Э.СОЛОНГО

Даатгалын ач холбогдол, онцлогийн талаар Мандал женерал даатгалын менежер А.Одтой ярилцлаа.

-Даатгалын давуу талаас дурдахгүй юу. Хүмүүс даатгалаас хүсдэг гол зүйл нөхөн төлбөр байдаг. Нөхөн төлбөрийг хэрхэн олгодог юм?

-Санамсаргүй гэнэтийн осол болох, төлөвлөөгүй зардал гарах, цаг хугацаа, сэтгэл санааны дарамт, хохирол амьдралд их тохиолдохыг үгүйсгэх аргагүй. Ийм үед асуудлыг шийдвэрлэж, учирсан хохирол,  зардлыг нөхөн төлөх, зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлдэг нь даатгалын давуу тал. Тухайлбал, гэнэтийн ослын даатгалд хамрагдсан хүний нөхөн төлбөрийн хэмжээ эрсдэлээ хэрхэн үнэлж, ямар хамгаалалт авахыг хүссэнээс нь хамаардаг. Ингэснээр даатгалын газар хохирлын дүгнэлтийг үндэслэж нөхөн төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлдөг.

-Эрүүл мэндийн даатгал бусад даатгалаас хамгийн чухал гэх хүмүүс бий. Гэхдээ манайд эрүүл мэндийн даатгал хангалттай хөгжихгүй байна гэж шүүмжилдэг юм билээ? 

-Жишээ нь 200 мянган ам.доллар болон түнээс ч өндөр хамгаалалттай эмчилгээний даатгалууд байдаг. Энэ нь эрхтэн шилжүүлэх хагалгаанд орох зэрэг чухал цаг үед үр өгөөж нь мэдэгддэг. Энэ чиглэлээр манай компани гадны нэлээд туршалагтай компанитай хамтрахаар судалж байна. Эрүүл мэндийн даатгалын бас нэг онцлогийг хүний нас гэж үздэг. Тухайлбал, залуу хүн  өвдөх эрсдэлээрээ хөгшин хүнийг бодоход бага.  Тиймээс энэ даатгалд залуус бага мөнгө төлж хамрагддаг бол нас ахиж яваа хүмүүс арай ахиу зардлаар даатгуулдаг. 

-Мэргэжлийн хариуцлагын даатгал Монголд хэр хөгжиж байна вэ. Энэ даатгалд хэрхэн хамрагдах вэ?

-Зарчмын хувьд ямар ч мэргэжилтэй хүн даатгалд хамрагдаж болдог. Сүүлийн үед эмч, эмнэлгийн ажилтны хариуцлагын даатгал хүмүүст их хүрч байна. Энэ нь тухайн эмч хариуцлага алдсанаас өвчтөнд амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг даатгалын байгууллагаас нөхөн төлбөр хэлбэрээр төлнө гэсэн үг юм. Тухайн мэргэжлийн хариуцлагыг мэргэжлийн байгууллагаар үнэлүүлж харилцан ярилцсаны үндсэнд даатгалаас хамгаалах мөнгөний тоог тогтоож болдог.

-Даатгалын үйлчилгээ хөгжсөн орнуудын иргэд тэтгэврийн санд их хамрагддаг гэж дуулсан. Монголд ийм сан бий юу?

-Даатгалын үйлчилгээ хөгжсөн орнуудад төдийгүй санхүүгийн зах зээл хөгжсөн оронд хувийн тэтгэврийн сангууд хөгжсөн байдаг. Уг санд хүмүүс албан байгууллага, хамт олноороо хамрагдаж нийгмийн даатгал төлдөг шиг цалингаасаа тодорхой хувийг төлж хуримтлуулсаар тэтгэвэрт гарах үедээ мөнгөө бөөнөөр нь авдаг. Дунджаар 30 гаруй жил ажиллахдаа даатгалаа төлж байсан хүн тэтгэвэрт гарахдаа 500 гаруй сая төгрөг авах жишээтэй. Гэтэл бидний нийгмийн даатгалд төлж байгаа мөнгийг тэтгэвэрт гарахдаа авах мөнгө гэж ярьдаг. Монголд эмэгтэй хүн 55 нас хүрч, эрэгтэй хүн 65-тайдаа тэтгэвэрт гардаг. Муугаар ярихад 65 насандаа тэтгэвэрт гарчихаад дараа жил нь нас барлаа гэхэд насаараа төлсөн мөнгө нь улсын данс руу шилжчихдэг. Үүнээс гадна бидний нийгмийн даатгалд төлж байгаа мөнгөнд бас нэг эрсдэл бий. Сар бүр цалингаасаа өгч байгаа таны мөнгийг төр таны тэтгэврийн санд хуримтлуулахгүйгээр халамжийн сан зэрэг хөндлөнгийн зүйлд хуваарилчихдаг. Үүнийг хянах боломж хомс. Нөгөөтэйгүүр “Би ажилласнаасаа хойш улсад хэдэн жил, хэчнээн мөнгө төлсөн бол. Одоо тэр мөнгө миний дансанд байгаа болов уу” гэх асуулт байнга гардаг. Гэтэл тэр мөнгө таны дансанд байдаггүй. Харин хувийн байгууллагын тэтгэврийн сан үүнээс өөр. Сангийн мэдээлэл тухайн хүнд нээлттэй ил тод, тодорхой. Даатгуулагч хэзээ хэчнээн мөнгө хийсэн, одоо хэд байгаа, тэтгэвэрт гарахдаа энэ сангаас хэчнээн мөнгө авах вэ гээд хүссэн асуултдаа хариулт авч чаддаг. Үүнээс гадна энэ санд цалингийнхаа заавал 10 хувийг өгөх албагүй. Боломжоороо гурав, таван хувиа оруулаад явах боломжтой.

-Эрүүл мэнд, эд хогшил гээд үнэтэй бүхнээ даатгуулж байгаа хүмүүс даатгалын компанид итгэхэд бэрх гэдэг?  

-Аливаа хүн даат­галын үйлчилгээг авахын өмнө тухайн даатгалын байгууллагын хэмжээ, хөрөнгийн сан, найдвартай байдал, мэргэжлийн хандлага зэрэг зүйлсийг анхаарах хэрэгтэй байх. Мөн даатгалын гэрээ, хэлцлээ сайтар уншиж судлах нь эргээд хохирол гарсан үед найдвартай хамгаалалт болдог.

-“Мандал женерал даатгал” компанийн онцлог, давуу талаас танилцуулахгүй юу?

-Бид Монгол Улсын даатгалын зах зээлд үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа эхлэн өнөөг хүртэл мэргэжлийн байдал, мэргэжлийн ёс зүйг баримтлан ажиллаж ирсэн. Мөн харилцагч бидний үйлчилгээг авснаараа эрсдэлгүй, аюулгүй орчинд ажиллах нь бидний зорилго юм. Бид Эрсдэлгүй Монголын төлөө гэсэн уриатай ажилладаг.