Ж.ЦОГЗОЛМАА
“Чалко” компанитай байгуулсан гэрээ өөрчлөгдсөн болон “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компанид шалгалт оруулах талаар яригдаж эхэллээ. Энэ тухай “Эрдэнэс Тавантолгой” компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал М.Мягмар-Эрдэнэтэй ярилцлаа.
-“Эрдэнэс Тавантолгой” компанид шалгалт оруулах тухай яригдах боллоо. “Чалко”-той хийсэн гэрээнд өөрчлөлт оруулсан учир ийн шалгах шалтгаан болсон гэх юм. Энэ талаар манай уншигчдад тодорхой мэдээлэл өгнө үү?
-Анх “Чалко” компанитай “Эрдэнэс Тавантолгой” компани, Монгол Улсын Засгийн газар байгуулсан гэрээндээ нүүрсний үнийг 70 ам.доллар байхаар тусгасныг Уул уурхайн сайд дур мэдэн өөрчилж, 38 ам.доллар болгочихлоо гэж УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан болон зарим улстөрч ярьж байна. Үүнтэй холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” компанийг шалгуулах шаардлагатай гэж байна.
Бодит байдал дээр “Чалко” компанийн талаар яригдаж буй 70 ам.доллар гэдэг суурь үнэ. Суурь үнээсээ тодорхой тооцооллын аргачлалаар тухайн нийлүүлж буй нүүрсний нэг тоннын үнэ шалтгаалдаг. Ингэхдээ улирал бүр Хятадын зах зээл дээрх дөрвөн өөр индексийн өөрчлөлттэй уялдуулсан гэрээ хийгдсэн юм. Гэрээг хэвээр нь үргэлжлүүлбэл индексүүд нь зах зээлтэйгээ уялдана, бас нүүрсний үнэ тогтмол унаж байсан. Тэгэхээр 70 ам.долларын суурь үнээ тогтоохдоо тухайн үед гэрээг хариуцаж байсан хүмүүс зах зээлийн үнээс даруй 20 орчим ам.долларын хямд хийсэн юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын төрийн өмчит компанийг нүүрсээ зах зээлийн үнээр борлуулах бодит боломжийг нь хааж, бага үнээр нийлүүлэх гэрээ хийсэн байна.
-Тэгэхээр энэ үнэ тогтмол өөрчлөгдөх байсан гэсэн үг үү?
-Үнэ индексээс хамааран тогтмол өөрчлөгдөхөөр байсан. Зах зээл дээр өнөөдөртэй харьцуулахад үнэ унахаар хийгдсэн гэрээ юм. 2011 онд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дээд цэгтээ хүрсэнтэй харьцуулахад даруй 40 гаруй хувиар уначихлаа. Бид гэрээнийхээ үндсэн аргачлалыг дагаад гэрээгээ өөрчлөхгүйгээр нийлүүлэлтээ хийсэн бол ойролцоогоор 41 орчим ам.доллараар нүүрсээ өгөх байлаа. Үнэ өөрчлөгддөг, дээрээс нь зах зээлд суурь үнээ буруу тодорхойлсноос улбаалаад компани 2013 оны эхний улиралд үйл ажиллагааныхаа зардлыг хаах боломжгүй, бүр алдагдалтай ажиллах нөхцлүүд үүсэх нь тодорхой болж эхэлсэн. Энэ нь “Чалко” компанитай ярилцах зайлшгүй шаардлагыг хэлж өгсөн юм. “Эрдэнэс Тавантолгой” компани зах зээлийн бодит үнээр нүүрсээ худалдъя гэдэг хэлэлцээрийг эхлүүлснээр хуучин гэрээгээр 41 ам.доллараар зарах байсан үнийг 48.5 ам.доллар буюу ойролцоогоор найман ам.долларын илүү ашигтайгаар зарж чадаж байна. Өөрөөр хэлбэл, бид буруу тогтоогдсон үнийн механизмаас гарч чадсанаараа 17 тэрбум төгрөгийн алдагдалд орох байсныг нөхөж чадсан.
-Тэгвэл гэрээнд өөрчлөлт орсон юм байна. Бас ашигтай болгож чадсан гэж та тайлбарлаж байна. Гэтэл хүмүүс эсрэгээр нь яриад байгаагийн учир юу вэ?
-“Эрдэнэс Тавантолгой”-г шалгуулна, гэрээг Уул уурхайн сайд зурсан гэж байна. Эхний асуудлын хувьд УИХ өөрөө төрийн өмчит компанийг шалгадаг субьект нь мөн үү, хуулийнхаа дагуу зөв үү, буруу юу зэрэг асуудал яригдах байх. Мэдээж, компанийг шалгадаг аргачлал болоод байгууллага гэж бий. Тэрнийхээ дагуу шалгаж болно. Өнөөдрийг хүртэл бид шалгагдаад, үзүүлэх ёстой юмаа үзүүлээд явж байгаа болохоор асуудалгүй гэдэгт итгэлтэй байна. Хоёрдугаарт, гэрээнд өнгөрсөн онд өөрчлөлт орсон. Ингэснээр бид 17 тэрбум төгрөгийн үргүй зардлыг багасгаж чадсан юм. Манай компанийн удирдлагууд, ажлын хэсэг “Чалко” компанитай маш үр дүнтэй хэлэлцээ хийж, зах зээлийн бодит байдлыг ойлголцож асуудлыг гаргаж ирсний дүнд “Чалко” компани буулт хийж, бидэнд 17 тэрбум төгрөгийн алдагдалгүй ажиллах боломжийг гаргаж өгсөн. Тэгэхээр үнийг дээш татаж гэрээ хийлгэсэн хүмүүс миний бодлоор баатрууд. Зүгээр нэг муулагдаад байх хүн биш. Гэрээг сайжруулж өөрчилсөн хүмүүсийг харин ч магтах ёстой.
-Гэрээ нь ашигтай болчихоод байгаа юм бол танай компанийг шалгах гээд байгаа шалтгаан нь юу юм бол. Шалгана гэхээр хүмүүсийн дунд хардлага бий болоод байна?
-Л.Энх-Амгалан гишүүн яагаад компанийн асуудлыг улстөржүүлээд, Засгийн газар руу, тухайн асуудлыг эрхэлж байгаа сайд руу дайрч довтлоод байгааг мэдэхгүй юм. Хувь хүний зүгээс харахад энэ бол яалт ч үгүй компанийн үйл ажиллагаанд нөлөөлөх, улмаар Засгийн газрыг сөргөөр харуулах, буруу PR хийж, олон нийтэд буруу мэдээлэл өгөх байдлыг үүсгэх гээд байгаа юм шиг харагдаж байна. Манай компани зах зээл хэчнээн хүндэрч байгаа ч тогтмол үйлдвэрлэл, экспортоо ихэсгэж байна. Ингэснээрээ бид компаниа улам ашигтайгаар ажиллуулж байгаа. Буруу мэдээлэл тараах нь гадаад, дотоодын түнш компаниудад, улмаар Монгол Улсын төрд эргэлзээ төрөх маш том нөлөөтэй. Компанийг шалгадаг тусдаа байгууллага бий шүү дээ. Заавал улстөржүүлээд, намын асуудал болгоод байгаа нь үл ойлгогдож байна.