Б.СОЛОНГО
Саяхан нэг тоо бодох хэрэг гарав. Цалингийн зээл авахаар хөөцөлдөөд гэх үү дээ. Хоёр сая төгрөгийн зээлийг хоёр жилийн хугацаатай, хоёр хувийн хүүтэйгээр авахаар болов. Сард 140 мянган төгрөг төлөхөөр байгааг миний хандсан эдийн засагч дуулгалаа. Ингээд хоёр жилийн дараа банкинд хэдэн төгрөг буцааж өгөхөө тооцоолтол 2.5 сая болчихов. За яахав, зээлийн дүн нь бага болохоор тийм ч их тоо гарсангүй. Гэтэл орон сууцны зээл авахад хэдэн төгрөг хүүнд нь төлөх билээ гэж бодтол ухаан алдмаар тоо гардаг байгаа.
Манайд орон сууцны энгийн зээлийн хүүгийн хамгийн доод хэмжээ 1.6 хувь байгаа. Банкнаас 50 сая төгрөг гуйлаа гэж бодоход 10 жилийн дараа зөвхөн хүүнд нь 59 сая төгрөг буцааж өгөхөөр байна. Нийтдээ 109 сая гэсэн үг.
Гэтэл үнэн хэрэгтээ банкнаас гуйгаад байгаа 50 сая төгрөг өнөөдөр орон сууц авахад хаанаа ч хүрэлцэхээргүй болсон л доо. Хамгийн багаар бодоход л энэ. Хэрэв зээлээ 15 жилээр авах юм бол сард 850 мянган төгрөг төлж, хугацааны эцэст нийтдээ 148 саяыг банкинд эргүүлэн өгөх нь. Толгой эргэмээр юм. Зээлсэн мөнгөө гурав нугалж төлдөг зээлдэгч зөвхөн Монголд л байдаг байх. Дээрх тооцооллыг хийхдээ банкны хамгийн бага хүүг ашигласан гэдгийг ойлгоорой. Зарим банкны орон сууцны зээлийн хүү бүр 2.1 байгаа шүү. Ямартаа ч дахиад асар их тоо гарах нь ойлгомжтой. Ийм нөхцөлд монголчууд яаж үл хөдлөх хөрөнгөтэй болж, бизнесээ урагшлуулах билээ дээ. Арилжааны банкуудаа эрхлүүлж, бодлогын хүүгээ тэнгэрт тултал нь хөөргөчихөөд иргэдийнхээ амжиргааг дээшлүүлнэ гээд худал яриад суух юм.
Гадаадад бол санхүүгийн зах зээл нь тогтвортой учир зээлийн жилийн хүү нэг оронтой тооноос хэтэрдэггүй. Хадгаламжийн хүү нь ч бага. Учир нь эрсдэл багатай. Төрөөс нь даатгалын тогтолцоог сайтар зохицуулж өгсөн, бүх зүйл нь баталгаажсан байдаг. Манайд үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны хэдэн банк нь хадгаламжийн хүүгээрээ хоорондоо өрсөлдөхөөс өөр зүйл хийдэггүй. Тэднийг хэтэрхий хамгаалж, вакум орчинд бөөцийлж байгаагаас тэр. Монголын томоохон бизнесмэнүүд дотоодын банкаас их хэмжээний зээл авсан гэж сонсч байсангүй. Арга ч үгүй биз. Хүүг нь төлөх гэсээр бизнес нь дампуурах байлгүй. Тэд гадаадын банкаас зээл авахыг илүүд үздэг. Ингээд л манай хөрөнгө гадагшаа урсаад дуусч байгаа юм. “Монголын банкууд 15 саяас илүү мөнгө зээлдүүлж чаддаггүй” гэсэн яриа ор үндэсгүй зүйл биш бололтой. Хэрэв өндөр хүүг нь төлөөд, найдвартай үл хөдлөх хөрөнгөө барьцаанд нь тавьж чадна гэвэл банкны зүгээс татгалзах зүйлгүй. Тиймдээ ч тэд чадах нь л авна биз гээд дээшээ хараад сууж байна. Зээлийн хүүг бууруулахын тулд мөнгөний бодлогыг тэр чигээр нь өөрчлөх хэрэгтэй л гэх юм. Мэдээж энэ бол бодлогын төвшинд хийх ёстой чухал асуудал. Нөгөө талаас арилжааны банкуудын өрсөлдөөнийг бодит болгомоор санагдах юм. Бодит гэдэг нь үнэхээр чадалтай, мөнгөтэй, зээлийн хүү нь бага тийм олон улсын банкийг Монголд оруулбал яасан юм. Жишээлбэл, дэлхийн 50 гаруй улсад салбартай олон улсын “Сити” банк байна. Хэрэв ийм банкны салбарыг Монголд байгуулчихвал манай банкууд жинхэнэ өрсөлдөөн гэдгийг ойлгох биз.
Улсын эдийн засгийг банк, санхүү нь тодорхойлдог гэдэг. Гэтэл “Манай арилжааны банкууд ломбардны үүрэг гүйцэтгэх төдий байна” гэж нэгэн эдийн засагч ярьж байсан нь үнэнд нийцсэн тодорхойлолт болж таарлаа.