Ж.Ану
Монгол Улсын Засгийн газраас “Ажил орлоготой монгол хүн”, “Эрүүл хүнс”, “Өрхийн орлогыг нэмэгдүүлэх” зэрэг хөтөлбөр дэвшүүлээд байгаа. Энэ бүхнийг бодит биеллээ олоход дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах үндэсний үйлдвэрлэл чухал билээ. Иймд БНЧУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Зүмбэрэллхам Чехийн үйлдвэрлэлийн хөгжил, амжилт, боломжуудыг судалснаа бидэнтэй хуваалцсан юм. Тэрээр Өмнөд Чехийн Вимперк дахь “Агромонт” компанийн сүү, сүүн бүтээгдэхүүний бага оврын “Мини млекарна” үйлдвэртэй танилцжээ. Тэнд өдөрт 500-1500 литр сүүг саалийн зэлэн дээр нь боловсруулж, тараг, өрөм, йогурт, цөцгий, хатуу зөөлөн бяслаг зэрэг 20 шахам нэр төрлийн бүтээгдэхүүнийг 2-3 хүний хүчээр, химийн ямар ч хольцгүйгээр үйлдвэрлэн хэрэглэгчдийн гарт хүргэж байна.
Тус компани үүнээс гадна цомхон атлаа энгийн технологитой жижиг чингэлэг бүхий 300 литр сүү боловсруулах үйлдвэрийг 44 мянган еврогоор босгох боломжтойг дуулгажээ. Чингэлэггүйгээр үйлдвэрийг дангаар нь суурилуулахад хүчин чадлаасаа хамааран ойролцоогоор 30-60 мянган евро бол Чехээс Улаанбаатар хүргэх тээврийн зардал нь ердөө 3500 евро юм байна.
Монгол Улсын хувьд ийм үйлдвэр нь жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж, эх орны үндсэн түүхий эдээр хийсэн эрүүл хүнсээр зах зээлээ хангахад хөдөө орон нутгийн нөхцөл, онцлогт тохирсноороо ихээхэн онцлогтой юм. Энэ давуу талуудыг нь олж мэдсэн Монголын компаниуд “Агромонт” компанитай хамтраад эхэлжээ. Тухайлбал, Булган аймаг болон Цонжинболдог дахь “Өргөн уул” амралтын газраас тус бүр нэг үйлдвэр авсан байна. “Агромонт” компанийн зүгээс үйлдвэрийг авчирч, угсарч өгснөөс гадна ажилчдыг сургаж байна. Монгол дахь эдгээр үйлдвэр ирэх саруудад үнээ тугалаад эхлэхээр сүүний зах зээлийг үндэсний бүтээгдэхүүнээрээ хангах юм.
Энэ жижиг оврын сүүн бүтээгдэхүүний үйлдвэрээс гадна, Монголын нөхцөлд тохирсон 100 үнээний байр, тэжээл, мал эрүүлжүүлэх, эрүүл ахуйг нь давхар шийдсэн сүүн бүтээгдэхүүний үйлдвэр бүхий иж бүрэн ферм байгуулах төсөл боловсруулснаа “Агромонт” компанийн захирал Й.Кордок Элчин сайдад танилцуулж, Монголын компани, байгууллагуудад хүргэхэд дэмжлэг хүссэн байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин