Э.СОЛОНГО
Санхүү эдийн засгийн дээд сургуулийн зөвлөх, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хөрөнгийн зах зээлийн хөгжлийн талаар ярилцлаа. Тэрээр Монголын хөрөнгийн биржийн захирлын сонгон шалгаруулалтад нэр дэвшээд байгаа билээ.
-Улстөрчид болон зарим эдийн засагч Монголын эдийн засаг хямарч байна гэх боллоо. Харин та юу гэж харж байна?
-Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал хямарсан гэж хэлэх төвшинд хүрээгүй байна. Гэхдээ эдийн засгийн гол үзүүлэлтүүд Засгийн газрын төлөвлөж, төсөөлж байснаас доогуур үзүүлэлттэй байгаа.
Эдийн засаг 10 гаруй хувиар өссөн. Гэхдээ энэ өсөлт хүмүүсийн амьдралд мэдрэгдэхгүй байна. Учир нь барилгын салбар зэрэг томоохон салбарт өсөлт ажиглагдаж байгаа юм. Ерөнхийдөө эдийн засгийн ерөнхий төлөв, суурь нь тийм ч сайнгүй байна. Манай улсын эдийн засаг дэлхийн эдийн засаг, гадны орнуудын үндэсний мөнгөн дэвсгэртийн ханшийн өөрчлөлтөөс болж савлаад байгаа байдлаас гарах шаардлагатай байгаа юм. Бид энэ байдлаас гарч чадахгүй удаж байна. Хугацаа их алдаж байна. Асуудлыг боломжоороо дор, дор нь шийдэхгүй бол байдал улам хүндрэх хандлагатай болж байна. Эхлээд бид эдийн засгийн бүтцээ өөрчилмөөр санагддаг. Үйлдвэржилтийг дэмжихээр болсон нь сайн хэрэг. Гэхдээ манайх шиг бэлэн мөнгөгүй улс аль салбарт түрүүлж үйлдвэрээ хөгжүүлэх, хэнд дэмжлэг үзүүлэхээ оновчтой төлөвлөх нь чухал. Манай улсын хувьд хөдөө аж ахуйн салбараа түшиглээд үйлдвэрлэл хөгжүүлбэл эдийн засагт нааштай дүр зураг гарна. Үүнийг Монголын эдийн засгийн хөгжлийн давуу тал гэж харж байна. Түүнээс биш импортын гол бүтэц болох электрон бараа, автомашиныг түрүүлж үйлдвэрлэнэ гэдэг бидний хувьд арай л хол байна. Ер нь их л ойроос боломж, гарцуудыг хаймаар байгаа юм.
-Үйлдвэрлэлийг бондоор өөрөөр хэлбэл өрийн мөнгөөр хөгжүүлнэ гэж байгаа. Энэ хэр оносон шийдвэр бол?
-Ер нь хөгжиж байгаа орнууд мөнгө, санхүүгээр байнга дутаж гачигдаж байдаг. Тэгэхээр бид ч гэсэн олон улсын зах зээлд бонд босгож таарч байгаа юм. Манайх зах зээлд шилжээд 20 гаруй жилийн дараа бонд гаргасан нь нэлээд цаг алдсан хэрэг болсон. Өөрөөр хэлбэл, бид нэг боломжоосоо хоцорч явна. Уг нь аль хэдийнэ олон улсын зах зээлээс хөрөнгө татаж, асуудлаа шийдэж үр дүнг нь тодорхой хэмжээгээр амсах ёстой байсныг өнөөгийн нөхцөл байдал сануулж байна. Уул уурхайн салбарынхаа менежментийг сайжруулж өөрт байгаа эх үүсвэрээс боломж, гарцаа хайх хэрэгтэй байна. Энэ урт хугацаандаа үр дүнгээ өгнө. Өнөөдөртөө бид уул уурхайгаас хүссэн хэмжээний хөрөнгө олж чадахгүй л байна. Дэд бүтэц хөгжөөгүй, төмөр замын асуудлаа шийдээгүй манай улсад одоогоор бондоос боломж алга. Гэхдээ бонд өр гэдгийг байнга санах учиртай. Өрийг яаж ашигтай ашиглах вэ гэдэг нь бидэнд хамгийн чухал. Өрийг онож зарцуулахгүй бол болохгүй. Бондын мөнгийг зам, дэд бүтэц, үйлдвэрлэлд зарцуулахаар эхний ээлжинд ярьж байх шиг байна. Зам зэрэг бүтээн байгуулалтын асуудлыг уул уурхайн орлого гэх мэт дотоод боломжоороо шийдээд бондоос босгосон мөнгөө үйлдвэрлэл рүү чиглүүлмээр санагддаг.
