг хүчингүй болгох хуулийн төслийг одоо оруулж ирлээ. Мөн эдийн засгийг эрчимжүүлэх нэрийн дор Ашигт малтмалын тухай хуулийг яаж өөрчлөх, гадаадын хөрөнгө оруулагчдад хэрхэн лиценз олгох тухай асуудал явж байгаа юм. Эдийн засгийн нэртэй боловч цаанаа бүгд ашигт малтмалтай холбоотой тэр дундаа уул уурхайгаа ил задгай болгоё, эргээд газар дэлхийгээ ухъя, алт руугаа оръё гэсэн хуулийн төслүүд байгаа.
-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг түүхий болсон гэж олон хүн шүүмжилж байгаа. Тухайлбал ямар заалтууд нь учир дутагдалтай байна вэ?
-Монгол орны нийт газар нутгийн 30 хувь нь хөндөгдсөн бусад хэсэг нь хөндөгдөөгүй байдаг. Гэтэл тусгай хамгаалалттай хилийн зурвас газар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай заалтыг оруулж ирсэн. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Хатансуудал, Талынтэлтэс зэрэг алтны нөөцтэй орд газрууд байгаа. Үүнээс гадна хэд хэдэн газрууд бий. Тиймээс хилийн зурваст зөвшөөрлийг олгох тухай хуулийн төсөл байгаа нь аюултай. Өмнө нь амласан амлалт, зорилтоосоо ухарсан улс төрчид, ийм байдлаар хууль эрх зүйн зохицуулалт оруулж болохгүй гэдгийг хэлмээр байна.
-Энэ хуулийг даган хайгуулын лицензийн асуудал гарч байгаа. Үүнд ч бас шүүмжлэлтэй хандаж байна уу?
-Энэ хуулийн төсөлд эхний гурван жил хайгуулын лицензийг хэн нэгэнд хэсэгчлэн болон бүхэлд нь зарахгүй. Гурав дахь жилийн төгсгөлөөс 10 хувь, зургаа дахь жилдээ 20 хувийг буцаан өгөх тухай заалт орсон. Энэ нь мөн зөрчилтэй байгаа юм. Гурван жилийн хугацаанд хайгуулын лицензийг наймааны хэрэгсэл болгохыг зогсоох асуудал боловч авч байгаа арга хэмжээ нь буруу. Энэ нь магадгүй уул уурхайн салбарыг далд эдийн засаг руу буцаад оруулах магадлалтай.