Ж.ЦОГЗОЛМАА

“Бизнес, хөгжил” булангийн зочноор “Нью ком” группийн Эрчим хүч, дэд бүтэц хариуцсан захирал Д.Ганхуягийг урилаа.

-Монголын эдийн засгийн форум “Монголдоо бүтээцгээе” уриан дор боллоо. “Нью ком” групп ч эх орондоо үйлдвэрлэе, бүтээе гэж уриалдаг. Тиймээс энэ удаагийн форумын талаарх сэтгэгдлийг тань сонсмоор байна?

-Төр, хувийн хэвшил, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид чуулж, стратегийн бодлого, төлөвлөгөөгөө ярилцана гэдэг маш чухал. Эндээс шинэ шинэ санаа, боломж ч гарна. “Нью ком” группийн хувьд 21 дэх жилдээ ажиллаж байна. Бид урт хугацааны стратегийн, Монгол Улсдаа шинэ техник, технологи нэвтрүүлдэг, эдийн засгийг хөгжүүлэхэд тус дөхөм болдог дэд бүтцийн салбарт бизнесээ явуулж байна.

Харилцаа холбоо гэхэд “Мобиком”, агаарын тээвэрт “Изинис”, эрчим хүч гэхэд Салхитын анхны салхин цахилгаан станц зэргийг дурдаж болно. Манай групп зөвхөн эдгээр бизнесээс гадна санаачилгаараа Өрсөлдөх чадварын төвийг байгууллаа. “Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлж, дэлхийд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэе” гэж хүмүүс ярьж байна. Тэгвэл энэхүү Өрсөлдөх чадварын төв үүнд томоохон нөлөө үзүүлнэ. Ингэснээр бид юугаараа дэлхийд танигдаж, давуу талаа харуулах вэ гэдгээ шийдэх тод жишээ болно. Өрсөлдөх чадвараа сайжруулж байж эдийн засгаа тэнцвэржүүлж, урт хугацаандаа савлагаагүй зах зээлийг бий болгоно шүү дээ.

-Танай групп Монголын бизнест хүчээ сориод хүнээр бол эрийн цээнд хүрчээ. Энэ хугацаанд бизнес эрхлэх орчин, боломж, нөхцөлд дүн тавьж, өөрийн гэсэн байр суурьтай болсон байх. Монголд бизнесийн орчин ямар байна вэ. Төр, хувийн хэвшлийн оролцоо тэнцвэртэй байж чадаж байна уу?

-Энэ бол чухал асуудал. Манайх үндэсний томоохон групп компани. Ялангуяа, дэд бүтцийн салбарт ажиллаж байгаагийн хувьд байнга, өдөр тутам төр, засгийнхантай харилцаж байдаг. Харилцаа холбоо, эрчим хүч, агаарын тээвэр зэрэг нь системээрээ урагшилдаг. Өөрөөр хэлбэл, дэлгүүрт бараагаа зарж байгаа хүнд төр засгийн оролцоо гэхээргүйгээр, бараагаа авчирч зараад л ашигтай ажиллана. Гэтэл бидний бизнес цэвэр төр, засгийн бодлого, бусад салбараа хэрхэн дэмжиж байна, амласан амлалт гэрээ хэлэлцээрээ хэрхэн мөрдөж байна зэргээс их хамаардаг. Тэгэхээр өдөр бүр асуудал, бэрхшээл тулгарна. Хувийн хэвшил өөрөө менежментээрээ аваад явах боломжтой дэд бүтэц зэрэг салбарт төр, засаг нэг их ороод баймааргүй байгаа юм. Өнөөдөр үнэ нь буурч байгаа салбар бол Монголд харилцаа холбоо, электрон бараа л байна. Гэтэл ам.долларын ханш жаахан өслөө гэхэд л талх, таксины үнэ нэмэгддэг. Үүний хажууд сүүлийн хэдэн жил цэвэр өрсөлдөөний үндсэнд харилцаа холбооны үнэ буугаад байна. Энэ юу хэлээд байна гэхээр, хувийн хэвшил цаашдаа арилжааны маягаар хөгжих салбараа аваад явж чадах нь, үүнд төр, засаг оролцоод баймааргүй байна гэдгийг харуулж байгаа юм. Хувийн хэвшил аль нэг салбарыг аваад явах нь төрд хоёр том давуу талыг бий болгодог. Нэгдүгээрт, татвар тө­лөгч­дийн мөнгөөр эл­дэв татаас өгөх нь багас­на. Хоёрдугаарт, тэр салбарын үйл ажиллагааг явуулах гэж толгойн өв­чин болж төсвийн мөнгийг үрэх хэрэг байхгүй болно. Тухайн салбар нь хөгждөгөөрөө хөгжиж, төр татвараа аваад хэрэгтэй салбартаа хөрөнгө оруулаад явах бизнесийн оновчтой зарчмыг мөрдөх хэрэгтэй байна.

-Монголын бизнес эрхлэгчид хямралтай тулгарч, их алдагдал хүлээж байгаагаа ярьж байна. Бизнес эрхлэхэд улам хүнд боллоо гэх юм. Танай группийн хувьд байдал ямар байна?

-Нийтлэг, адилхан байгаа шүү дээ. Манай групп 20 орчим компанитай. Ноднин болон энэ оны эхний улиралд ч байдал хэцүү байна. Том бизнес авч байгаа компаниуд зээл авч таарна. Гэтэл бидэнд хэрэгтэй 50-60 сая ам.долларын зээлийг дотоодын банкууд өгч чаддаггүй. 20-30 сая ам.долларын зээлийг ч бараг өгч чадахгүй. Өгье гэсэн ч хүү нь маш өндөр байдаг. Тиймээс бид олон улсын санхүүгийн байгууллага болох IFC, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд ханддаг. Тэдний хувьд нөхцөл нь хамаагүй бага. Том бизнес хийж байгаа хүмүүс том зээлийг гадаадаас ам.доллараар авч байна. Гэтэл бид эндээ үйл ажиллагаа явуулахаар орлого маань төгрөгөөр орж ирж байна. Ханш 5-6 төгрөгөөр өөрчлөгдөхөд бид эрсдэлээ үүрээд явдаг. Гэтэл 200-400 төгрөгөөр савлана гэдэг бол ялангуяа, гадаадаас том зээл авсан компаниудад маш хүнд тусна. Тиймээс бид одоо энэ хүндрэлтэй байдлаас гарах арга замаа хайж байна. Үндэсний үйлдвэрлэгч, суурь бизнесээ хямралаас авч гарах үүрэг төрд байгаа шүү дээ.

-Гэтэл энэ хямралын хажуугаар албаны зарим хүний амнаас “Монголд бизнесийн орчин хэвийн байгаа. Валютын ханшийн эрсдэл зэргээ компаниуд өөрсдөө хариуцах ёстой” гэж ярьж байна лээ?

-Энэ бол буруу. Бид тодорхой хэмжээгээр бизнесийн модел, загварт ороод явдаг. Гэхдээ хэн ч хүлээхээргүй 300-400 төгрөгийн ханшийн зөрүү гэдэг бол хэвийн бус зүйл. Энэ тохиолдолд төр заавал тохируулга хийх, урьдчилан сэргийлэх арга замыг анхаарч, бодож байх ёстой.

-Ханшийн өсөлтөөс болоод компаниуд ажилтнуудаа ихээр цомхотгож байна. Танай группийн хувьд ямар байна вэ. Үнэхээр цомхотголоос өөр сонголтгүй болоод байна уу?

-Манайд ч бас то­дорхой хэмжээгээр цом­хотголын асуудал яригдсан. “Мобиком” гэхэд бүтцийн өөрч­лөлт хийж, давхардсан албан тушаал зэргийг өөрчилж, үйл ажиллагаагаа цэгцтэй бол­гоод шинэчилж байна. Уг нь бизнес цаашдаа хурдтай өсөх нь ойлгомжтой байвал бид улам үйл ажиллагаагаа өргөжүүлнэ шүү дээ. Гэтэл одоо бизнес валютын ханшийн зөрүүнээс үүдэн том групп, компаниуд яах аргагүй тохируулга хийхээс аргагүй болоод байна.

