Э.СОЛОНГО
“Мон Лаа” группын ерөнхийлөгч Х.Энхсайхантай бизнесийн орчин, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-Таныг хүмүүс ихэвчлэн “Мон Лаа” үйлдвэрийн захирал гэдгээр мэддэг. Танай компанийг сүүлийн үед уул уурхайн салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа гэсэн?
-Надад хийж үзээгүй зүйл бараг байхгүй. Бэлэн хоол, ундаа, цэвэр ус, талх, гутал, лаа гээд хийгээгүй, үйлдвэрлээгүй зүйл байхгүй.
1997 оноос “Мон Лаа” компанийг байгуулж, лаа үйлдвэрлэж эхэлсэн. 1995-2003 он хүртэл манай дэд бүтэц, эрчим хүч хүндхэн байлаа. Тиймээс би хэрэгтэй үед нь хэрэгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гэж боддог. Хүмүүсийн хэрэгцээг тодорхой хэмжээгээр хангаж явсан. “Галын дөл өөдөө” гэж энэ бизнесээ эрхэлж явсаар өдий зэрэгт хүрсэн. Ер нь хүмүүс “Мон Лаа” гэхээр лааны үйлдвэрлэл гэж ойлгодог. Одоо эрэлтэд тааруулаад лаагаа үйлдвэрлэж байна. Манайх 500 гаруй ажилчинтай. Дөрвөн салбарт үйл ажиллагаа явуулж байна. Гол бизнес нь уул уурхай юм даа.
-Таныг зарим хүн яагаад уул уурхай руу орчихсон бол гэж боддог байх?
-Нэг хэсэг уул уурхай гэхээр хүмүүс бараан талыг нь түрүүлж ярьдаг, олж хардаг байлаа шүү дээ. Газар шороог минь сэндчиж, ухаж төнхлөө гэж эзмэглэнэ. Гэхдээ дэлхийн хөгжил, эдийн засгийн өсөлт энэ салбарыг яалт ч үгүй хөгжүүлэхийг шаардаад байна. Сүүлийн үед хүмүүс үүнийг ойлгодог болсон. Монголчууд сүүлийн 20 гаруй жил жижиг, дунд үйлдвэрлэлийн талаар ярилаа. Би тэр жижиг, дунд үйлдвэрлэлийг хийсэн хүмүүсийн нэг. Бүр төрөл төрлөөр нь хийж үзсэн. Энэ бүхний эцэст би Монголын зах зээл үнэхээр жижиг юм байна гэж бодсон. Захын нэг 25 настай хүүхэд Монголд лаа үйлдвэрлэж, бүхэл бүтэн нэг улсын лааны зах зээлийг дангаараа барьчихсан. Тухайн үед манай улсын эрчим хүч ямар байлаа. Лааны бизнес сайн байсан. Дараа нь цэвэр ус хийж үзлээ. Зах зээлийн бараг 50-60 хувийг эзэлсэн. Тэр үед том бизнес хиймээр санагддаг. Тэгээд дэлхийн зах зээлд гарах хэрэгтэй болно. Тэр зах зээлд очихын тулд брэнд гэж зүйл хэрэгтэй болдог. Брэндийг хэдэн удаа яриад бий болгочихдог зүйл биш л дээ. Хамгийн багадаа 20-30 жил үүн дээр ажиллах хэрэгтэй болно. Монгол брэндгүй юм чинь бизнесмэнүүд нь дэлхийд гарах боломжгүй. Ганц гарц нь уул уурхай. Тиймээс би энэ салбар руу орсон. Одоо хийгээд явж л байна.
-Нууц биш бол та хэчнээн лиценз эзэмшдэг вэ?
-Би хоёр, гурван ашиглалтын лицензтэй. 2008 онд Монгол Улс ашигт малтмалын лиценз олголтоороо нэлээд дээгүүр байранд орж байсан. 9000 гаруй лиценз олгосон байдаг. Одоо энэ тоог 2900 болсон гэж ярьж байна. Тэгэхээр цаана нь 6000 гаруй лиценз хаашаа алга болсон талаар ярьж таарна. Лиценз 9000 хүрч байхад “Монголын газар нутаг зарагдлаа. Амьдрах газаргүй боллоо. 9000 байрлалд газар ухах нь” гэх зэргээр нөгөө PR хийж байсан хүмүүс нь ярьж байсан. Гэтэл одоо яг тийм хэмжээнд газар ухаад, олборлолт хийгээд байна уу гэвэл үгүй л байхгүй юу. Нөгөө 6000 лиценз чинь юу ч үгүй, баялаггүй л газар байсан. Одоо Монголын газар нутаг хэвээрээ, бүтнээрээ л байгаа. Эндээс харахад Америк эдийн засаг нь хямраад эхлэхээр ам.доллар нэртэй цаас хэвлээд зах зээлд тараачихдаг. Тэр үед нөгөө том гүрнүүд чинь байж суух газраа олж яддаг. Хятадууд эдийн засгийн өсөлтөөрөө Америкийн урд гарч чаддагүй. Яг тэрэн шиг зүйлийг бид өөрсдөө ч мэдэлгүйгээр эхлүүлсэн. Ам.долларыг цаас шиг тараасантай адил манайд лиценз тараасан. Тэр лицензүүд зүгээр л цаас байсан. Тэр үед гадныхан орж ирээд баахан лиценз авч түүнийг дагасан бизнесийн өрсөлдөөн бий болж байсан. Одоо ч гэсэн 2900 лицензийн ихэнх нь баялагтай, баялаггүйн эргэлзээтэй л байна. Тэгэхээр бид аливаа юмыг муу талаас нь биш сайныг нь түрүүлж хармаар байгаа юм. Тэр олон лиценз олгож байсан үед монголчуудын зарим нь оносон, зарим нь хохирсон. Дулмаад баялагтай газар таарсан бол Дорж хов хоосон юу ч үгүй газрын лиценз авсан байдаг. Яахав алив юм хоёр талтай байдгийн нэг жишээ энэ. Тэр үед бид өөрсдөө ч мэдэхгүйгээр уг нь Америкийн аргыг зах зээлдээ гаргасан байхгүй юу. Тэд ам.доллар нэртэй цаас хэвлэчихсэн. Биднийх лиценз нэртэй цаас. Харин одоо бид түүнд харамсах хэрэггүй. Дахиад тэр цаасаа хэвлэ. Гэхдээ одоо тэр цаасыг авах хүн хэр олон байх бол. Нэг хууртагдсан хүн дараачийн удаад хашир байж таарна.
-Тэгэхээр та тэдний дунд байсан юм уу?
-Байсан. Дунд нь явсан. 2003 онд би тэдний адил хоосон лиценз нэртэй цаасаар үйлдвэрлэл байгуулаад шатаад дуусч л байлаа. Ганц Монголд уул уурхай байгаа юм биш. Тийм ч учраас дэлхийн зах зээл манай нүүрсийг авахгүй, Монголын төмрийн хүдрийг сонгохгүй байгаа юм. Өнөөдөр Монголд бизнес үнэхээр хүнд байна. Өнгөрсөн онд бидэнд бондын мөнгөнөөс өөр ямар ч орлого байсангүй. Зээлийн мөнгөөр хүчээр хэдэн зам тавьж, барилга босгож хүмүүсийг ажилтай байлгасан. 2011-2012 онд эдийн засаг сайн байсан. Энэ нь тэр үеийн Засгийн газрын сайных, тэдний чадвартайнх биш. Дэлхийн зах зээл, эдийн засаг сайн байсан нь нөлөөлсөн хэрэг. Энэ онд байдал хүнд байна. Үйлчилгээний газар, аж ахуйн нэгж, компаниудад мэдрэгдээд эхэлчихсэн. Энгийн жишээ хэлэхэд зоогийн газрын хоолны порц багасчихсан байна. Одоо бидэнд бондоос үлдсэн хэдэн мөнгө л байна.
-Засгийн газар бондын мөнгөөр үйлдвэрлэлийг дэмжинэ гэж байгаа. Үүнийг өнөөгийн хүнд байдлаас гарах нэг гарц гэж үзэж байна. Та санал нийлэх үү?
-Импортыг бууруулах, экспортыг дэмжих гээд ярьж байна. Би жижиг дунд үйлдвэр хийж үзсэн хүн. Нэг эсгий оймс, улавч хийчихээд жижиг дунд үйлдвэрлэл хөгжиж байна гэж ярьдаг хүн олон бий. Үүнийг тэр 800 жилийн өмнө монголчууд хийгээд өмсдөг л байсан шүү дээ. Уг нь том, хүнд үйлдвэрлэл хөгжиж байж жижиг, дунд нь дагаад хөгждөг байхгүй юу. Том зүйл нь хөгжихөөр бага нь зах зээлийн жамаараа дагаад явчихдаг. Энэ хоосон яриа биш тэр хөгжлөөрөө тэргүүлж байгаа Япон, Солонгосын жишээ. 800 гаруй төслийн маш цөөхөн нь тэнцэж амьдрал болно гэж харж байна. Бондын мөнгө ялгаагүй л зээл шүү дээ. Үүнийг арилжааны банкуудаас авч болно. Энэ төслүүд дээр төр ганц зөв алхам хийсэн нь зээлийг өөрсдөө биш арилжааны банкаар олгох болсон нь. Өөрсдөө өгсөн бол үнэхээр хайран мөнгө болох байсан. Хэрэв надад энэ мөнгийг хуваарилах эрх байсан бол том төслүүдийг санхүүжүүлэх байсан. Том үйлдвэрлэлийг жижиг, дунд нь аяндаа өөрсдөө дагаад хөгжихдөг юм. Хамгийн ойрын жишээ Тавантолгой, Оюутолгой зэрэг том төсөл хөдлөхөд уурхайчдын хувцас оёдог, хоол хүнсийг нь базаадаг, уурхайд хэрэглэдэг тоног төхөөрөмж нийлүүлдэг жижиг газрууд дагаад хөдөлж эхэлсэн биз дээ. Том төслийг дагаж жижиг төсөл явдаг сонгодог нэг жишээ “Тоyoto”. Энэ компани зүгээр л “Тоyoto” гэдэг брэнд нэрийг эзэмшдэг. Гэтэл нөгөө талд нь түүний хаалга, цонх шил, руль, дугуй, бүр гархи боолтыг нь хийдэг газар тусдаа. Яахав дээ “Тоyoto” гэдэг том брэндийг дагаад бусад жижиг газар хөгжчихгүй юу. Тэгэхээр Монголд хэзээ хүнд үйлдвэрлэл хөгжинө тэр цагт жижиг үйлдвэрүүд хөгжинө. Хүнд үйлдвэрлэлээ хөгжүүлээгүй байж бид жижиг үйлдвэрийн хөгжлийг мянга яриад нэмэргүй. Жижиг үйлдвэрийн дөрөв, таван салбарт ажиллаж зовлонг нь хангалттай мэдэрсэн хүний хувьд ингэж хэлж байгаа юм.
-Тэгвэл Монголд хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж, туршлага хэр байгаа бол?
-Бидэнд боломж байна. Уул уурхай дагасан хүнд үйлдвэрлэлийг босгох боломж бий. Эрдэнэт, Дарханы төмөрлөгийн үйлдвэр шиг газруудаа эхний ээлжинд хөгжүүлмээр байгаа юм. Үүнийг хийхэд улсаас нэг ч төгрөг гаргах шаардлагагүй. Зүгээр үүнийг хийх хууль эрх зүйн орчныг бий болгох хэрэгтэй. Бид Ашигт малтмалын хуульгүй гурван жил явсан. Хуульгүй тохиолдолд том бизнес сөөм ч урагшилдаггүй. Уг нь үүнийг эрх барьж байгаа хүмүүс мэдэж байгаа.Гэтэл хууль нь гарахгүй байгааг санаатайгаар гацааж байна гэж ойлгохоос өөр аргагүй. “МАН-ынхан лиценз авчихсан баахан уурхайтай болчихсон. Одоо АН-ын ээлж” гэж хараад байх шиг байна. Монголд ер нь нам ямар хэрэгтэй юм бэ. Үүнээс болж л хуулиа гацаагаад явуулахгүй байна. Үүний хохирогч нь иргэд, урагшилдаггүй улсын хөгжил. Одоо иргэд нь бүгд орон сууцны зээлтэй, электрон барааны зээлийн өртэй болчихсон.
-Бизнес эрхэлж байгаа хүмүүс бусдад их ашиг орлого, мөнгө олж байгаа юм шиг харагддаг ч тэр болгонд эрсдэлтэй тулж байдаг гэж дуулсан?
