Ж.ЦОГЗОЛМАА

Цалин буусны маргааш Баяраа зах орж хүнсээ цуглуу­лахаар эртлэн гарчээ. Эдийн засгийн хямарч хэтэвч нимгэрсэн гээд байгаа энэ цаг үед махны оронд гэдэс цувдай авна гэж төлөвлөв. Гэтэл хэдхэн жилийн өмнө л тоож идэх хүн ховордсон өнөөх хүнс нь тансаг хэрэглээ болчихсон байх нь тэр. Ганц ширхэг элэг жинлүүлэхэд кг хонины махны үнэтэй дүйв. Нүд нь орой дээрээ гарах шахсан түүнд худалдагчид “Валютын ханшаас болоод юмны үнэ айхтар өсөөд байна” гэхээс өөр тайлбар өгсөнгүй. Төгрөг сураг тасарч, гадаад мөнгө эзэн заларсан Монгол Улсын өнөөгийн байдал өрх айлын гал тогоонд ийн бууж байна. Үндэсний мөнгөн тэмдэгт хэзээ сэхэл авч, үнийн өсөлт хэзээ намжих вэ.

Өчигдөр 14.21 цагийн байдлаар Худалдаа хөгжлийн банкны цахим хуудаст дурдсанаар ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1813 төгрөгт хүрчээ. Төгрөг сулрахын хэрээр гадаад, дотоодын хүнс, барааны үнэ ялгаагүй өсч байна. Үндэсний үйлдвэрлэгчдийн савласан сүү литр нь 2800 төгрөгт хүрч импортын ижил бараанаас ялгаагүй болчихлоо. Харин худалдаачдын гар дээрээс задгайгаар нь нэг литр сүүг 1400 төгрөгөөр авах жишээтэй. 45 сая малтай Монгол Улсад ганц литр сүүг талхнаас өндөр үнээр авахад хүргэсэн шалтгаан анх удаа 1800 төгрөгийн босго давсан валютын ханшийн өсөлт. 

Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Ө.Энхтүвшин гишүүн “Ам.доллар 2000 хүрэх нь гэдгийг Монголбанкнаас анхааруулж байна. Ханшийг цаашид барьж чадахгүй гэдгээ ч хэлээд байна” гэснийг үзэгч түмэн, уншигч олон харсан, уншсан, сонссон. Хариуд нь Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “2014  оны төсөвт валютын ханшийн төсөөллийг 1384-өөр тооцоолсон. Харамсалтай нь, гадаадаас мөнгө босгох эрхийг хаачихсан” гэдгээр ханшийн өсөлтийн шалтгааныг тайлагнасан юм. Түүнийхээр гадаад зах зээл дээр өр, зээл тавиагүйгээс өнөөдөр үндэсний мөнгөн тэмдэгт маань суларсан юм байна. Тэгвэл Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч Ян Хансен “Төсөв санхүү, мөнгөний бодлого нь тэлсэн байгаа энэ нөхцөлд төгрөгийн ханшийн сулрал үүсч байгаа юм. Сүүлийн хэдэн сарын дотор төгрөгийн ханш 26 хувиар суларсан байна. Ирэх саруудад энэ байдал үргэлжилнэ” гэж сайдаас ялгаатай онош тавьсан. Янз бүрийн халамж, тэтгэмж нэрээр мөнгө тарааж, төрийн албан хаагчдын тоог бууруулах биш харин ч 10 мянгаар нэмэгдүүлсэн өнөөгийн эдийн засгийн бодлого үүнд нөлөөлсөн гэж тайлж бас болохоор юм.

Энэ зуур эдийн засагч Б.Батжаргал “Төгрөгийн ханшны сулралын 57.9 хувь нь мөнгөний нийлүүлэлтээс, 37.2 хувь нь гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсанаас, 4.8 хувь нь экспортын орлогын бууралтаас шалтгаалсан байна” хэмээн судалгаандаа дурдсан байлаа. Тэгэхээр Монгол гэдэг нэг айлын нэрээр гадаадад өр тавьсан, тавиагүй дотооддоо мөнгөний нийлүүлэлт, төсвөөс гадуурх мөнгөний зарцуу­лал­тыг хянаж чадахгүй бол төгрөг суларсаар байхыг судлаач, эдийн засагчид хэлээд байна. 

Валютын ханшийн өсөлтийг намжаахаас гадна төсвийн тодотголыг цаг алдалгүй хийхгүй бол энэ онд ашиглалтад орох сургууль, цэцэрлэгийн тоо цөөрөхөд хүрээд байна. Хамгийн хурдандаа гэхэд эдгээр төслийг энэ сарын 20-доор батлагдана гэж буй. Дараа нь тендер зарлана, тендерийн маргааныг хэлэлцэнэ гэсээр долдугаар сартай золгож, үндсэндээ ажил хийх гуравхан сар үлдээд байна. Ингэхээр төсвийн хөрөнгө оруулалтаар босох учиртай сургууль, цэцэрлэг, эмнэлэг энэ онд амжих уу гэдэг нь эргэлзээтэй болчихлоо. Н.Батбаяр сайдын хэлж буйгаар энэ онд багтаад ашиглалтад орох объектууддаа түлхүү анхаарч байгаа, бас дээрх 0 төсөвтэй барилгын олонхийнх нь тендер эзэнтэй учир хэрэгжих боломж өндөр гэж байв. Гэвч гуравхан сар гэдэг хэтэрхий богино хугацаа. Тэгээд ч хэрэгтэй түүхий эд, материалаа импортоор авах болохоор юун түрүүнд валютын ханшийг бууруулах, төсөвт тусгасан 1384 гэсэн тоондоо аваачиж гэмээнэ төсвийн тодотгол ч биеллээ олох боломж бүрдэх юм.

Ханш суларвал адаг­лаад л ард олон бидний амьдралд нэмэртэй. Баяраагийн хувьд ч цалин нь хүнсэндээ хүрэлцэнэ.