Г.ГАНЧИМЭГ

Тоолбол нас чацуу, төөлбөл нуруу ойролцоо идэр гурван залуу төмрийг ёстой нэг “амь оруулж” байна. Юунд ч дийлдэшгүй бат бөх санагдах хар төмрийг тэд сурамгай гэгч нь нугалж, хугалах нь ийм уян хатан байдаг билүү гэж эргэлзэхээр юм. Төд удалгүй элдэв янзын дүрс эвлүүлж гагнасны дараа хэн нэгэн зураачийн уран бүтээл ч юм шиг харагдах нь сонин. Тэд шинэ захиалагчийнхаа хүсэл сонирхолд нийцүүлэн ажлаа гүйцэтгэж буй нь энэ. Захиалагч нь тэдэнд элдэв маяг донжгүй энгийн хийц захиалах гэснээ больсон бололтой. Бас ч гэж энд тэнд нь гоёл байвал зүгээр гэж үзсэн нь тэдний хийж буй ажлаас илхэн. Тэдэнд төмрөөр хийхгүй юм гэж байдаггүй аж. Төмөр хашаа, хайс, барилгын түр хашаа, торон хашаа, граж, орцны хаалга, гэр хорооллын айлын хашаанд гүйдэг болон дэлгэмэл хаалга, сэндвичин хаалга, шатны хаалга, хамгаалалт, цонх тагтны хаалт гээд нэрлэж тоочвол барагдахааргүй. “Эдгээр нь зөвхөн аюулгүй байдлаа бодолцсон хэрэглэгчдийн хэрэглээний захиалгууд. Сүүлийн үед техник технологи их хурдацтай, өндөр хөгжиж байгаа учраас машины гупер хүртэл хийдэг болсон. Ер нь төмрөөр хийх ажил маш олон. Бүр төмрөөр урлагийн бүтээл хийсэн ч болно шүү дээ. Уран нарийн хийцтэй төмөр хөшөө босгосон ч болно. Монголчууд одоохондоо эдийн засгийн хямралтай байгаа учраас хэрэглээнээсээ илүү гарахгүй байгаа. Тиймээс ихэвчлэн хэрэглэгчдийнхээ ахуйн хэрэглээний төмөр хийцийн ажлуудыг л хийж гүйцэтгэж байна даа. Ихэвчлэн орцны бүргэд хаалгыг лист төмрөөр хийлгэж байна. Мөн гаражны хаалга, хашаа хайс, сэндвичин хаалга, барилга байгууламжийн тагтны хаалт хийлгэх захиалга орж ирдэг” хэмээн угтсан залуу бол Г.Ундрахбаяр.

Тэрээр анх 2013 оны зургадугаар сарын нэгэнд төмөр хийцийн үйлдвэрээ Чингэлтэйд нээжээ. Түүнээс хойш 250 гаруй хэрэглэгчээс захиалга авч, том, жижиг өчнөөн ажлыг гүйцэтгэсэн байна. Тэднийгээ баримтжуулан “Загварын катологи”-той ч болж амжжээ. Харин зарим хэрэглэгч нь “Яг тэднийх шиг” гээд бүр хээ хуарыг хүртэл яг адилхан дуурайлгаж хийлгэх гээд байдаг гэнэ. “Та энэ катологиос дуртай загвараа сонгож, эсвэл бүр огт өөр дизайнтай хийлгэж болно шүү дээ” гэхэд “Үгүй манай ахынх /эгчийнх/ их аятайхан донж хийцтэй, бас чанартай болсон” гээд тас гүрийдэг гэж байгаа. Зарим захиалагч нь бүр өөрөө загвараа гаргаж их санаачлагатай ханддаг гэнэ. Тэр бүхэнд шинэ зүйлийг сурч, чамлахааргүй  дадлага туршлага хуримтлуулдаг аж.

Г.Ундрахбаяр “Монголчууд аман мэдээлэл дамжуулдаг уламжлал нь одоо ч хэвээрээ юм шиг санагддаг. Манайд захиалга өгсөн үйлчлүүлэгчид “Энэ манай аав ээжийнх” эсвэл “Манай ахынх”, “Эгчийнх”, “Дүүгийнх” гээд дараагийн захиалагчийг дагуулаад ирдэг. Заримдаа танихгүй дугаараас залгаад “Тэдийд тийм хаалга, хашаа хийлгэж байсан тэрний тэр байна. Та манайд яг түүн шигээ тийм юм хийгээд өг” гээд шууд захиалга өгөх тохиолдол ч байдаг. Тэр бүрд бид захиалгыг нь аль болох түргэн шуурхай авч, боломжийн үнээр чанартай хийж гүйцэтгэдэг” хэмээн инээмсэглэн ярилаа. Гэхдээ хэзээ ч хоёр давхар захиалга авахгүй гэдэг дотоод журамтай аж. Яагаад гэвэл, нэг ажлаа чанартай, сайн гүйцэтгэж байж дараагийн ажилдаа ордог. Ингэхгүй бол захиалагчийнхаа цаг завыг барж, нервийг хөдөлгөнө гэж үздэг юм билээ. Тэгээд ч хүн нэгэн зэрэг олон юм руу самгардах биш нэг ажилд анхаарлаа төвлөрүүлж ажиллавал чанартай бүтээл гардаг гэж үздэг аж.