-Уул уурхайн салбар өнгөрсөн онд уналттай байсан. Сайжрах төлөв харагдаж байна уу?
-Энэ онд “Эрдэнэт” зэсээ гаргадгаараа гаргана. Харин Оюутолгой нэлээд эргэлзээтэй байна. Оюутолгой “Эрдэнэт” шиг 600 орчим сая тонн зэсийн баяжмал гаргасан ч “Эрдэнэт” шиг Монголын эдийн засагт өгөөжтэй байж чадахгүй. Учир нь Оюутолгойд асар олон хөнгөлөлт, давуу талыг гэрээндээ тусгаад өгчихсөн. Тиймээс бидэнд сул тал, боломж бага байна гэсэн үг. Оюутолгой “Эрдэнэт”-ээс 2-3 дахин ихийг олборлож байж “Эрдэнэт”-ийн дайны өгөөжийг Монголын эдийн засагт авчирах юм. Уул уурхайн бүтээгдэхүүнд бидний бас нэг буруу таамагласан зүйл нүүрсний экспорт. Бид энэ жил дахин 30 гаруй сая тонныг гаргахаар төсөвтөө суулгачихсан. Өнөөгийн байдлаар нүүрсний үнэ дэлхийн зах зээлд тийм ч таатай биш байна. Ойрын саруудад нүүрсний үнэ өсөх хандлага харагдахгүй байна. Нөгөө талаар бид нүүрсээ машинаар зөөдөг хэвээрээ байна. Ийм тохиолдолд төлөвлөсөн хэмжээндээ нүүрс экспортлох нь юу л бол. Үүний өмнөх жил төсөвт суулгасан нүүрсний хэмжээн дээр эдийн засагчид мөн л эргэлзээтэй байсан. Тэд төлөвлөснийхөө 50 хувьд ч хүрэхгүй байх гэж таамагласан нь ташаа таамаг болоогүй. Төсөв алдагдалд орно гэж тооцоолсон нь мөн л онож хэлсэн байсан.
Энэ онд энэ байдлаараа нүүрсэн дээр дахиад алдагдал хүлээхээр байна. Ирэх намар дахиад л манай улсын төсөвт хүндрэл гарах дүр зураг харагдаж байна. Үүнээс болж бизнесийн салбар нэлээд хүндэрч зарим тендер гүйцэтгэж байсан бүтээн байгуулалтын ажлуудыг зогсоож, царцааж болзошгүй болоод байна. Тиймээс бид яаралтай хоёр хөрштэйгээ баримтлах бодлогоо зөв тодорхойлж, саяхан баталсан Эрдэс баялгийн бодлогоо баримтлах хэрэгтэй байна. Бид хууль, журмаа баталчихсан. Мөн тодорхой хэмжээний барим бичигтэй болчихлоо. Гэхдээ хэрэгжүүлэлт дээр нь алдаад байх шиг харагддаг. Бид Хятадын хаяанд байж төлөвлөснөөрөө нүүрсээ өгч, зарж чадахгүй байгаа нь үнэхээр харамсалтай.
-Хөрөнгө татах хуулиа баталсан. Үүнийг дагаад валютын нөөц өснө гэж байгаа. Цаашид ханш буурах болов уу. Танд ямар таамаг байна?
-Ам.долларын ханш 1700-аас буурахгүй л байна. Ойрдоо энэ төвшнөөс буухгүй байх. Учир нь валют биднээс үл хамаарах асуудал болоод байна. Импортоос хүчтэй нөлөөлж, экспорт цөөн тооны эрдэсийн бүтээгдэхүүнээс бүрдсэн энэ байдал ханшийн өсөлтөөс нэг хэсэгтээ биднийг гаргахгүй. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх алхмуудыг хийж байгаа ч хөрөнгө оруулалт 2011 оны хэмжээнд хүрэх нь юу л бол. Хөрөнгө оруулалтад нааштай мэдээ дуулдаж байгаа. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 200 сая ам.доллар оны эхэнд орж ирсэн байна. Үүнийг цаашдаа өсгөхөд дэлхийн зах зээл дэх манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, экспорт нөлөөлнө. Импортын тухайд ойрын үедээ тодорхой хэмжээндээ байна. Бидний үйлдвэрлэх чадвар нэлээд муу. Валютын эрэлт хэвээрээ байхад нөгөө талаас нийлүүлэлт буюу Монголд орж ирэх валютын урсгал нэмэгдэхгүй байхад төсөвт тусгасан 1384-т хүрэх найдлага ойрын хугацаанд харагдахгүй байна. Энэ нь нэлээд эрсдэл дагуулна. Ам.долларын ханшийг төсөвт нэлээд доогуур тусгасан нь валютаар орж ирэх худалдан авалтад их мэдэгдэнэ. Импортыг дагасан том эрсдэл ч үүснэ. Тэгэхээр манай улс экспортоо нэмэгдүүлж импортоо бууруулах зайлшгүй зүйлтэй тулгарсан. Валютын ханш буурах хоёр гуравхан боломж харагдаж байна. Нефть, төмрийн хүдрийнзах зээл дээр эерэг үзүүлэлт бий. Хөрөнгө оруулалт татахаар хийсэн арга хэмжээнүүдэд бага зэрэг найдаж болох юм. Ханшийн өсөлтийн эсрэг ойрын үед тодорхой арга хэмжээ авах шаардлагатай бөгөөд үүнийгээ хэтийн бодлоготойгоо уялдуулах хэрэгтэй байна.
-Төсвийн тодотголыг хойшлуулах юм шиг байна. Ингэх нь зөв үү?
- Манайх төсвөө батлахдаа тодотгоно гэдгээ бараг мэдэж байсан. Төсвийн зарим баримт бичигт “Төсвийн тодотгол хүртэл...” гэсэн үг, өгүүлбэр байгаа. Ер манай төсвийн төлөвлөлт харьцангуй буруу яваад байна уу гэсэн хандлага харагддаг. Төсөвтэй холбоотой хуулиудыг сайжруулж баталж, эрх зүйн орчныг сайжруулсан ч ерөнхийдөө зардал, тойргуудад суурилсан уламжлалт төсвийн аргатайгаа л байна. Хэдэн яам, агентлагаасаа хэдэн тоо аваад, тэр тоог харж байгаад л хэтэвчнийхээ хэмжээнд тохируулсан төсөв төлөвлөөд байна. Төсвийн нэгдсэн бодлогын арга дутаж байна.
-2011 онд гарсан эдийн засгийн үзүүлэлт дахин давтагдах болов уу. Тийм өсөлт ойрын жилүүдэд гарах боломж харагдаж байна уу?
-Тэр өсөлт ойрын хэдэн жилдээ гарахгүй байх. Импортоо бууруулж, экспортоо сайжруулж байж манай эдийн засаг өндийнө. Ядаж төмөр замаа тавьчихбал эдийн засаг урт хугацаандаа сайжирна. Одоо 10 хувиас дээш өсөлттэй байгаа нь жирийн үзэгдэл. Энэ нь угаасаа хөгжиж байгаа орнуудад байдаг л өсөлт. 2011 онд гарсан үзүүлэлтэд хүрэхийн тулд эдийн засгийн дархлаа сайтай болох хэрэгтэй. Энэ нь найдвартай экспортын бодлого, үйлдвэржилтийг зөв дэмжих, эдийн засгийн мөчлөг дагасан байдлыг бууруулах шаардлагатай гэсэн үг.
-Уг нь энэ Засгийн газар эдийн засгийг хөгжүүлэх салбарын тусгай яамыг байгуулсан. Үр дүн байна уу?