-Тэгвэл төрөөс хям­ралын эсрэг ямар “эм”-ийг та бүхэнд санал болговол байдал дээрдэх болов уу?

-Хууль эрх зүйн орчин их тодорхой байх хэрэгтэй. Ялангуяа, урт хугацааны том төслүүд дээр. Хоёрдугаарт, үүрэг хариуцлага, амлалтаа биелүүлмээр байна. Гуравдугаарт, шаардлагагүй салбар руу төр битгий бизнес хийгээч гэж хэлмээр байна.

-Сэдвээ жаахан өөр­чилье. Өнгөрсөн жил инфляц хоёр оронтой тоонд хүрэхэд эрчим хүч­ний үнэ нөлөөлсөн юм билээ. Ер нь эрчим хүчний үнийг бууруулах боломж бий юу. Өрсөлдөөн хэрэгтэй байна уу?

-Үнэ гэдэг харьцангуй ойлголт. Та бүхэн 1990-ээд онд талх, таксины үнэ хэд байсныг статистикаас хараад өнөөдөр хүртэл хэдэн мянга дахин нэмэгдсэнийг харьцуулаад үзээрэй. Эрчим хүчний үнэ яав гэдгийг бас хараарай. Эрчим хүч гэдэг өөрөө суурь үнэ. ОХУ шатахууныхаа үнийг нэмэхэд Монголд тээвэрлэлтийн зардал өсчихдөг. Уг нь шатахуун 100 төгрөгөөр нэмэгдлээ гэхэд такси км нь дөрөв юм уу таван төгрөгөөр нэмэгдэх ёстой. Гэтэл адилхан 100 төгрөгөөр нэмэгдчихэж байна. Ямар ч бодит зүйл тэнд алга. Үүнтэй харьцуулахад эрчим хүчний үнийг маш олон жил барьсан. Энэ бол нэгдүгээрт, суурь үнэ, хоёрдугаарт, улс төрийн нөлөөлөлтэй байдаг. Иймд ямар ч төрийн бодлоготон, улстөрч “Би эрчим хүчний үнийг нэмлээ шүү, намайг сонгоорой” гэж хэлж чаддаггүй. Энэ бол зөвхөн Монголд биш, дэлхий дахины практик. Тэгэхээр тэр болгонд тухайн улстөрч дараагийн хүндээ хариуцуулж үлдээгээд явдаг. Ингэж хуримтлуулж явсан юм чинь тодорхой хугацааны дараа болохоо болино. Эрчим хүчний салбар ноднин жил 70-80 тэрбум төгрөгийн татаас авсан. Энэ чигээр нь дараад байвал тариф ч нэмэгдэргүй бүх юм болоод байгаа юм шиг хэр нь нөгөө талд нь татвар төлөгчдийн асар их мөнгө энэ салбарыг амьд байлгахын тулд зар­цуулагдаж байна. Иймд энэ салбараа эрүүлжүүлэхийн тулд тарифаа бодитой төвшинд хүргэж, хэрэглэгчдийн нуруун дээр ачаа өгөхгүйгээр бага багаар өсгөдөг зөв тогтолцоо руу орох хэрэгтэй байна. Тэгэхгүйгээр үнийг дарж байгаад 2-3 жилд 5-10 хувиар үнээ өсгөчихөөр үүнийг зарим нь бөөн шуугиан болгож байна. Энэ нь үнэд дөнгөж гурван төгрөгөөр нөлөөлөх байтал 100 төгрөгөөр барааныхаа үнийг нэмчихээд “Цаана чинь эрчим хүчний үнэ өссөн” гэж хэлээд дундаас нь 97 төгрөгийн давхар ашиг олоод сууж байгаа хүмүүс олширч байна. Энэ бол эрүүл бус сэтгэлгээ.

-Эрчим хүчний гол эх үүсвэр болох тавдугаар цахилгаан станцыг барих консерциумд “Нью ком” групп багтсан. Энэ станцын ажил маш их удаж байна. Халуун цэг дээр нь ажиллаж байгаа хүний хувьд юу саад болоод байгааг нь ний нуугүй ярьж өгөөч?

-Тавдугаар цахилгаан станцыг барихаар шалгарсан консерциумд дөрвөн компани бий. Тэдгээрийн нэг нь “Нью ком” групп. Төслийг Монгол талаасаа хариуцан ажиллаж хүн нь би. Энэ бол яах аргагүй ужиг төсөл. Энэ ч гэлтгүй эрчим хүчний ужиг төсөл олон бий. Жишээлбэл, та бүхэн усан цахилгаан станц гэж олон жил сонсч байна. Эгийн голын усан цахилгаан станц гэхэд яригдсанаасаа хойш 20 жил боллоо. Тавдугаар станц яригдсанаасаа хойш 7-8 жил болж байна.

Бид 30-40 жилийн өмнө л томоохон станцууд барьж байж. Тухайн үеийн систем нь ч огт өөр. Тэгэхээр энэ нь цоо шинэ төсөл болж байгаа юм. Үүн дээр нэмээд хэлэхэд, эрчим хүчний салбар маань систем, урт хугацаанд ажил нь явж байдаг. Нэг станцыг бид 4-5 жил биш харин 40-50 жил ашигладаг. Гэтэл ажил нь сонгуулийн эргүүлгээр явдаггүй байхгүй юу. Зарим бизнес сонгуулийн эргүүлгээр явж болно. Жишээ нь, нэг уурхайг дөрвөн жилийн дотор ухаж гаргаад, татвараа өгөөд гараад явчихаж болно. Гэтэл бид станц барьчихаад дөрвөн жилийн дараа ашгаа авчихаад явлаа, гарлаа гэж хэлж чадахгүй. Үүнээс цааш дахиад тав, зургаа, долоо найман Засгийн газар дамнах ёстой. Үүний цаана маш том улс төрийн дэмжлэг, эрмэлзэл байх ёстой юм. Тэгэхгүйгээр нэг дарга нь салхи сайн гээд, нөгөө нь салхи шиг хэрэггүй юм байхгүй, ус сайн гээд байвал салбар хөгжихгүй.

Тавдугаар цахилгаан станцын хувьд манай консерциум шалгараад өнгөрсөн намраас Хөлийн гол, Ургах наран хорооллын орчимд бүх судалгаагаа хийгээд, ТЭЗҮ-ийг нь дахин шинэчлээд бараг дуусч байна. Одоо концессийн гэрээ жаахан удаашралтай байна. Энд нэг зүйлийг онцлоход, тавдугаар цахилгаан станц Монгол Улсын дулаан, цахилгааны нэг чухал хэсэг болохоос гадна концессийн гэрээгээр явж байгаа хамгийн том төслүүдийн анхных нь. Энэ том төслүүд нь хэр амжилттай хэрэгжихээс бусад том төсөлд хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадах эсэх нь хамаарна.

-Энэ төсөлд гадаадын хөрөнгө оруулагчид ямар байр суурьтай байна. Удаад сунжраад байхаар ямархуу хүлээлттэй болж байгаа бол?

-Тавдугаар станцын хувьд Франц, Солонгос, Япон гэсэн олон улсын маш туршлагатай, том групп компаниуд ажиллаж байна. Эдний зүгээс Монголд хууль эрх зүйн орчин маш тогтвортой байх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Эн­гийнээр хэлэхэд, амласандаа бай гэсэн үг шүү дээ. Гэтэл өнөөдөр нэг дарга нь хэлсэн ч маргааш тэр дарга нь өөрчлөгдөхөд дараагийн дарга нь “Өө, үүнийг чинь би мэдэхгүй. Өөр замаар явна” гэвэл хэцүү. Манай улсад 70, 80 тэрбум ам.долларын эдийн засагтай болох боломж байна. Гэхдээ манай шингээх чадвар нь бага. Иймд үүнийг хангахын тулд гадаадын хөрөнгө оруулалт маш чухал гэдгийг бид ойлгож байна.

-Уг нь Концессийн хуулийг хувийн хэвш­лийнхэн алга ташин угтаж авсан. Гэвч энэ хууль, хуулиар зохицуулагдах гэрээ нь хүлээгддэг, уддаг, зарим яам, Тамгын газрын удирдлага нь энэ гэрээгээ ч ойлгодоггүй гэсэн шүүжлэл их байх юм?

-Үнэн. Энэ хууль батлагдаад 3-4 жил боллоо. Төр, хувийн хэвшлийн хэрэгжүүлэх төслүүд гээд жил бүр шинэчлэх том төслүүд бий. Гэвч одоогоор хэрэгжсэн нь алга. Сүүлийн үед ганц, хоёр төслийн концессийн гэрээ нь зурагдлаа гэсэн мэдээ л байна. Гэрээ батлагдсанаар шууд хэрэгжинэ гэсэн баталгаа бас биш. Түүнийг дагасан арилжааны гэрээнүүд, санхүүжилтээ баталгаатай болгоно, техник технологио шийднэ. Тэгэхээр тэдгээр төслүүд 100 хувь хэрэгжих үү гэдэг нь бас асуудалтай.

Төр, засгийн зарим төвшинд концессийн гэрээг зүгээр л төр үүргээ хувийн хэвшил рүү хаячихна. Тухайн хувийн хэвшил нь тэр ажлыг авч явж байна уу, үгүй юу гэдэг нь хамаагүй хариуцлагыг нь тооцоод сууж байна гэсэн ойлголт байна. Энэ бол буруу. Уг нь төрийн авч явахад хэцүү дэд бү­тэц зэрэг салбарын үйл­чил­гээний хэсгийг хувийн хэвшил авч, төр тодорхой дэмжлэг үзүүлж, хувийн хэвшил түүнийг нь тодорхой хэмжээгээр арилжааны хэлбэрт оруулж амжилттай ажил­луулахыг зорьдог зүйл шүү дээ. 

-Тавдугаар цахилгаан станцын концессийн гэрээ батлагдахгүй байсаар энэ оны эхний улирал шувтарлаа. Хоёрдугаар улиралд энэ ажил амжих уу. Хэрэв энэ онд станцын ажил эхлэхгүй бол та бүхэн ямар алдагдал хүлээх вэ?

-Манай консерциум өнгөрсөн намар Засгийн газартай тохиролцоонд хүрсэн. Станцын байрлалыг өөрчилсөн шүү дээ. Энэ мэт станцтай холбоотой зардлаа бид өөрсдөө гаргая гэсэн. Шинэ газар нь цэвдэгтэй гэвэл энэ бидний цэвэр алдагдал болох юм. Өөрөөр хэлбэл, бид санхүүгийн болон судалгаа хийх үүрэг хариуцлагаа хүлээгээд юмаа хийгээд үндсэндээ дууссан. Техникийн асуудлаа одоо Эрчим хүчний яамныхантай яриад тодорхой төвшинд урагштай явж байгаа. Гэтэл концессийн гэрээнээс гадна 5-6 суурь гэрээ байгаа юм. Цахилгаан, дулаан худалдаж, худалдан авах гэрээ, нүүрсний, усны гэрээ зэрэг бий. Энэ намар гэхэд энэ бүхэн амжих болов уу гэсэн найдлага байна.

Үйл ажиллагаа явуулаагүй учраас үйл ажиллагааны алдагдал одоогоор байхгүй. Гэвч Засгийн газар гэнэт “Тавдугаар цахилгаан станцыг барихгүй” гэ­чихвэл бид 5-10 сая ам.долларын цэвэр алдаг­дал хүлээх юм. Ямартаа ч одоо Засгийн газар ч, бид ч энэ цахилгаан станц хэрэгтэй гэдгийг нь мэдэж байгаа, бас хүлээж байгаа.