Ц.БАЯР
Шинэ засаг найман хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийг зогсоочих вий гэсэн айдас иргэдийн дунд байсан. 2013 оноос хойш хэрэгжиж, олон гэр бүлийг орон сууцтай болгосон "Ипотекийн зээл"-ийн хөтөлбөрийг шинээр томилогдсон ерөнхий сайд эдийн засгийн талаар мэдээлэл хийх үеэрээ "Ипотекийн зээлийн хөтөлбөр"-ийг үргэлжлүүлнэ, хэрхэн үргэлжлүүлэх талаар судална гэдгээ хэлсэн нь сонгуулиас хойш сонссон ганц нааштай мэдээ байв. Тэрээр "Иргэдээс ипотекийн зээлд хамрагдах орон сууцны талбайн хэмжээг ихэсгэж өгөх, урьдчилгаа төлбөрийг багасгах, зээлийн хүүг бууруулах асуудлаар санал хүсэлт маш их ирдэг. Энэ бүх асуудлыг бодлогын хүрээнд дахин боловсруулна. Ямар ч байсан ипотекийн зээлийг зогсоохгүй. Монголбанкин дээр мөнгө хэвлэж эх үүсвэрийг цаашид шийдэх үү, байгаа боломжийн хүрээнд үргэлжлүүлэх үү гэдгийг Засгийн Газрын түвшинд шийднэ" хэмээн ярьсан. "Мөнгө хэвлэж эдийн засагт шахвал инфляци өсөж, төгрөгийн ам.доллартай харьцах ханш унана. Энэ бол яав ч зөв сонголт биш. Мөнгө хэвлэх нь иргэдийнхээ халааснаас сэмхэн хулгайлж эргүүлээд өөрт нь зээл болгон өгөөд дараа нь өөрсдөөр нь хэд нугалж төлүүлж буйгаас ялгаагүй үйлдэл" гэж эдийн засагчид сануулж байна. Гэвч өнөөдрийн байдлаар бодит байдал дээр Ариг банкаас өөр арилжааны банкууд найман хувийн хүүтэй зээлийг олгохгүй байна. Монгол банкны Ерөнхийлөгч шинээр томилогдсон тул ирэх 9 дүгээр сар хүртэл зээл гаргахгүй байх талаар зөвлөсөн аж. Хэдийгээр банкууд зээлийн судалгаа хийж материалыг нь авч байгаа ч зээл гаргаагүй байна.
Эх сурвалж:www.zms.mn