Э.СОЛОНГО
Манай улсын нэг жилийн цементний хэрэглээ хоёр сая гаруй тонн. Үүний гуравны хоёр буюу 1.5 сая орчим тонныг нь гаднаас авдаг байна. Дотоодод хоёр томоохон цементний үйлдвэр ажилладаг ч технологи нь хэтэрхий хуучирчээ. Манай үйлдвэрүүд нойтон аргаар цементээ үйлдвэрлэдэг бол дэлхийн орнууд хуурай технологийг чухалчилдаг аж. Хуурай арга нь нойтон аргаас 4-5 дахин бага ус ашигладаг, хоёр дахин бага түлш зарцуулдаг, эрчим хүчний хэрэглээг 30 хувь хэмнэдэг, тоосжилт багатай, хаягдлаа дахин ашигладаг байна. Харин Монголд ийм технологийг нэвтрүүлэх төслийг дэмжинэ гэдгээ Засгийн газар зарласан. Бондоос санхүүжилт хүссэн төслүүд дунд цементний үйлдвэр босгох хэд хэдэн төсөл бий.
ЖИЛД 240 МЯНГАН ТОНН ЦЕМЕНТ ҮЙЛДВЭРЛЭНЭ
“Гермес гахиур” компанийн цементний үйлдвэрийн төсөлд хүсч буй зээлийн хэмжээ 35 тэрбум төгрөг. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Билгүүтийн-2 шохойн чулууны орд газрыг түшиглэн, жилдээ 240 мянган тонн цементийг хуурай аргаар үйлдвэрлэх аж. Тэдний цементийг зам гүүр, нисэх онгоцны талбай болон хүнд даацын бетонд ашиглах боломжтойг тус компанийн удирдлагууд онцоллоо. Энгийн хэрэглээний болон тусгай зориулалтын олон нэр төрлийн цемент үйлдвэрлэнэ гэдгээ ч дуулгасан юм.
ЗАХ ЗЭЭЛИЙН 30-40 ХУВИЙГ БҮРДҮҮЛНЭ
Хөх цавын цемент, шохойн үйлдвэрийг ирэх арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Энэ үйлдвэр жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх аж. Уг төслийн нийт өртөг 351.6 сая ам.доллар буюу үүний 284.2 тэрбум төгрөгийг МАК бондын санхүүжилтээс хүсчээ. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор 700 гаруй ажлын байр бий болж, Улсын төсөвт жилд 43 тэрбум төгрөг төвлөрүүлэх юм байна. Мөн цементний дотоодын хэрэгцээний 30-40 хувийг хангаж, импортын цементэд алдаж байсан 120 сая ам.долларыг дотооддоо авч үлдэх тооцоог тус компанийнхан гаргасан байна. Үйлдвэрийн дэд бүтцэд зориулан 68 км урттай 110 кВ-ын өндөр хүчдэлийн агаарын шугам, дэд станц, усан хангамжийн 6.4 км шугам сүлжээ болон төмөр замын Олон овоот өртөөнөөс төслийн талбай хүртэлх 1.9 км төмөр зам байгуулж, Улсын комисст хүлээлгэн өгчээ.
БАРИЛГЫН САЛБАРЫГ ШОХОЙН ЧУЛУУНЦАР, ЦЕМЕНТЭЭР ХАНГАНА
Алт олборлолтын “Монполимет” компанийн охин компани “Сэнж Сант” “Монцемент” үйлдвэрээ ирэх онд ашиглалтад оруулахаар болжээ. Тэ днийх “Импортыг орлох, экспортыг дэмжих” хөтөлбөрөөс 182 тэрбум төгрөгийн санхүүжилт хүсчээ. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр улсын цементийн хэрэгцээний 30 хувийг хангаж, 500 ажлын байр бий болгох аж. Уг үйлдвэрийн хэтийн зорилгод Монгол Улсын барилгын салбарыг шохойн чулуунцар, цементээр хангах төлөвлөгөө багтсан байна.
Эдгээр төсөл үйлдвэрийн бүрэн чадлаараа ажиллаж эхлэхэд хамгийн уртдаа жил гаруйн хугацаа байгаа аж. Ирэх оноос жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх үйлдвэрүүд үүдээ нээснээр дотоодын эрэлтийг 100 хувь хангаад цаана нь сая тонныг экспортлох тооцоог төсөл боловсруулагчид гаргаад байна.