Б.УРАН
“Улаанбуудайг гурил үйлдвэрлэгчид хямдхан үнэлж байна” гэж гомдоллодог тариалан эрхлэгчид одоо тийм зүйл ярих шаардлагагүй боллоо. Учир нь амралтын өдрөөр хуралдсан Засгийн газар Тариалан эрхлэлтийг дэмжих санд нийлүүлсэн стандартын шаардлага хангасан нэг тонн хүнсний улаанбуудайд олгох мөнгөн урамшууллыг хоёр дахин нэмэгдүүлж 100 мянган төгрөг болгохоор шийдвэрлэв. Ингээд авах, өгөх үнэдээ тохирч чаддаггүй хоёр тийшээ харчихдаг тариаланч, үйлдвэрлэгчдийн асуудал нэг мөр шийдэгдэх нь энэ. Тариалан эрхлэгчид нь буудайгаа Засгийн газартаа өгчих, харин гурил үйлдвэрлэгч нь түүхий эдээ мөн л Засгийн газраас зохицуулалттай үнээр авчих. Ингээд үр дүнд нь агуулахад хэдэн тонноороо ялзарч үлддэг улаанбуудай эргэлтэд орно. Энэ жилийн ургацын урьдчилсан байдлаар 468 мянган тонн улаанбуудай хураан авч, 2013 оны тариалалтын үрэнд 47,3 мянга, улсын үрийн нөөцөд 8,3 мянга, тэжээлд 20 мянга, спиртийн үйлдвэрт долоон мянган тонныг зарцуулаад, гурилын үйлдвэрлэлд 386,4 мянган тонн буудай нийлүүлэх боломжтой гэлээ. Үлдсэнийг нь өмнөх жилийн хадгалж, хураасантайгаа нийлүүлээд лав 100 мянган тонн улаанбуудайг экспортод гаргах боломж бидэнд байна.
Засгийн газраас Тариалан эрхлэлтийг дэмжих санд хадгалагдаж байгаа хүнсний улаанбуудайг гадаад, дотоодын зах зээлд үнээр нь борлуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад даалгалаа. Хятад болон Дундад Азийн зарим орноос хүнсний улаанбуудай худалдан авах санал ч ирсээр байгаа юм байна. Дэлхийн олон оронд ган гачиг нүүрлэж, хүнсний хямрал тулсан энэ үед бидэнд олдсон том боломж нь энэ.
Гэхдээ Засгийн газарт зохицуулалт хийх шаардлагатай нэг асуудал байна аа. Гурил үйлдвэрлэгчид тариалан эрхлэгчдийн буудайг хямдаар үнэлээд, өгөхгүй болохоор нь Оросоос буудай авчихдаг нь нууц биш. Урамшууллыг нь хоёр дахин нэмчихсэн ийм үед тариаланчид буудайгаа улсдаа тушаах нь гарцаагүй. Харин гурил үйлдвэрлэгчид улсаас буудай авахгүй ээ гээд гэдийчих вий дээ. Тэгэхээр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн буудай нийлүүлдэг үнийг ч гэсэн нөхцөл байдалд нь тохируулаад зохицуулах хэрэгтэй болох нь. Өнгөрсөн зун үйлдвэрлэгчид буудайгүй гээд гурилын үйлдвэрлэлээ зогсоосон явдал гарч байсан. Буудайгүй болчихсон юм уу гэж Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас асуухад үгүй гэж байсан билээ.
Тэгэхээр одоо гурил үйлдвэрлэгч, төр хоёрын эргэх холбоог сайжруулчихвал монголчууд 100 хувь дотоодын гурил хэрэглэж, импортын бүтээгдэхүүнийг баяртай гэж болох нь.