Э.ӨНӨР

Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга, эдийн засагч Б.Бямбасайхантай импортыг орлох, үйлдвэрлэлийг дэмжих төсөл, валютын ханшын өсөлт бизнес эрхлэгчдэд хэрхэн нөлөөлж байгаа талаар ярилцлаа.

-Засгийн газар бондын хөрөнгөөр 888 төслийг санхүүжүүлнэ гэсэн. Импортыг бууруулах, валютын ханшийг сулруу­лах зэрэг эерэг талтай ч их хэмжээний мөнгө зээлж бизнес хийх нь эрсдэлтэй гэж үзэж байгаа хүмүүс байна. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Монголын биз­несийн өрсөлдөх чадвар ямар байх нь хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаална. Нэгдүгээрт, хүн. Хэн нэгэн чадвартай, боловсролтой, мэдлэгтэй байж тухайн бизнесийн салбар илүү өрсөлдөх чадвартай болдог. Мөн тухайн бизнесийн өөрийнх нь менежмент, арга барилтай холбоотой. Орчин үеийн олон улсын зах зээл, санхүүгийн орчинд бид зөв менежменттэй, зөв засаглалтай байх ёстой. Тийм компанид хүмүүс итгэж хөрөнгө оруулдаг. Мөн технологийн асуудал бий. Түүнийг тойрсон макро эдийн засгийн орчин, дэд бүтцийн асуудал бас байна. Дэд бүтцийн хувьд Монголд сайжруулах ёстой зүйл асар их. Автозам, эрчим хүчнээс эхлээд, шинээр барьж, хэрэгжүүлэх төсөл  олон бий. Тэр төслүүд хэрэгжсэнээр Монголын бизнес, Монголыг тойрсон гурван тэрбум хүнтэй том зах зээлд өрсөлдөх боломжтой. Санхүүгийн эх үүсвэрийн хувьд төрөөс гарна уу, хувийн хэвшлээс гарна уу хамаагүй шүү дээ. Гол нь төсөл нь хэрэгцээтэй, зөв төлөвлөлттэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга барилын дагуу хийгдэх ёстой.

-Тэгвэл зах зээлд эрэлттэй, түрүүлж санхүүжүүлэх төсөл нь юу байна?

-Өрсөлдөх чадвартай салбарт уул уурхайг онцолж байгаа. Энэ салбарыг хөл дээр нь босгох шаардлагатай байна. Би сэргээгдэх эрчим хүчний төсөлд санхүүжилт, хөрөнгө оруулалт босгож байсан. Тухайн үед манай эдийн засгийн өсөлт 17 хувьтай гарч байсан учраас хөрөнгө оруулагчдын итгэл өндөр байсан. Өнөөдөр бид эргээд уул уурхайн салбарынхаа зогсоосон төслүүдээ эхлүүлэх, явж байгааг нь улам сайжруулах, шинээр хайгуул эхлүүлснээр шинэ хөрөнгө оруулалтыг татаж болно. Үүнийг дагаад ажлын байр бий болно. Дараа нь бид дэд бүтцийнхээ төслүүд дээр олон улсын зах зээлээс санхүүжилт татах боломж, нөхцөл нь сайжрах байх. Өнөөдрийн хувьд эдийн засгийн гол суурь болсон уул уурхайн салбар өөрөө ойлгомжгүй байна. Энэ нь гадаад зах зээлтэй ч холбоотой. Манай экспортолдог бараа, бүтээгдэхүүний үнэ буурч байгаа нь нөлөөлж байгаа. Бид өөрсдөө хичээхгүй, төслүүдээ сайжруулахгүй байх шалтгаан биш л дээ. Монголчууд биднээс бүх зүйл шалтгаална. Аль замаар явах вэ гэдгээ монголчууд өөрсдөө л шийднэ шүү дээ.

-Санхүүжилтээ шийдэж болох ч валютын ханш эрсдэл дагуулсаар байна?

-Импортлогч бизнесмэнүүдэд мэдээж хүнд цохилт болж байгаа. Гэхдээ бид ханшийн өсөлтөөр ашиг орлогоо хэмждэг бус өөр гарц боломжийг хайх учиртай. Гурван тэрбум хүнтэй энэ том зах зээлд өрсөлдөх чадвартай байж чадаж байна уу, компанийн менежмент хэр байна вэ, олон улсын стандартыг хангаж чадаж байна уу, үгүй юу гэдэгт анхаарах хэрэгтэй. Маш олон зүйлээс шалтгаалж урагшилдаг бизнест ханшийн хэлбэлзлийн эрсдэлийг ч гэсэн урьдчилж тооцох учиртай. Ханш дээш, доош хэлбэлзэх нь зах зээлийн байдаг л үзэгдлүүдийн нэг. Гол нь түүнийг урьдчилж тооцоолсон байх нь чухал.    

-Өнөөгийн нөхцөлд бизнес эрхлэгчдэд дотооддоо үйлдвэрлэх боломж хэр байна. Монголдоо бүтээж, үйлдвэрлэл хөгжүүлэхийн тулд тэд юуг анхаарвал амжилтад хүрэх бол?

-Гол нь стандарттай холбоотой. Үйлдвэрлэл, санхүүгийн стандарт. Салбарынхаа стандартыг олон улсын стандарттай нийцүүлж чадвал бид Монголдоо юуг ч үйлдвэрлэх боломжтой. Харин стандартаа үл ойшоогоод, төрөөс санхүүжилт хүсээд суугаад байвал Монголдоо баялаг бүтээх боломж бүрдэхгүй. Тэгэхээр бид хамгийн түрүүнд өөрсдөдөө анхаарах хэрэгтэй. Зөв төслүүдээ боловсруулж, түүндээ хүн хүч, хөдөлмөр, мөнгөө зарцуулах ёстой.

-Хувийн бизнест төр хэт оролцож байгаа талаар бизнес эрхлэгчид гомдоллодог?

-Төр зохицуулалтын үүрэг хүлээдэг учраас бизнес эрхэлж байгаа хүнд дарамт саад болохгүй байх нөхцөл бүрдэхгүй л дээ. Гол нь түүнийг дарамт гэж ойлгох хэрэггүй. Хэрвээ Засгийн газраас эрүүл ахуй, барилга, аюулгүй ажиллагаа гэх зэрэгтэй холбоотой стандартыг шаардаж байгаа бол тэрийг зөв гэж хүлээж авахаас аргагүй. Харин тэрнээс өөр зүйл нэхвэл утгагүй болчихно. Энэ хоёрын зааг тийм ч тодорхой харагддаггүй. Үүнд хүмүүс бухимддаг байх. Гэхдээ манай хуулиуд сайжирсаар байгаа. Бүх зүйл муу байна гэж бодолгүйгээр буруу хууль шийдвэр баталж байвал та өөрөө Монгол Улсын иргэн, сонгогч учраас санаа бодлоо илэрхийлж, тусгах эрхтэй. Үүнийгээ ашигла. Тэгж байж, гарч байгаа хуулиуд сайжирна.