-Уг нь аливаа хөгжилд төрөлжсөн байдал чухал байдаг. Хүний тоо, төрийн албан хаагчийн тоо өсч данхайсан бүтэцтэй болчихгүй л бол энэ нь зүгээр. Төрөлжүүлэх хэрээр төрийн албан хаагчдын дарамтыг төсөвт бий болгох ёсгүй. Яг одоогоор үр дүн нь тийм ч сайн мэдрэгдэхгүй байна. Нөгөө талаараа энэ нь цаг хугацаа асуудал. Салбарын яам байгуулагдсанаар эдийн засаг хүчтэй сайжирсан зүйл алга. Одоогоор үйлдвэрийн салбарт 800 гаруй төсөл яригдаж байна.
-“Мүүдийз” агентлагийн мэдэгдлийн талаар та ямар байр суурьтай байна?
-Чингис бонд Монголыг харах гадныхны нэг баримжаа. Бондын нэрлэсэн үнэ 20 хувиар буурсан байдаг. Энэ нь Монголыг харж байгаа гадны томоохон хөрөнгө оруулагчдын хандлага сөрөг болж буй нэг баримт.
-Лондонгийн мэргэжилтнүүдтэй хамтарч Монголын хөрөнгийн биржийг хөгжүүлэх томоохон ажлыг эхлүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Төсөл хэр амжилттай болсон гэж бодож байна?
-Монголын хөрөнгийн биржид “Миллениум Ай-Ти” систем суурилуулахад Лондонгийн талтай хамтарсан. Ажил том. Санаа ч гэсэн зөв. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд дорвитой үр дүн гарсангүй. Биржид энэ системийг суурилуулж, систем дагалдсан дэд бүтцийн ажлуудыг дутуу хийснээс болж брокер диллер, үнэт цаасны компаниудад тодорхой хүндрэл очиж, үнэт цаасны компаниудын арилжаанд оролцох идэвх суларсан байдаг. Үүний хүрээнд өнөөдөр үнэт цаасны зах зээлийн арилжаа ерөнхийдөө хангалтгүй л байна. Тухайлбал, өнөөдрийн байдлаар 10 хэдхэн сая төгрөгийн арилжаа хийсэн байх жишээтэй. Зах зээл ерөнхийдөө буурсан дүр зураг харагдаж байгаа юм. Уг нь манай зах зээлд томоохон хэмжээний ийм төслүүд хэрэгтэй байгаа. Гэхдээ энэ хэрэгцээ хэзээ хэрэгтэй байсан бэ гэхээр үнэт цаасны зах зээлийн гол хөгжлийн үед хэрэгтэй байсан. Одоо нэгэнт нэвтрүүлээд эхэлчихсэн тул энэ системээ улам сайжруулах талаар бодох хэрэгтэй байна. Бид систем, хуулиа сайжруулчихлаа. Тиймээс энэ зах зээл хөгжинө гэж зарим хүн андуураад байх шиг байна. Хөрөнгийн зах зээл ерөөсөө нэг талаасаа санхүүжигч компаниуд нөгөө талаасаа хөрөнгө оруулах сонирхогч этгээдүүд байдаг. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн сонгодог үзүүлэлт болох эрэлт, нийлүүлэлт байснаар энэ зах зээл хөгжинө. Эрэлт, нийлүүлэлт нь төлөвшөөгүй, суурь нь бүрдээгүй байхад хэчнээн “Миллениум Ай-Ти” тавиад энэ зах зээл хөгжихгүй. Энэ зах зээлд нэн даруй хийх зүйл үнэт цаас гаргах сонирхолтой төслүүдийг энэ зах зээлд санал болгох. Өөрөөр хэлбэл, компаниудыг татан оруулах боломжуудыг нээлттэй болгох хэрэгтэй Мөн иргэдийн энэ зах зээлд хандах хандлагыг өөрчлөх шаардлагатай. Ингэхгүйгээр бид хэчнээн том улсын том төсөлтэй хамтраад цаашаа явахгүй. “Эрдэнэс Тавантолгой” дээр манайх зөв ажилласан бол иргэдийн хандлагыг эерэгээр өөрчилж чадах байсан гэж боддог. Энэ мэт алдааг бид дахин давтах эрхгүй. Энэ зах зээлийн эдийн засагт үзүүлсэн нөлөөг дэлхийн томоохон орнуудаас харж болно. Эдийн засгийн өсөлт, улсын хөгжлөө эрчимтэй ярьж байгаа манай улсад энэ зах зээлээ хөгжүүлэхээс өөр зам байхгүй болоод байна.