Тэдний төмөр хийц энгийн, гоёлын, элит гэсэн үндсэн гурван загвартай. Харин дотроо өч төчнөөн донж маягтай болж задардаг юм билээ. Энгийн хийц нь харагдах өнгө үзэмж нь цэвэрхэн, гэхдээ илүү дутуу чимэг, хээ хуаргүй юм. Харин гоёлын хийц нь бас ч гэж энд тэндээ маяг загвар оруулж, хээ хуар шигтгэж чимэглэдэг ажээ. Элит хийц нь тансаг зэрэглэлийнх учраас гоёлын хийцээсээ ч тасраад явчих юм. Илүү их хээ хуар, сонин содон шийдэл, чимэг гоёл ихтэй учраас бараг л нэг урлагийн бүтээл гэсэн үг. Эдэлгээ даахдаа бүх хийц ялгаагүй чанартай. Гагцхүү төмрийн орц, илүү хөдөлмөр, цаг хугацаа шаарддаг учраас элит загварын төмөр хийц арай илүү үнэтэй тусах гээд байдаг. Тиймээс ч тэр үү, ер нь улс орон бүхэлдээ эдийн засгийн хямралтай байгаа болоод ч тэр үү хэрэглэгчид ихэвчлэн гоёлын болон энгийн загвараар төмөр хийц захиалдаг гэнэ.

Модон хашаа, хайс 2-3 жил болоод л өмхөрч мууддаг учраас тэр хэрээр үргүй зардал гарчих гээд байдаг. Тиймээс хэрэглэгчид хашаа хайсыг төмрөөр хийлгэхийг илүүд үздэг. Төмөр хийцийн хашаа хайс эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд маш сайн тохирч, эдэлгээ даадаг. Арчлахад ч хялбар, 2-3 жилдээ нэг удаа өнгө будгийг нь сэргээхэд л болоод явчихна. Түүнээс биш мод шиг бүхэлд нь солих шаардлагагүй.

Төмөр хийцийнхээ бэлдэцийг “Гурвалжин”, “Зуун айл” зэрэг барилгын материалын захуудаас бэлтгэдэг. Бэлэн бэлдэц авч ашигладаг ч хээ хуарыг нь ихэвчлэн гар аргаар матдаг аж. Г.Ундрахбаяр “Монголд төмөр хийцийн үйлдвэр цөөхөн байсан. Харин сүүлийн үед бүтээн байгуулалт, хөгжлөө дагаад энэ чиглэлийн үйлдвэр эрхэлдэг залуус олширч байна. Бид хөөрөгдөлгүй үнэ, чанартай гүйцэтгэлээрээ хоорондоо өрсөлддөг. Түүнээс биш тэр төмөр хийцийн үйлдвэр эрхэлж байна. Дахиад нэг өрсөлдөгч гараад ирлээ гэдэггүй. Учир нь эцсийн шүүгч нь хэрэглэгчид байдаг. Тэд чанартай, эдэлгээтэй бүтээгдэхүүн хийж байгаа хүнийг анддаггүй. Тиймээс би хийж буй ажлаа аль болох боломжтой хурдаар түргэн шуурхай, чанарын өндөр төвшинд гүйцэтгэхийг хичээдэг. Их хэмжээний ажил байлаа ч хурд, хүн хүчээ зөв зохион байгуулж, боломжтой хугацаагаа тохирдог. Бид энэ жишгээр Чойр, Налайх, Гоодой зусланд томоохон хэмжээний ажил гүйцэтгэж байсан туршлагатай. Гэхдээ бид ажлыг том, жижиг гэж ялгах дургүй. Өмнөхөө л чанартай сайн хийхийг зорьдог” гэсэн юм.

Монголын зах зээл жижиг учраас нэг ажил дээр гэхэд л 2-3 аж ахуйн нэгж цугларчих талтай байдаг. Тэд энэ үед захиалагч талынхаа тавьж буй шаардлагыг сонсоод аль болох хүсэл сонирхолд нь нийцэхүйц загвар дизайн гаргаж, “Бид ийм загвартай төмөр хийцийг ийм хугацаанд ийм үнээр хийнэ” гэдэг тооцоо судалгаа, боломжийн үнийн санал тавьдаг гэнэ. Санал нийлж, нөхцөлөө тохирвол ажлаа торох юмгүй гүйцэтгэнэ. Захиалагч өрсөлдөгчийг нь сонгосон байлаа ч “Заавал том компанийн захиалгаар их хэмжээний ажил хийнэ” гэж улайралгүй хувь хүний захиалгыг хүлээн авч, айлуудын зуслангийн хашаа, хайсыг барьдаг аж. Учир нь амьдрал дандаа чиний хүссэнээр байх албагүй. Бид Монголынхоо онцлог нөхцөлд л тохируулан ажиллах хэрэгтэй гэж үздэг аж. Аугаа их амжилт энгийн байх “эрхэмсэг” зан чанараас л эхэлдэг учраас Г.Ундрахбаярын “философи” ч зөв биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин