Ж.ЦОГЗОЛМАА
“Зуд болохоор нохой зоолдог” гэгчээр эдийн засаг хямарч, төгрөгийн ханш ул болсон өнөө цагт Монголд валютаар зээл өгсөн банкууд, зээлийн төвүүд “бурзайж” байна. Тэднээс гадаад мөнгөн дэвсгэртээр зээл авсан иргэд, аж ахуйн нэгжүүдийн хэтэвч нимгэрч, данс улайжээ. Өнгөрсөн оны долдугаар сараас хойш ам.доллар өнөөг хүртэл 300-400 төгрөгөөр өсч огт буураагүйн хохирогчид хэдэн зуугаараа байхад хожлын эзэд нь дэндүү цөөн байна. Ийм л болохоор жижиг, том гэлтгүй компанийн захирлууд хямралаас гарах гарцаа цомхотгол хэмээн харж, үр дүнд нь хэдэн мянган хүн ажилгүй болохдоо туллаа.
Ханш өсгөсөн буруутныг хайж олоод олны өмнө хариуцлага тооцно гэж амласан Засгийн газар нь таг чиг. “Бүх юмыг сайхнаар бод” гэж сургадаг Эдийн засгийн хөгжлийн сайд хаана байгаа юм, бүү мэд. Хөрөнгө оруулалт буурч, валютын урсгал татрахад жанжины үүрэг гүйцэтгэсэн хуулиар наадагчид ч хариуцлагаас холуур өнгөрч одлоо. Хариуд нь үндэстнийхээ эд эс болсон иргэд, эх орны эдийн засгийг нуруун дээрээ авч яваа үйлдвэрлэгчид өөрсдийнхөө буруугүйгээс, тааж тааварлах боломжгүй хариуцлагагүйн зуднаас болж өссөн ханшийн хохирогч болон үлдэв. Анхнаасаа 1384 төгрөгт валютын ханшийг барина гэж амласан Эдийн засгийн хөгжлийн сайд, түүнийг дэмжсэн Засгийн газар ч, тэрнийг нь баталсан хууль тогтоогчдын хэн нь ч хариуцлагаа хүлээе хэмээн нэг удаа дуугарсангүй.
Иргэн таны төлөө гүйе, харайя, бараг л галд ч хамаагүй оръё гэж сонгуулиар баахан шоуддаг парламентчид, төр, засгийн эрхмүүд нүүрээ буруулсан энэ үед МҮХАҮТ-ынхан болон УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл зах зээлийн цоорхойгоор монжигчдыг илчлэх бодит “газрын зураг”-ийг дэлгэн тавилаа. Энэ бол Иргэний хуулийн 218 дугаар зүйлд заасан Гэрээний үүргийг гэрээ байгуулсан үеийн ханшаар тооцож төлөх тухай хууль зүйн үндэслэл байсан юм. Нэг үгээр хэлбэл, бизнесийнхний буруугүйгээс, тааж тааварлах боломжгүй хүнд нөхцөл байдалд ханш унах, эсвэл өсөхөд зээл олгосон арилжааны банкууд анх гэрээ хийсэн үеийн ханшаар эргэн төлөлтийг тооцох тухай хуулийн заалт энэ байв. 2002 онд батлагдсан Монгол Улсын Иргэний хуулийг одоо хэр нь банкууд, санхүүгийн байгууллагууд мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлж, гэрээ хэлэлцээртээ багтаалгүй ирсээр өнөөг хүрчээ. Зах зээлийн шударга ёс, хүнд нөхцөл байдлыг тэнцвэржүүлэх учиртай энэ хуулийн алтан заалтыг иргэд ч мэддэггүй байсны гороор монголчууд санхүүгийн зах зээлийн “боолчлол”-д өртсөөр ирсэн нь энэ байлаа.
Монгол Улсын Иргэний хуулийн 218 дугаар зүйлд мөнгөний ханш хэмээн юуг тодорхойлов. Энэ хуулийн 218.1-д “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэжээ. Тэгвэл биднээс хол, тэгсэн хэр нь бидний санхүүгийн аюулгүй байдлыг сахин хамгаалахад чухал нөлөөтэй энэ хуулийг хууль, шүүхийн байгууллагууд өөр өөрийнхөөрөө тайлбарлаж буй нь байдлыг улам тодорхойгүй болгож буйг МҮХАҮТ-ынхан мэдэгдэлдээ дурдсан байлаа. Ингэхдээ чухам мөнгөний ханш, үүрэг үүсэх үе гэж юуг хэлэх вэ гэсэн хамгийн чухал ойлголтын үнэн мөнийг энэхүү мэдэгдэлд онцгойлон тэмдэглэжээ. “Энэхүү заалтаар төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өөрчлөгдсөн тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож үүргээ гүйцэтгэхийг маш тодорхой, ойлгомжтой заажээ. Өөрөөр хэлбэл энэхүү заалтаар мөнгөний ханш өссөн, буурсан бол төлөх өдрийн бус, харин гэрээ байгуулсан өдрийн ханшаар тооцохоор заасан“ хэмээн тодорхойлжээ. Тэгвэл үүрэг үүсэх үе гэж юуг хэлэх вэ гэвэл Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д “Үүрэг нь энэ хуулийн наймдугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ” гэжээ. Тухайлбал, Иргэний хуулийн наймдугаар зүйлийн 8.1.1-д “Хуульд заасан болон заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл”-ийн үндсэн дээр үүрэг үүснэ гэсэн байна. Хэлцэл гэдэг нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-ийн дагуу иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдлийг хэлдэг. Иргэний эрх зүйн хэлцэл байгуулагдсан үеийг үүрэг үүсэх үе гэж үзэх ба гэрээнд гарын үсэг зурж үүрэг хүлээсэн өдрийн ханшаар төлбөрийг төлнө, харин талууд гэрээгээр төлбөр төлөх үүргийг дараа гүйцэтгэхээр тохирсон бол тэр үеийн ханшаар үүргийг гүйцэтгэнэ гэсэн ойлголт эндээс гарч байгаа юм. Тэгэхээр өнөөдөр ханш ийнхүү чангарсан энэ нөхцөлд бид энэ хуулийн заалтаар санхүүгийн хүнд нөхцөл байдлыг даван туулах боломж олдож байна. Анх ам.долларын зээлээ 1357 төгрөг байхад авсан хүмүүс Засгийн газрын 1384 гэсэн амлалтад найдаж хүлээхийн зуурт зээлээ одоогийн 1790 төгрөгөөр бодож төлөх шаардлагагүй юм байна. Үүний оронд анх гэрээ хийсэн 1357 төгрөгөөр зээлээ төлөх боломжийг хууль бидэнд ийнхүү олгожээ. Одоо энэ заалтыг нь хэрэгжүүлэх, хэрэгжилтийг нь шаардах эрхээ эдлэх л үлдэж байна.
Ийм чухал хуулийн заалтыг нийгэмд хямралыг давах гарц болгон мэдэгдэж, ил хэр нь дарагдсан үнэнийг дахин илчилсэн МҮХАҮТ, С.Дэмбэрэл хоёр овоо доо.