Б.ДАМДИН-ОЧИР
“Хүннү ресурс”-ийн захирал Марк Д Умент Үнст худагийн ордын маргааныг 10 гаруй сая ам.доллар өгч байж зохицуулсан талаар хэвэлэлүүд мэдээлж байв. Марк Д Умент дээрх 10 гаруй сая ам.долларыг бусдын хувийн дансанд шилжүүлж, Монгол Улсад ямар нэг татвар төлөлгүйгээр, хуулийнхны хяналтаас гадуур ингэж зохицуулсан нь ямар нэг шалтгаантай байж болзошгүй ажээ. Тэрээр Тайландад олон жил амьдарсан бөгөөд сурсан аргаа энд хэрэглэсэн гэх.
Дээрх мэдээллийн дараахан Марк Д Умент Монголоос явсан байна. Хаашаа, ямар ажлаар явсан, эргэж ирэх эсэхийг нь “Хүннү ресурс” компанийнхан мэдээлэхийг хүссэнгүй.
Ямар боловч 10 гаруй сая ам.доллараар үл ойлголцлоо намжаачихаад хил даван одов.
Үүнээс гадна сүүлийн үед nationalmultimedia.com дээр гарч буй мэдээллээр “Хүннү ресурс“-ийн толгой компани болох Тайландын “Банпу” компанийн ашиг ихээхэн буурч байгаа гэнэ. Уг сайтад дэлхийн зах зээл дэх нүүрсний үнийн уналт “Банпу” компанийн өнгөрсөн оны ашгийг 103 сая ам.доллар буюу өмнөх оныхоос нь бууруулсан тухай мэдээлжээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Чанин Вонкусолкит “Хэдийгээр нүүрсний үнэ унасан ч зардлаа бууруулах хөтөлбөрийн дүнд үнийн уналтыг зөөлрүүлж чадлаа” хэмээн ярьсан байна.
Тэрээр өнгөрсөн онд нүүрсний үйлдвэрлэл дэлхий даяар нийлүүлэлтийн илүүдлээс үүдэн хүндхэн байдалд орж, улмаар үнэ унасан талаар нэмж хэлжээ. “Банпу” компани нь Тайланд, Индонез, Хятад, Австрали, Лаос болон Монгол гэсэн зургаан улсад нүүрсний олборлолт хийдэг юм байна.