-Ерөнхийлөгч асан П.Очирбат нэгэн чуулганы үеэр бизнесмэнүүдийг “Та нар зовлон дундуур туучиж яваа хүмүүс” гэж хэлсэн. Бизнесмэнүүд хүмүүст мөнгөтэй, баян сайхан л харагддаг байх. Гэхдээ энэ ажил зовлонтой. Тэр тусмаа Монголд бизнес хийхэд зовлон их. Манай нэг найз Америкт хүнд даацын автомашины бизнес эрхэлдэг юм. Тэр найз маань Монголд хэдэн транс оруулж ирж энэ чиглэлээр бизнес эрхэлсэн л дээ. Тэр хоёр жил энэ бизнесээ хийсэн. Хоёр жилийн хугацаанд мань хүний олж харсан зүйл Монголын бизнесмэнүүд Америкт амжилтад хүрнэ гэсэн итгэл найдвар. Найз маань надад “Та нар тэнд бизнес эрхэлбэл тасарна шүү” л гэсэн. Энэ нь Америк сайхандаа, Монгол муухайдаа биш. Тэнд нөгөө хууль, дүрэм журам нь төгс байдагт гол учир нь байгаа юм. Бизнесийн ажил амраасаа хэцүү нь олон. Ялангуяа өнгөрсөн 20 жилийн хугацаанд удирдуулсан шиг удирдлагуудтай бол бүр хэцүү. Бизнес хийж байгаа хүмүүсийн нэг хэсэг нь өөрсдийгөө тэжээх гэж энэ ажлыг хийдэг бол нөгөө хэсэг нь бусдыг хоосон хонуулахгүйн тулд бизнесээ урагшлуулах гэж оролдоод байна. Гэхдээ тэр оролдлого нь байгаа онохгүй, хана очоод мөргөөд байна шүү дээ.
-Тэгвэл та хэр хана мөргөж байна даа?
-Өдөр болгон хана мөргөж байна. Том бизнес хийхэд зайлшгүй хууль, дүрэмд захирагдах болдог. Гэтэл манай хуулийн ихэнх нь орчуулсан хууль. Орчуулгын алдаа их, амьдралыг нь мэддэггүй, ойлгодоггүй хүн зохиосон хуулиас болж өдөрт ажлаа хийх болгонд хана мөргөж байна шүү дээ.
-Сэдвээ өөрчилье. Эдийн засгийн хямралаас гарах талаар дээр дооргүй ярих боллоо. Таны хувьд хамгийн ойр гарц хаана харагдаж байна?
-Уул уурхайн хуулиа батал. Хуультай болчихбол ажил явж эхэлнэ. Уурхайг дагаж өндөр цалинтай ажлын байр бий болно. Өндөр цалинтай хүн гэртээ эд хогшил авна. Орон сууцанд орох мөнгөтэй болно. Хүмүүс орон сууцанд орж эхлэхээр барилгын компаниуд барилга барьдаг болно. Барилгын компаниуд хөдөлж эхлэхээр тэнд хэрэгтэй бусад материалыг хүмүүс үйлдвэрлэх нь үйлдвэрлэж, гаднаас татах нь гаднаас нийлүүлж эхэлнэ. Ийм гинжин урвалаар хүмүүсийн амьдрал сайжирдаг юм. Хамгийн амархан, ойрхон гарц энэ л байна. Энгийн жишээ хэлэхэд нэг айл гэхэд эхлээд орлогоо хаанаас, яаж олох талаараа ярилцдаг. Тэгээд дараа нь хуваарилах тухай яриа өрнөдөг. Гэтэл Монгол Улс орлогоосоо түрүүлж зарлагаа яриад байна. “Тэнд ийм зам тавьж, энд ийм байшин барина. Тэр сумыг ингэж өөрчилнө. Тэгэхэд нь ийм мөнгө зарцуулна” гээд байхгүй мөнгийг хуваарилах талаар яриад байна.
-“Монгол 999 үндэсний нэгдэл”-ийг байгуулахад та оролцож байсан. Энэ нэгдлийг байгуулснаар ямар үр дүнд хүрэв?
-Хамгийн үнэ цэнэтэй үр дүн Тавантолгойг “Пийбоди” хэмээх Америкийн компанид өгөх гэж байсныг зогсоосон явдал. Тухайн үед энэ ордыг гадны компанид яг өгөх гэж байсан юм. “Монгол 999 үндэсний нэгдэл”-ийн шаардлагаар улстөрчид байдлыг ажиглаж хүлээсэн. Одоо “Эрдэнэс Тавантолгой” гээд монгол компани ажлаа хийгээд явж л байна. Тэгээгүй бол одоо Оюутолгой шиг тал талдаа хэрүүл хийгээд, уурхайн ажлыг ч явуулсан юмгүй байх байсан. Ийм зүйл яг Тавантолгой дээр болох байсан. Үүнийг бид болиулж чадсан.