Э.ӨНӨР

МИАТ 2010 онд хоёр тэрбум, 2011 онд 5.6 тэрбум, 2012 онд 4.1 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байдаг. Төрийн өмчит томоохон компани мөнгийг тэрбум тэрбумаар хийсгэснийг төр өнгөрсөн оноос мэдэж тус компанид шинэчлэл хийхээр болсон. Эхлээд удирдаж байсан хүмүүстэй холбоотой идэж уусан хэргийг цэгцэлж, дараа нь удирдлагын менежментийг шинэчлэх, тодорхой хувийг хувьчлах  талаар ярьж эхэлсэн. Ийнхүү МИАТ-ийн хувьчлал гараанаасаа гарсныг албаны хүмүүс онцолдог. “МИАТ” компани мастер төлөвлөгөөндөө ирэх жилүүдэд 60 хүртэлх сая ам.долларын ашигтай ажиллахаа тусгажээ. Ашигтай ажиллах эхний алхмуудын тоонд тус компани олон улсын зах зээлд болон дотооддоо IPO гаргах төлөвлөгөө зүй ёсоор орно. Өнгөрсөн жилүүдэд “Төр муу менежер” гэдгийг МИАТ баталсан. Тиймээс иргэний агаарын тээвэр хэмээх стратегийн ач холбогдолтой энэ салбарыг хувьчлах талаар ярьж эхэлсэн хэрэг. Гэхдээ стратегийн ач холбогдолтой салбарын хувь заяаг төр хувийн хэвшилд даатгаж зүрхлээгүй. Өөрөөр хэлбэл, компанийн тодорхой хувийг хувьчлах замаар шинэ менежмент, хяналтыг оруулж ирэх нь зөв гэж төр, засаг үзсэн. Тэд МИАТ-ийн 49 хувийг дагаж олон нийтийн хяналт, менежмент орж ирж, компанийн ашиг орлого ч нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа. Ингэснээр ганц МИАТ компани ашиг орлогоо нэмэгдүүлэхгүй. Монголын хөрөнгийн зах зээл томорч, үндэсний аж ахуйн нэгжүүд ч ашиг орлогоо сайжруулж, томрох боломжтой гэсэн таамгийг эдийн засагчид дэвшүүлээд байгаа юм. Төрийн өмчийн компаниуд энэ жишгээр хөрөнгийн зах зээлд гарах ёстой. Тэгж байж, төр, хувийн хэвшлийн хамтарсан сайн менежментийг хэрэгжүүлж, төр сайн менежер болох боломж бүрдэхийг Төрийн өмчийн хорооны удирдлагууд онцолсон. Мөн тус хорооны дарга Д.Цогтбаатар “Төрийн өмчийг үе шаттайгаар олон нийтэд хувьцаа гаргах замаар хувьчилна. Төр заавал 51 хувиа эзэмших албагүй. Шаардлагатай бол 15 хувийн алтан хувьцаагаар ч бас хяналт тавьж болно. Төрийн өмчийн хороо энэ чиглэлд ажиллана” гэсэн нь бий. Үүнийг МИАТ-ээр эхлүүлнэ гэдгийг ч тэрээр бас дурдсан.

Өөрөөр хэлбэл, төр цаашдаа өөрийн өмчөө олон нийтэд санал болгож, хөрөнгийн зах зээл дээр гаргах бодлого баримтлах нь. Энэ жишгээр МИАТ 49-өөс илүү хувийг ч олон нийтэд санал болгож болзошгүйг тус салбарынхан таамаглаж байна. Гэхдээ тус компанийг хувьчлах асуудал одоогоор цаг хугацааны ажил болоод байна. Учир нь хувьчлах талаар ярьж байгаа ч хэнд, хэзээ, хэрхэн яаж хувьчлах вэ гэдэг нь тодорхойгүй юм. МИАТ-ийн үнэлгээг сайжруулах, ашиг орлогыг одоо байгаагаас нь нэмэгдүүлж, зах зээлд эрэлттэй сайн хувьцаа гаргаснаар хувьчлалын гараа сайн байна гэдэгтэй Төрийн өмчийн хорооныхон санал нэг байгаа ажээ.