Э.СОЛОНГО
Үндэсний статистикийн хороо барилгын материалын үнэд судалгаа хийжээ. Ингэхдээ шинээр барьж буй орон сууцнуудад ашиглаж байгаа дотоодын үйлдвэрийн болон ОХУ, БНХАУ, БНСУ-д үйлдвэрлэсэн барилгын 24 нэр төрлийн материалын дундаж үнэд суурилсан байна. Уг статистикаар барилга, байшин барихад гол түүхий эд болох цемент, тоосгоны үнэ хямдарсан үзүүлэлттэй гарчээ. Барилгын материалын өнөөгийн ханшийг өнгөрсөн жилийн эхний улиралтай харьцуулахад нэг ширхэг улаан тоосгоны үнэ 55, нэг шоо метр хөнгөн бетоны үнэ 13 мянга 200 төгрөг буюу 8-18 хувиар буурчээ. Мөн нэг кг хадаасны үнэ 400, хятад цемент кг нь 400, импортын шил ам метр тутамдаа 1000 төгрөгөөр хямдарсныг тус хорооноос мэдээлэв. Үүнээс гадна барилга, байшинд хэрэглэдэг дүш, суултуур, дүүжин тааз, шүршүүр зэрэг жижиг сажиг материал хүртэл үнээ 100-400 төгрөгөөр “буулгажээ”. Гэвч барилгын материалын үнийн энэ хямдрал орон сууцны үнэд эсрэгээр нөлөөлсөн байх юм. Орон сууцыг хүмүүс найман хувийн хүүтэй зээлээр авдаг болсноос хойш 10 сар өнгөрчээ. Энэ хугацаанд орон сууцны үнэ тогтмол өссөн гэдгийг мөн статистик мэдээнд тэмдэглэсэн байна. Тухайлбал, өнгөрсөн оны гуравдугаар улиралд нийслэлийн зургаан дүүрэгт орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 32.2 хувиар өсчээ. Харин өнгөрсөн оны жилийн эцсээр орон сууцны үнэ 7-9.9 хувиар нэмэгджээ. Харин орон сууцны одоогийн ханш өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад шинээр ашиглалтад орсон орон сууцны үнэ 1.4-5.2 хувь, 1970-2001 онд барьсан орон сууцных 1-4.3 хувь, хуучин орон сууцны үнэ 0.6-1.5 хувиар өссөн байна. Энэ өсөлтийг дүүргүүдээр авч үзэхэд Сонгинохайрхан дүүрэгт орон сууцны үнэ 4.3, Хан-Уул дүүрэгт 2.6, Баянгол, Баянзүрх дүүрэгт хоёр, Сүхбаатар дүүрэгт 1.9, Чингэлтэйд 0.9 хувиар өсчээ. Ерөнхийдөө хотод байрны үнэ өмнөх улирлынхаас 2.3 хувиар өссөн бол жилийн өмнөхөөс 34.9 хувиар дээшилжээ. Орон сууц, барилга босгодог гол түүхий эд кг тутамдаа 100-400, ширхэг бүртээ 66-300 төгрөгөөр хямдарч байхад байрны үнэ ам метр тутамдаа дунджаар 20-40 мянган төгрөгөөр нэмэгдсэн байх юм.